Хоёроос дээш сонгогдсон гишүүд Ерөнхий сайдын бүсчилсэн хөгжлийн төсвийн бодлогыг унагаж, 78 гишүүн тус бүр 5 тэрбумын төсөв авахаар зүтгэж байна

469e04c9-ee81-41f1-8894-66f0b878b4f0Улс төрд ярьсан бүхэн биелэдэггүй нь харамсалтай. Ийм харамсалтай жишээнүүдийн нэгээр мега төслүүдийг шүтсэн бүсчилсэн хөгжлийн төсвийн бодлого тодорход бэлэн боллоо. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газраас анх удаа өргөн барьсан төсвийн төслийг УИХ дээр тойргоос сонгогдсон гишүүд завааруулахаар бэлдэж эхэлсэн байна. Орон нутгийн голдуу, хоёроос дээш сонгогдсон гишүүд үүнийг толгойлж тойргийн гишүүн бүрт 5, 5-н тэрбум төгрөг хуваарилахаар эрх гаргаж ирэх аж. Өөрөөр хэлбэл, аймаг бүрд 10 тэрбум төгрөг оногдох бөгөөд үүнийгээ гишүүд нь хувааж аваад 2025 оны төсөвт “хүслийн жагсаалтаа” оруулуулна гэсэн үг.

Үе үеийн Ерөнхий сайд нар улс төрд байгаа он цагтаа өөрийн гэсэн өв үлдээхээр зорьдог. Д.Бямбасүрэн гуай эдийн засгийн хүндийг туулсан. П.Жасрай гуай эдийн засгийг өндийлгөж “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэх алдарт үгээ хэлсэн. М.Энхсайханы нээсэн чөлөөт зах зээл, Н.Энхбаярын их өрийг дарж, мянганы замыг эхлүүлсэн зориг. С.Баярын “Оюу Толгой” гэх аварга төслийг хөдөлгөсөн явдал. Н.Алтанхуягийн аймгуудийг холбосон зам, бүтээн байгуулалтууд. У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийг эхүүлсэн зэрэг гээд бүгд л ямар нэгэн том ажил, реформуудыг үлдээсээр иржээ.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ч гэсэн ийм хэрэгцээ шаардлага бий. Шударга ёсны тэмцэл гэх нүдэнд үзэгдэж, биетээр үлдэх зүйлгүй юмны төлөө тэр гурван жил мөшгив. Ахиц дэвшил мэдээж бий. Гэхдээ түүний улс төрд үлдээхээр зүтгэж буй хамгийн том өв бол шинэ гучин жил. Шинэ гучин жилийн гол бодлого нь бүсчилсэн хөгжил билээ.

Гэтэл харамсалтай нь Л.Оюун-Эрдэнийн төсөөлсөн шинэ гучин жил, бүсчилсэн хөгжил нь анхны чуулган дээрээ л хад мөргөж, төсвийн бодлого нь алдагдах бололтой. Яг л хуучин гучин жил шигээ тойрог бүрд шавар амбаар барьж, хэрэгцээгүй тоног төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлэх дээрээ тулав.

Та бүхэн анзаарсан бол энэ төсвийн үеэр М.Нарантуяа-Нара, ИЗНН хоёрын цуврал драм, Шилэн дансны шил дараалсан дуулиан зэрэг “гадны нөлөөтэй” сенсацууд багагүй гарлаа. Өмнө нь бичиж байсан шиг энэ бол төсвийн асуудалд хэвлэл олон нийтийн анхаарлыг хандуулахгүй байх зорилготой “хөшиг” татах гэдэг улс төрийн акц.

Энэ хооронд хоёроос дээш сонгогдсон голдуу тойргийн гишүүд Засгийн газрын өргөн барьсан төсвийг задалж тойргийн таван тэрбумыг үүсгэхээр бэлтгэж байгаа аж. Үүнийгээ тэд эрүүл мэнд, боловсрол, соёл, хөдөө аж ахуй зэрэг салбаруудын зардлыг хасаж, тойргийн төсвөө шингээхээр төлөвлөж буй гэнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдынхаа том төслүүдийн мөнгөнөөс хусаж чадахгүй учраас ХҮН намын сайд тэргүүтэй ганц нэг сайдын төсвөөр тахил өргөнө гэсэн үг.

Учир нь хуулиараа УИХ төсөв хэлэлцэхдээ ЗГ-аас өргөн барьсан зарлагыг нэмэхгүйгээр батлах ёстой. Тойргийн 78 гишүүн тус бүрд 5 тэрбум төгрөг гэхээр багадаа 400 орчим тэрбум төгрөгийн орон зай гарах хэрэгцээ шаардлага үүсэх юм.

Энэ бэлтгэл ажил ч нэлээн шургуу хангагдаж байгаа бөгөөд гишүүд эхнээсээ эдгээр салбарын алдаа согогийг “түүгэнд” эхэлсэн. Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн пүрэв гарагт Төсвийн байнгын хороо дээр төсөв дагасан хуулиудыг унагаж сануулга өгөв. Асуудлыг нь босгох гэж таван удаа санал хураасан ч дийлэлгүй байнгын хорооны хурлаа хойшлуулсан юм. Энэ бол Засгийн газар, Сангийн сайдад өгч буй гишүүдийн бойкот гэхэд хол зөрөхгүй. Дагах хуулийг нь явуулахгүй байна гэдэг бол хэрвээ хүслийг нь биелүүлэхгүй бол Төсвийн хуулийг нь ч явуулахгүй шүү гэсэн цэвэр шантааж.

Тиймээс Сангийн сайдын хувьд ийм хэмжээний буулт хийж хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр тойргийн гишүүдийг “эрхлүүлэх үү” эсвэл кабинетын тэргүүнийхээ өргөн барьсан анхны бүсчилсэн хөгжлийн төсвийг хамгаалах уу гэдэг ацан шалаанд уначихлаа.

Ер нь жил бүр гишүүд тойрогтоо 3-4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санал өгдөг муу жишиг өмнөх парламентуудад тогтсон. Сангийн сайд нар ч ч үүнийг таслан зогсоолгүй өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн байх магадлалтай. Өнгөрсөн жил гэхэд л Н.Алтанхуяг гишүүнээс эхлээд энэ “төсвийн авлигын” талаар олон гишүүд ярьж, илчилж байв.

Хэрвээ үнэхээр төсөвт шаардлагагүй, тансаг хөрөнгө оруулалт, зардал байгаа бол түүнийг хасаж, данхайсан төсвийн зарлагыг бага ч гэсэн бууруулах ёстой. Үгүй бол өөрсдийнхөө эрх ашгийг шингээж тойрог руугаа татаж, бүсчилсэн хөгжлийн бодлогоос зөрсөн тооцоолоогүй тоног төхөөрөмж, цемент зуурч болохгүй.

Эцэст нь хэлэхэд, энэ долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний үлдээхээр зорьж буй бүсчилсэн хөгжлийн өв аль хүрч өндөрлөхийг хамтдаа харах л үлдлээ. Засгийн газар дийлэх үү, орон нутгийн чанартай тойргийн луугарууд дийлэх үү.

Г.Лхагвадорж

https://ubn.mn/p/68103



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих