Ирэх дөрвөн жилд аймаг, сумдыг орон сууцжуулна
Нийслэлийн гэр хорооллыг багасгаж, агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв шийдэл нь айл өрхийг орон сууцжуулах гэдгийг албаныхан ярьж буй. Энэ ч утгаараа Засгийн газраас 2024-2028 онд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамтай хамтран нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэ хүрээнд дөрвөн жилийн хугацаанд 150 мянга орчим айлыг орон сууцжуулах ажлыг хийх аж.
Ингэхдээ ипотекийн зээлийг ихээр санхүүжүүлэх юм байна. Ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд зориулж өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас 6.1 их наяд төгрөгийг зарцуулжээ. Жилийн зургаагаас гурван хувийн хүүтэй олгогдох болсон ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас энэ жил Хуримтлалын сангийн 500 тэрбум төгрөгийг энэхүү зээлд зориулан гаргасан. Гэсэн ч эрэлт хэрэгцээ хэвээр байгаа юм. Одоогийн байдлаар ипотекийн зээлийн хүү орон нутагт жилийн гурван хувь бол нийслэлд зургаан хувь байгаа. Дээр хэлсэнчлэн 2024-2028 онд 150 мянга орчим айлын орон сууцыг барихаар төлөвлөсний дийлэнх хувийг хөдөө орон нутагт түлхүү хэрэгжүүлэх юм байна. Тухайлбал, 21 аймагт ипотекийн зээлийн 50-иас дээш хувийг зарцуулах аж. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөдөөгийн сэргэлтэд чиглэсэн үйл ажиллагааг бодлогоор дэмжихээр төлөвлөсөн. Энэ хүрээнд тухайн аймгийн Засаг даргын ерөнхий төлөвлөгөөнд орон сууцжуулах хөтөлбөрийг тусгаж өгөх юм байна. Тодруулбал орон сууц барих дэд бүтэц, газрын асуудлыг шийдэх аж. Өөрөөр хэлбэл айл өрхийг орон сууцжуулах ажлын хүрээнд дан ганц нийтийн орон сууц бус амины орон сууцыг барихад мөн анхаарах юм байна. Амины орон сууц барих газрын дэд бүтцийг улсаас шийдэж өгөхөөр төлөвлөж байгаа ажээ.
Мөн амины орон сууц барих гэж буй иргэдийг 30 хүртэлх сая төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байх шаардлагыг тавих аж.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих