ЦЕГ: Талийгаачийн үхлийн шалтгааныг дахин шалгуулна

66a1a53f20ef8a630ddbd20b-1-810x500Хорих 461-р ангид хоригдож байгаад улмаар эмнэлэгт хүргэгдэн нас барсан иргэний талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2024.07.25/ мэдээлэл хийлээ.


ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр:

-Юуны өмнө талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай эрэгтэй О нь 2024 оны долдугаар сарын 23-ны өдөр нас барсан хэргийн талаар мэдээлэл өгье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5 зүйлд зааснаар прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд та бүхэнд мэдээлэл өгнө. Цагдаагийн байгууллагад 2024 оны долдугаар сарын 23-ны өдрийн 11.23 цагт Улсын гуравдугаар эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 2024 оны долдугаар сарын 22-нд хорих 461 дүгээр ангиас биеийн байдал хүнд хүн ирлээ гэх дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу нийслэлийн Баянгол дүүргийн Хоёрдугаар цагдаагийн хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна.

Талийгаач О нь Эрүүгийн хуульд заасан таван гэмт хэрэгт долоон холбогдогчтой 53 хэргээс 10 үйлдэлд яллагдагчаар татагдан шалгагдаж байсан.

Цагдаагийн байгууллагаас 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс анх олж тогтоон прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан.

Талийгаач О нь 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Авлигатай  тэмцэх газарт гомдол гаргасны дагуу тус газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг тогтоохоор мөрдөн шалгаж байна.

Талийгаач 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс эхлэн цагдан хоригдож байх хугацаандаа 2024 оны долдугаар сарын 12-ны өдрөөс хэвлий хэсгээр өвдөлт үүсч, нуруу өвдөж байна гэх эрүүл мэндийн шалтгаанаар 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Мөн 2024 оны долдугаар сарын 22-ны өдөр бие нь муудаж, Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлэгт ирж, долдугаар сарын 23-нд цөсний шалтаант нойр булчирхайн цочмог үрэвсэл, үжлийн шок, амьсгалын гачаалал хам шинж зэрэг эмнэлгийн байгууллагын урьдчилсан оноштойгоор нар барсан.

Цагдаагийн байгууллагаас талийгаачийн үхлийн шалтгааныг дахин шалгуулахаар шинжээч эмчийг томилон ажиллаж байна.

Хорих 461 дүгээр ангид эрүүл мэндийн байгууллагаас хоригдогчдын биед 16 удаагийн үзлэг хийсэн байдаг. Талийгаачийг 2024 оны нэгдүгээр сарын 29-нд эрэн сурвалжилж тогтоосон нэг албан хаагч байсан. Тэр албан хаагч мэдүүлэг авч, харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байгаа.

"ТАЛИЙГААЧ 10 ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙСНААС 9 НЬ ХУЛГАЙН ХЭРЭГ БАЙСАН"

Мөрдөн байцаах албаны Дэд, дүн шинжилгээ үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр:
-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хуульд заасан үндэслэл журмын дагуу хүний эрх зөрчигдсөн, эрүүл мэндэд хохирол учруулсан эсэх асуудлаар мөрдөн шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай холбоотой асуудалд албаны шалгалтыг явуулж байна. Эндээс алба хаагчид сахилга, ёс зүйн зөрчил дутагдал гаргасан эсэх асуудлыг шалгаж байна.
Алба хаагчид өнөөдөр албан үүргээ гүйцэтгэж байгаа.
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гомдол мэдээлэлд талийгаач О нь 2023 оны арваннэгдүгээр сараас эрэн сурвалжлагдаж байсан. Талийгаач өмнө нь хоёр удаа ял шийтгэж, нэг удаа зөрчлийн арга хэмжээ авхуулж байсан. Цагдаагийн байгууллагын хэмжээнд нийт долоон холбогдогчтой 53 хэргийг нэгтгэн, мөрдөн шалгаж байгаа хэргүүд дээр шалгагдаж байсан.
Өнөөдрийн байдлаар 10 хэрэгт яллагдагчаар татагдан байцаагдаж байсан нь тогтоогдсон.
Нэг хэрэг нь Эрүүгийн хуульд заасан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг байсан бол бусад есөн хэрэг нь хулгайлах гэмт хэрэг байсан. Цаашид мөрдөн шалгах ажиллагаагаар бусад асуудал тодорхой болно. Бид Авлигатай тэмцэх газрын өмнөөс мэдээлэл өгөх боломжгүй гэв.


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих