Трамвай замаасаа гарч, дэлгүүр "хэсэв"
Норвегийн Осло хотод трамвай замаасаа гарч, дөрвөн давхар барилга мөргөжээ. Уг барилга нь утас, компьютер худалдааны төв байсан бөгөөд ослын улмаас их хэмжээний хохирол учирчээ. Мөн жолооч болон өөр гурван хүн гээд нийт дөрвөн хүн хөнгөн бэртсэн байна.
Галт тэрэг Осло хотын галт тэрэгний төв буудлын ойролцоох Сторгатагийн уулзвар дээр 20 орчим хүнтэй зорчиж яваад, замаасаа гарчээ. Гэрчийн хэлж буйгаар трамвай замаасаа хазайн, дэлгүүрийг чиглэсээр өндөр хурдтайгаар иржээ. Трамвай зүүн эргэх ёстой байсан ч чигээрээ урагш явсаар дэлгүүр рүү цөмлөн орсон байна.
Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Норвегийн Аюулгүй байдлын мөрдөн байцаах албаныхан мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлэх бөгөөд одоогоор барилгыг нүүлгэн шилжүүлээд байна. Мөн трамвайн жолоочийг сэжигтнээр татав.
Осол гаргасан трамвай нь Спорвейен операторын тээврийн хэрэгсэл юм. Спорвейен оператор нь Осло хотод трамвай болон метро ажиллуулдаг. Трамвайн систем нь жилд 50 сая орчим зорчигч тээвэрлэдэг ажээ.
ЭХ СУРВАЛЖ: EURO NEWS
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих