Сонгуулийн пиар солиорол болов

otgontugs-810x500Энэ удаагийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ -ын сонгуульд өрсөлдөж буй лайвчид солиоруулж байна.  Тэд “Зүв зүгээр бордюрыг Х.Нямбаатар ба түүний багийнхан хуулж авч, өндөр үнээр бордюраа шахаж байна” гэх PR хийн шуугиулав. Лайвчдын хийж буй мэдээллээр нэг ширхэг бордюр Хятадад 40 юань буюу 19 мянган төгрөгийн үнэтэй аж.

Гэтэл дээрх дуулианы мөрөөр сэтгүүлч сурвалжлага хийтэл Эрээн хотод нэг ширхэг бордюр 65-80 юань байх жишээтэй.  Лайвчдын шуугиулснаас хоёр дахин өндөр үнэтэй байгаа юм. Үүн дээр тээврийн зардал, гаалийн татвар зэрэг орохоор үнэ өртөг өснө. Гэвч үнэнийг худал болгож, худлыг ч үнэн болгох “шид”-тэй тэдний хувьд нийгэмд дуулиан тарьж, өөрсөд дээрээ олны анхаарлыг татах нь л чухал. Тэр л жишгээр О.Отгонтөгс тэргүүтэй лайвчид давшилтаа тун амжилттай үргэлжлүүлж байна.

Хамгийн эмгэнэлтэй нь, тэдний энэ мэт увайгүй үйлдлийн ард албан тушаалд очих, ардах эзнийхээ хүслийг биелүүлэх гэсэн цор ганц эрх ашиг л бий.  Нэг их ард иргэдийн амьдралыг бодоод нийслэлийг хөгжүүлэх гээд улайраад байгаа юм биш шүү дээ.

Ажил хийж үзээгүй лайв, шантааж хийж амьдралаа залгуулж ирсэн тэдний хувьд НИТХ-д сонгогдоод ажил хийнэ гэж бодож байна уу, үгүй шүү дээ. Харин ч дотор нь ороод авбал жинхэнэ бусниулна.  Тэр жишгээр манай цогтой эх орончид УИХ-д их олон жил сонгогдож, улсаа мөн ч их хорлосондоо. УИХ-ын гишүүн Х.Баттулгаас эхлээд С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн асан Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун гээд нэрлэвэл бас л хөөрхөн урт жагсаалт хөвөрнө.  УИХ-д энэ мэт хуурамч эх орончид олон сонгогдсон. Ярьж байгаа зүйл нь үнэхээр ард түмний төлөө юм шиг. Гэтэл нидэр дээрээ өөрсдийгөө албан тушаалд томилуулах гэсэн, ах дүү амраг садандаа албан тушаал авч өгөх гэсэн амин хувийн эрх ашгаар л улс төр хийсэн байдаг.  Монголыг хорлосон үйлдлүүд ч  бий.  Гадаадын хөрөнгө оруулалт үргэснээс эхлээд одоог хүртэл Монгол Улс эрчим хүчний тусгаар тогтнолоо олж авч чадаагүй нь албан тушаал горилсон, хувийн эрх ашгаа тэргүүнд тавьсан, бусдын гар хөл болсон улстөрчдөөс л болж хохирсон.

Одоо орон нутгийн сонгуулиар ийм нэг хувийн эрх ашгаа тэргүүнд тавьсан, эзнийхээ даалгаврыг биелүүлэх гэсэн нэр дэвшигчид гарч ирвэл нийслэлийг хөгжүүлнэ лөөлөө. Төмөр замын төсөл, Тавантолгой төсөл дээр Х.Баттулга ба түүний багийнхан шантааж хийн, гацааж байсан шиг нийслэл дээр хэрэгжүүлэх том төслийг гацаана л гэсэн үг. НИТХ-ын сонгуульд ач холбогдол өгдөггүй байсан Х.Баттулга энэ удаагийн орон нутгийн сонгууль тэр тусмаа Улаанбаатар хотод ач холбогдол өгөв. Том төслүүд хөдлөх болохоор тэр.

Тиймээс нийслэлчүүд сонголтондоо эзэн нь байж, ажил хийх, ачаа үүрэх, хариуцлага хүлээх ёс зүйтэй хүмүүст л итгэл үзүүлдэг юм шүү. Хэрэв зөв сонголт хийж чадахгүй бол утаатай, түгжрэлтэй Улаанбаатартаа амьдарсаар л байх болно.

Г.ХОРОЛ

https://news.mn/r/2754805/



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих