Орчуулагч Н.Ганбатын хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх хэргийг ЦЕГ-аас шалгаж эхэлжээ
Орчуулагч Н.Ганбат бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй мэдээллийг хохирогч иргэн өөрийн цахим хуудастаа байршуулсан юм. Тэрбээр өөрт тохиолдсон уг явдлаа нийтлэн, олон нийтээс Н.Ганбат гэх хүнээр орчуулга хийлгэхгүй байх, олон нийтийн арга хэмжээнд урихгүй байхыг хүссэн юм.
Тодруулбал, "Ганбино буюу орчуулагч, кино сонирхогч Ганбат гэдэг хүнээр аливаа номын орчуулга хийлгэж, кино уран бүтээл, өдөрлөгүүдэд оролцуулахгүй байхыг та бүхнээс хүсэх эрх надад бий гэж үзсэн тул үүнийг бичиж байна.
Ганбино гэдэг хүнтэй би арван найман настай байхдаа ‘Хэлээ гарга’ номынх нь тухай ярилцахаар очоод бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Ярилцлагын үеэр надад ‘Спорт үзэх дургүй, хэтэрхий хүчирхийлэлтэй санагддаг’ гэж хэлж байсныг нь би одоо ч санадаг. Тэр ярилцлага хичээлийн даалгавар байсан учраас намайг хүчирхийлсэн хүний яриаг цаасан дээр буулгаад, багшдаа үзүүлээд дүн авч байсан тэр мөчөө одоо бодохоор дотор харлаж байна. Тэр үед би хүчирхийлэлд өртсөн гэдгээ өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөхгүй нь тулд бүх л аргаа хэрэглэсэн. Дагуулж орсон буудлаас нь зугтаж гармагцаа амиа хорлох гэж оролдсон тэр бага жаахан хүүхдийг өрөвдсөндөө хүмүүсээс ийм зүйл гуйхаар бичиж байна. Тэр хүн орчуулсан болохоор би зарим номыг харж ч чаддаггүй. Уг нь би өөрөө уран зохиолын мэргэжилтэн учраас бас уншмаар л байна шүү дээ. Гэтэл нүүрэн дээр нь тэр хүний нэрийг бичиж, агуу их орчуулагч мэтээр цоллочихсон номыг би яаж сөхөж унших билээ. Кинонд дуртай, өдөрлөгүүдээр очмоор байвч тааралдах вий гэсэн айдас намайг хүлээд байдаг. Ер нь агуу мундаг гэсэн гуншинтай нөхдүүдээс үг дуулна гэж горьдсон юм юмны захыг гадарлахгүй охид доромжлуулаад энэ салбарт ажиллах, хийж бүтээх хүсэлгүй болсон тохиолдол дэндүү олон. Тэр үед болсон бүхнийг би давтан давтан бодож, яагаад би тийм зүйл болохоос өмнө явчихаагүй юм бэ гэж өөрийгөө шүүдэг байсан. Тэр хөгийн амьтан намайг дурласан залуудаа хаягдсаныг мэдчихсэн болохоороо тэрнийг байн байн ярьж, удахгүй дуудаад надтай уулзуулах юм шиг дүр эсгэсээр намайг согтоосон гэдгийг, тийм арга хэрэглээд байсныг сүүлд ухаарсан. Ийм хүнээс болж би ном унших, кино сонирхож хайрлах, салбартаа мөрөөрөө ажиллах замаа хазаарлуулмааргүй байна. Одоо ч хэцүү байна. Тиймээс ахиж нэг ч уран бүтээлд гар дүрж бузарлахааргүй болгооч гэж гуйя" хэмээн нийтэлсэн юм.
Тэгвэл тухайн асуудлыг ЦЕГ-аас шалгаж эхэлсэн талаар тодруулахад, "Иргэн Н.Ганбатын мэдээллийг цагдаагийн байгууллагаас бүртгэлжүүлэн шалгаж эхэлсэн, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих