Агаарын бохирдолтой тэмцэж буй дэлхийн ТУРШЛАГА
Дэлхийн хотуудын агаарын чанарын индексийг цаг мөч тутамд алдалгүй мэдээлдэг “IQ Air” цахим хуудаснаас харахад Энэтхэгийн нийслэл Шинэ Делид агаарын бохирдол хамгийн аюултай түвшинд байна. Агаарын бохирдлоороо аюулын харанга дэлдэж буй эхний таван хотоор Шинэ Делигийн араас Пакистаны Лахор, Бангладешийн Дака, Энэтхэгийн Колката, Ганын Аккраг нэрлэжээ. Харамсалтай нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар эдгээр хотоос дутахгүй дээгүүр байр эзэлж, зургадугаарт бичигдсэн байна. Энэ бол Даваа гаригийн /2024.12.16/ 17:00 цагийн байдлаарх үзүүлэлт.
Тус цахим хуудас нь агаарын чанарын индексийг мэдээлэхдээ зургаан түвшинд хувааж авч үздэг. Тодруулбал, 0-50 бол агаарын чанар сайн, 51-100 бол дунд зэрэг, 101-150 бол эмзэг бүлгийнхэнд эрүүл бус, 151-200 бол эрүүл бус, 201-300 бол нэн эрүүл бус, 301-ээс дээш бол аюултай гэсэн ангилалд багтана.
Дээрх хотуудын тоон үзүүлэлтийг нарийвчлан дэлгэвэл:
- Шинэ Делигийн агаарын чанар 368 буюу аюултай түвшинд
- Лахорын агаарын чанар 257 буюу нэн эрүүл бус түвшинд
- Дака хотын агаарын чанар 168 буюу эрүүл бус түвшинд
- Колкатагийн агаарын чанар 167 буюу эрүүл бус түвшинд
- Аккрагийн агаарын чанар 167 буюу эрүүл бус түвшинд
- Улаанбаатар хотын агаарын чанар мөн 167 буюу эрүүл бус түвшинд байна.
Тэгвэл эдгээр хотууд агаарын бохирдолтой тэмцэх хүрээнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг дурдъя.
Энэтхэгийн нийслэл Шинэ Делид агаарын чанар Монголтой нэгэн адил өвлийн улиралд улам дорддог. Деличүүд “Шаталсан хариу арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу агаарын бохирдолтойгоо тэмцэж байна. Энэ төлөвлөгөө нь бохирдлын хэмжээ нэмэгдэхийн хэрээр өөрчлөгдөж, арга хэмжээ нь улам хатуу болдог. Тухайлбал, агаарын бохирдол нэн аюултай түвшинд хүрсэн тохиолдолд дизель хөдөлгүүрээр ажилладаг тээврийн хэрэгсэлд хязгаарлалт тавьж, зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй болон “CNG” эсвэл “BS-VI” дизель автобусыг зөвшөөрдөг. Мөн барилгын үйл ажиллагааг хязгаарлана.
Сургалтын хөтөлбөрүүд холимог загварт шилждэг. Энэ нь хүүхдүүдийн боловсролыг тасалдуулахгүй байхын зэрэгцээ аюулгүй байдлыг нь хангах зорилготой арга хэмжээ юм.
Мөн хувийн автомашины хэрэглээг багасгахын тулд нийтийн тээврийг сайжруулах, сурталчлах, тоосжилтыг дарах, мод тарих, үйлдвэрлэлийн ялгарлыг хянах зэргийг багтаасан 21 зүйл бүхий төлөвлөгөөг одоогоор дагаж мөрдөж байна.
Пакистаны Лахор хот агаарын бохирдолтой тэмцэхийн тулд хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлжээ. Нэгдүгээрт, Ногоон түгжрэл буюу бохирдлын голомт болсон газруудын иргэд гэрээсээ ажиллах, зам талбайг усаар шүрших зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Хоёрдугаарт, Лахор хотын захиргаа Шинжлэх ухаан, технологийн үндэсний их сургуультай хамтран утаа цэвэрлэх цамхагуудыг байршуулжээ. Эдгээр цамхаг нь агаар дахь хорт тоосонцорыг шүүх зориулалттай. Гуравдугаарт, утааны ялгарлыг хянах системээр тоноглогдоогүй бол ил задгай хоол хийхийг хориглох, арилжааны зориулалтаар хоол бэлтгэхдээ нүүрс, мод зэргийг түлэхгүй байх зэрэг үйл ажиллагааны зохицуулалтуудыг хийсэн байна.
Харин хууль эрх зүй, бодлогын арга хэмжээний хүрээнд үйлдвэрлэлийн хорт утаа, хууль бус барилгын үйл ажиллагаа зэрэг бохирдлыг үүсгэгч үйл ажиллагааг идэвхтэй таслан зогсоож байна.
Бангладешийн Дака хот нэн тэргүүнд Агаарын чанарын удирдлагын үндэсний хөтөлбөр гэх зүйлийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь бохирдлыг үндсэн эх үүсвэрээс нь арилгах, агаарын чанарын хяналтыг сайжруулах, зохицуулалтын хэрэгжилтийг сайжруулах юм. Хөтөлбөрийн хүрээнд аж үйлдвэр, зам тээвэр, хот байгуулалт зэрэг салбарт цэвэр технологийг түлхүү ашиглахыг сурталчилж байна. Цэвэр технологийг сурталчлахдаа агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, тогтвортой дадал хэвшлийн ач холбогдлын талаар хүн амд таниулах кампанит ажил өрнүүлж байна.
Автомашины утааг бууруулах хүчин чармайлтын хүрээнд хувийн тээврийн хэрэгслийн тоог багасгаж, автобус, галт тэрэг, рикша зэрэг нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг дэмжиж байна.
Энэтхэгийн Колката хотын тухайд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь ерөнхийдөө нийслэл Шинэ Делитэй төстэй. Үүн дээр нэмж дурдвал, хортой болон хоргүй төрөл бүрийн хог хаягдлыг ил задгай шатаахыг хоригложээ. Мөн агаарын бохирдолд асар их нэрмээс болдог гурван дугуйт машинуудын хэрэглээг хориглосон байна.
Агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд “тэргүүлж” буй хотуудын дийлэнх нь Ази тивд байна. Эдгээрийн дунд баруун Африкийн Гана улсын Аккра хот багтсан. Тус хот мөн Агаарын чанарын удирдлагын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд бохирдлын халуун цэгийг тодорхойлж арга хэмжээ авах, хог хаягдлыг ил задгай шатаахыг хориглох зэрэг арга хэмжээ авч байна.
Мөн “Амьсгалдаг хотуудын санаачлага” гэх дэлхийн хэмжээний хөтөлбөрт Аккра нэгджээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд агаарын чанарын 60 жижиг мэдрэгч, бохирдлын хэмжээг хянах өндөр нарийвчлалтай гурван төхөөрөмж суурилуулжээ. Хөтөлбөрийн эцсийн зорилго нь 2030 он гэхэд агаарын бохирдол, хорт нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 30 хувиар бууруулах явдал юм.
Хог хаягдлын буруу менежментээс үүдэлтэй бохирдлыг хязгаарлах зорилготой төсөл мөн хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд органик бордоогоор дамжуулан хог хаягдлаа шатаах, дахин боловсруулалтыг дэмжих, цэцэрлэгт хүрээлэнг хөгжүүлэх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлдэг.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих