“Трафигура” дараагийн Жононбаярыг хайж байна

image-905a1ad2-a33e-42b5-8c27-db95fb68ce37“Трафигура” групп таван жилийн хугацаанд Монгол дахь салбартаа 1.1 тэрбум ам.доллар алдаж, “Трафигура Монгол” компанийн захирал Э.Жононбаярыг чөлөөлсөн гэсэн мэдээлэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.
“Трафигура” группын Сингапур дахь оффисоос “Трафигура Монгол” компанийн үйл ажиллагаанд өнгөрсөн жил дотоод хяналт шалгалт хийсэн бөгөөд тус шалгалтаар 1.1 тэрбум ам.долларын зөрчил илэрсэн байна. Гаднын хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлж буйгаар алга болсон 1.1 тэрбум ам.долларын тал нь Э.Жононбаярын эзэмшлийн “Лекс ойл” компанитай хамаатай байгаа бол үлдсэн 500 сая ам.долларын эх үүсвэрийг юунд зарцуулсан талаарх хяналт шалгалт үргэлжилж байгаа гэжээ.
Трафигура Монголы шатахууны хэрэглээний 30 хувийг хангадаг
“Трафигура Монгол” компани 2012 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 12 жилийн хугацаанд Монголын шатахууны хэрэглээний 30 хувийг нийлүүлдэг болтлоо өргөжсөн байна. Үүнээс гадна “Трафигура"-гийн Э.Жононбаяр Монголын Үндсэн хуулийн Цэц, УИХ, Засгийн газрын шийдвэрт нөөлөөлдөг болтлоо томорч, УИХ-д албан бус бүлэгтээ болтлоо хөлжсөн. Энэ нь нефтийн дайвар бүтээгдэхүүний онцгой албан татвартай холбоотой Цэцийн дүгнэлт, УИХ-ын шийдвэрээр батлагддаг. Монголд нефтийн завсрын бүтээгдэхүүнийг татваргүй оруулж ирж, холисон шатахуун борлуулдаг гэдгээр нь монголчуудад танил болсон.
Тэгвэл Э.Жононбаяр гэгч нь толгой компаниасаа 1.1 тэрбум ам.доллар завшсан нь илэрч, “Трафигура Монгол” компанийн захирлаасаа чөлөөлөгдөж, хөрөнгө оруулагчид нь дараагийн Жононбаярын эрэлд гараад байгаа аж. Цаашлаад Монгол дахь "Трафигура"-ийн үйл ажиллагаанд оролцох сонирхолтой эрхмүүд Э.Жононбаярыг хөрөнгө оруулагчдад нь матсан гэх яриа ч улс төрийн хүрээнд гараад байна.
Э.Жононбаярын оронд “Трафигура Монгол” компанийн захирлаар очих хүсэлтэй хүмүүс манайд цөөнгүй байгаа бөгөөд “Трафигура” группын Сингапур дахь төв оффист очиж уулзалтууд хийсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Гадаад харилцааны дэд сайд асан Б.Мөнхжин болон Худалдаа, хөгжлийн банкны Олон улсын банкны газрын захирал Д.Бадруун тэргүүтэй хүмүүс “Трафигура Монгол” компанийн захирал болох хүсэлтээ илэрхийлжээ. Монголын томоохон бизнесменүүд болон нэр дурдсан хүмүүс ойрын үед “Трафигура” группийн Сингапур дахь оффист очиж уулзалтууд хийж байгааг манай нефтийн салбарын төлөөллүүд хэлж байна.
Б.Мөнхжин гэж хэн бэ
Б.Мөнхжин нь Гадаад харилцааны яаманд 2008 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Гадаад бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан юм. Ингээд 2020 оны долдугаар сард Гадаад харилцааны дэд сайдаар томилогдон 2022 оны арваннэгдүгээр сар хүртэл ажилласан байдаг. Харин одоо тэрээр төрд ямар нэгэн албан тушаал хашаагүй байгаа юм. Тэрээр хамгийн сүүлд 2021 онд дэд сайдаар ажиллаж байхдаа хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т өгч байсан бөгөөд тухайн үед тэрээр ямар нэгэн компанид хувь эзэмшдэггүй гэж мэдүүлжээ.
Д.Бадруун гэж хэн бэ
Худалдаа, хөгжлийн банкны Олон улсын банкны газрын захирал Д.Бадрууны талаар мэдээлэл хомс байгаа юм. Түүний аав Л.Дашдорж Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар арилжааны томоохон банкууд “Трафигура” группийн Монгол дахь салбарыг удирдах сонирхол өндөр байгаа аж.
Э.Жононбаярын мөнгө завшсан хэрэг мандахтай зэрэгцээд дараагийн Жононбаяр болох хүсэлтэй эрхмүүд толгой компанийнхантай уулзалтууд хийгээд хэдийнээ эхэлжээ. “Трафигура” групп Э.Жононбаярын “Лекс ойл” компанийн хөрөнгийг авлагадаа авч дараагийн трэйдер компанитайгаа гэрээ хийж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх нь цаг хугацааны асуудал болов.
https://itoim.mn/a/2024/12/17/society/kmu?79b2bade893d0758ff0febb8798385a3


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих