ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал: Өнгөрсөн жил салхи ихтэй байсан тул агаарын бохирдол бага байсан
Улсын Онцгой Комиссын шуурхай хурал өнөөдөр болж өвөлжилтийн бэлэн байдал, цаг агаарын нөхцөл байдал, агаарын бохирдол зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Энэ үеэр Цаг уур, орчны шинжилгээний газар/ЦУОШГ/-ын дарга Л.Оюунжаргал агаарын чанарын талаар дараах мэдээллийг өглөө.
Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтүүдийг хэмжихдээ Нийслэлээс зургаа, ЦУОШГ-аас 13 цэг дээр PM 2.5, PM 10, хүхэрлэг хий, азотын давхар исэл, угаарын хий, азон зэрэг зургаан элементийг хэмждэг аж.
ЦУОШГ-аас 2019-2020 онд эдгээр бохирдуулагч бодисуудын хэмжээ маш сайн буурсан гэж үзэж байгаа бөгөөд хүхэрлэг хий 2021 оноос хойш бага зэргийн бууралттай байна гэв.
Манай улс Америк, Хятадын агаарын чанарын индекс тодорхойлдог аргачлалаар агаарын индексийг гаргадаг бөгөөд цаашлаад Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-ын зөвлөсөн стандартыг ашиглах тал дээр ажиллаж байгаа. Хүлцэх хэмжээг өөрчилнө гэв.
Тэрбээр "Өнгөрсөн 11, 12-р сард цаг агаар тогтворгүй, салхи ихтэй өдрүүд байсан учир агаарын бохирдол багатай байсан. Энэ жилийн арванхоёрдугаар сарын хувьд хүйтэн, салхи багатай өдрүүд үргэлжилж байна. Үүнээс үүдэж хотгор газрын хүйтэн агаарын хуримтлалтай холбоотойгоор агаар бохирдуулагч бодисын хуримтлал мөн нэмэгдсэн байна" гэв.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих