Монголын эдийн засаг уул уурхай дагасан, эмзэг хэвээр байна

97ad55f3468055ec8e1290671bf152022ff077e52023 онд уул уурхайн салбар өсөлттэй буюу түүхий эдийн экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Нийтдээ 8.9 тэрбум ам.долларын үнэ бүхий 70 сая тонн нүүрс экспортлосон бөгөөд энэ нь 2022 онд экспортлосон нүүрсний хэмжээнээс хоёр дахин их юм. 2022 оны төгсгөлд үндсэндээ 36 сая тонн нүүрс борлуулсан нь 2014 оноос хойшхи хамгийн өндөр дүн болоод байсан юм. Харин 2023 онд 67 сая тонн чулуун нүүрс, 3 сая тонн хүрэн нүүрсийг БНХАУ-аас гадна Сингапур, БНСУ-д руу бага хэмжээгээр экспортлосон нь энэ зах зээл дэх чухал үйл явдал болсон билээ.

Үүнийг дагаад 2023 онд Монгол Улсын эдийн засаг долоон хувиар өссөн дүнтэй гарч байв. 2024 оны эхний улиралд эдийн засаг 7.8 хувийн өсөлттэй байсан нь өмнөх жилийн нүүрсний экспортын борлуулалт өндөр байсантай шууд хамааралтай. Харин энэ оны хоёрдугаар улиралын төгсгөлд нүүрсний экспорт 39.4 сая тоннд хүрсэн боловч зах зээл дэх үнэ буурснаас шалтгаалж үндсэндээ өмнөх жилийнхээс 40 хувь илүү экспортлосон нүүрсний үнэ өмнөх оны мөн үетэй орлогын хэмжээ ижил байсан юм.

2023 онд нүүрс тонн тутам нь 163 ам.долларт дүйж байсан бол энэ онд 110 ам.доллартай тэнцсэн нь эдийн засгийн өсөлт буурахад нөлөөлөв.

Нөгөөтэйгүүр, өнгөрсөн онд төлбөрийн тэнцэл болон урсгал дансны тэнцэл уул уурхайн экспорт эрчимжиж, түүхэн дээд хэмжээндээ хүрсэнтэй холбоотой өндөр ашигтай гарсан бол энэ оны эхний хагаст алдагдалтай гарсан байна. Эдийн засгийн сэргэлт, олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнийн өсөлт, түүхэн дээд түвшинд хүрсэн нүүрсний экспортын нөлөөгөөр урсгал дансны болон төлбөрийн тэнцэл 2023 онд харгалзан 121.3 сая ам.доллар, 1.457 сая ам.долларын ашигтай гарч байжээ.

Харин 2024 оны эхний 6 сарын урьдчилсан гүйцэтгэлээр урсгал дансны алдагдал болон Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн 4.5 тэрбум юанийн эргэн төлөлт зэрэг томоохон гүйлгээнүүд нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж, 57.3 сая ам.долларын алдагдалтай гарсныг Тогтвортой байдлын тайландаа дурджээ.Чулуун нүүрсний экспортын хилийн дундаж үнэ буурсан ч экспортын биет хэмжээ өсөж, зэсийн баяжмал, алтны хилийн дундаж үнэ, биет хэмжээний өсөлтийн улмаас экспортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар өсөв.

Манай улсын экспортын гол түнш БНХАУ-ын эдийн засаг болон түүхий эдийн эрэлтээс уул уурхайн түүхий эдийн экспорт болон гадаад валютын орох урсгал өндөр хамааралтай хэвээр байна.

2024 оны төгсгөл гэхэд 75-80 сая тонн нүүрс экспортлох зорилт манай улсад бий. Гэвч нүүрсний үнэ цаашид унавал эдийн засгийн өсөлт ирэх онд ч буурах нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл уул уурхай дагасан эдийн засаг маань эмзэг хэвээр байна.

Т.БАТСҮРЭН

https://eguur.mn/540836/



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих