Нийслэлийнхнийг тэнгэр харж, зам засварын ажлыг зогсоолоо

Нийслэлийнхнийг тэнгэр ивээж зам засварын ажил зогслооӨнгөрсөн хоёр хоногт үргэлжлэн орсон цасны улмаас зам засварыг ажлыг зогсоож, ирэх хавар үргэлжлүүлэхээр болсныг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээлэв. Гэхдээ энэ шийдвэр тийм амар гарсангүй.

Тодруулбал, Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг өнгөрсөн баасан гаригийн орой хааж, авто замын засвар шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Энэ явцад замын тэгш байдал алдагдаж, долгион үүссэнийг иргэд олон нийтийн сүлжээнд зураг хөрөгтэй нь тавьж, шүүмжилсний дараа Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү, НЗХГ-ын дарга Б.Одбаяр болон бусад эвэртэн туурайтангууд газар дээр нь ажиллажээ. Замын хөлдсөн эсэхийг нүдээр үзэж, гараар имэрч, шүдээр мэрсний эцэст энэ шийдвэрт хүрчээ.

Ингэснээр өнгөрсөн найм, есдүгээр сард хичээл сургуулийн ажилтай давхцан эхэлж, бүтэн хоёр сар нийслэлчүүдийг гацаасан зам засварын ажил арай гэж зогслоо. Нэг ёсондоо нийслэлчүүдийг тэнгэр ивээлээ.

Харин Замын хөгжлийн газрын даргын хувьд овойж, товойгоод хөлдчихсөн замынхаа "тэгш бус байдал, үүссэн долгионыг" (бас их гоёоор хэлнэ ээ, тэрийгээ) засах хүндхэн ажил үлдлээ. Хэрэв нар гарвал, цас орохгүй бол засна даа л гэсэн байна. Гэвч өдийд нар гарлаа гарлаа гээд өдөртөө ч нэмэх хэм рүү орохоо больсон хойно юу л бол.

Ер нь бол шөнөдөө хасах хэм рүү орсон үед зам засварын ажил хийж болдоггүй гэдгийг зам тавьж байгаа компаниуд бол мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч хотын дарга Х.Нямбаатар "11 дүгээр сард багтаж зам засварын ажлыг дуусгана" гэж муйхарласаар байгаад хүний хөдөлмөр, төсвийн хөрөнгөөр тоглоод дуусгаж байгаа нь энэ ажгуу. Зам засах ч гэж дээ, байгаа зам дээрээ өнгөн хучилт хийгээд тэр нь хүйтэнд барьцалдахгүй хаван үүсээд, хонхойж гүдийгээд хөлдчихсөн л хэрэг шүү дээ.

Гэхдээ муу юманд ч сайн тал бий гэдэг. Хэрвээ Энхтайвны гүүрнээс шавж эхэлсэн цемент нь шөнөдөө хөлдөөд дошийчихоогүй бол Х.Нямбаатар дарга ирэх сарын 1 гэхэд зам байтугай Зайсангийн хуучин гүүрийг нураагаад, жинхэнээсээ "цусыг нь холих" байлаа. Одоо хоёр эгнээ гүүрэн дээрээ багтахгүй байгаа Зайсангийнхан нэг гүүрийг нь нураачихвал бүтэн баларна биз дээ. Аз болж тэнгэр хангай нийслэлчүүдийг ивээж, зам засварын ажлыг ирэх хавар хүртэл зогсоов шүү. Эсвэл "гүүрийн ажил тусдаа" гэж зүтгээд нэгмөсөн "цусыг нь холих" хүн юм болов уу?!

Б.ЗАЯА

https://www.inews.mn/a/39706



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих