Neuralink-ийн тархины суулгацад асуудал үүсжээ

171574633966442605db5a8НЬЮ-ЙОРК, 2024 оны тавдугаар сарын 15 /new-science/. Илон Маскийн “Neuralink” компани 29 настай, саажилттай Ноланд Арбо гэдэг залууд тархины чип суулгасан тухайгаа энэ оны 3 дугаар сард мэдээлж байсан билээ. Тус компани чипээ өвчтөнд суулгаснаас хойш 100 хоногийн дараа суулгацын программ хангамжийн шинэчлэлийг саяхан гаргасан байна.

Чипийн ажиллагааг хурдасгахын тулд шинэчлэлт хийх шаардлагатай болсон гэж тус компани мэдэгдсэн боловч үнэн хэрэгтээ өөр асуудал үүссэн байжээ.

Neuralink-ийн блогт бичсэнээр бол чипийн зарим электродын холболт нь салсны улмаас импульсийн унших хурд нь саарчээ. Тиймээс программ хангамж ашиглан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон тул мэргэжилтнүүд чипийн шинэчлэлийг гаргасан байна. Одоо тархитай холболт нь салаагүй үлдсэн электродууд илүү ачаалалтай ажиллаж байгаа ажээ. Чипийн шинэчлэлийг гаргаснаар үр дүнд хүрэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Чипийн электродууд өвчтөний тархинаас яагаад салсныг Neuralink-ийн мэргэжилтнүүд дурдсангүй. Гавлын ясан дотор тархи хөдөлж байдгаас шалтгаалан ийм зүйл болсон гэж тэд үзэж байгаа ажээ.

Хүний тархи нь гавлын ясан дотор тархи нугасны шингэнээр бүрхэгдсэн байдаг ба уг шингэн нь цохилт, огцом хөдөлгөөнөөс хамгаалах зөөлрүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, гавлын ясанд цохигдохоос тархийг хамгаалж байдаг. Тэгэхээр Neuralink-ийн чип нь толгойгоо огцом дохисхийх үед ч холболт нь салах магадлалтай гэсэн үг.

Амьтад дээр хийсэн туршилтын үеэр ийм асуудал үүсээгүй бөгөөд учир нь амьтдын тархи жижиг, гавлын ясан доторх хөдөлгөөн нь хязгаарлагдмал ажээ.

Neuralink-ийн мэргэжилтнүүд чипээ өвчтөний гавлын ясанд суулгасан юм. Харин тархинд шууд суулгаснаар дээрх асуудал шийдэгдэнэ гэж компанийн төлөөлөгчид үзэж байна. Ийм учраас дараагийн туршилтуудыг хийхдээ тархинд шууд суулгах болов уу гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих