О.Цогтгэрэл: “Эрдэнэс Тавантолгой”-д БЭТ байсан хүнийг шинжээчээр томилж болохгүй
Нүүрсний сонсголыг зохион байгуулах Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /11.15/ боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягаас нүүрсний хулгайн асуудлыг тодруулах, мөн нүүрсний том хулгай гарах үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан албан тушаалтнуудад хилийн хориг тавих ёстой” гэлээ. Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл " Хянан шалгагчийг татах солих, шинжээч нэмэх хасах гэдэг асуудлаа хэр удаан ярих вэ. Гэтэл түр хорооны хурал арванхоёрдугаар сарын 4-нд гээд товлочихсон, ердөө хоёр долоо хоногийн дараа болно. Одоо томилогдож байгаа шинжээч, хянан шалгагч нар сайн ажиллах боломж байна уу. Энэ сонсгол 2023 он дотроо амжихааргүй боллоо гэдэг үндэслэлээр хойшлуулчих вий дээ. Хоёрдугаарт, нэг л их шинжээчийг халлаа, солилоо болох юм. Өчигдөр тавьчихаад өнөөдөр буцаан татлаа л гэх юм. Энэний цаана сонсголыг цаг хугацаанд нь явуулахгүй байх сонирхол яваад байгаа юм биш биз. Шинжээч томилохоор Сангийн яамнаас баахан хүмүүс оруулаад ирэх юм. Тухайлбал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нүүрсний будилаан гарч байхад “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан. Нүүрсний хулгайг хуулийнхан шалгаж эхэлсний дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч болсон. Гэтэл одоо шинжээч хянан шалгагчаар санал болгож байгаа нь энэ бүгдийн цаана зарим асуудлыг улс төрийн зорилгоор ашиглах, заримыг нь хаацайлах нөхцөл бололцоо бүрдэх гээд байна. Шинжээч хянан шалгагч томилно гэдэг асуудлаа хардлага сэрдлэггүйгээр явуулах гарцыг хайх ёстой биш үү. Шинжээч, хянан шалгагчаа хаалттай тодруулдаг, Сангийн яамнаас хэдэн хүн тавьдаг. Сонсгол зохион байгуулах бүрэлдэхүүнд ашиг сонирхол орох юм бишүү. Хараат бусаар ажиллах шинжээч, хянан шалгагчийг оруулж ирье л дээ" гэв.
Эх сурвалж:www.polit.mn
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих