Усэйн Болтоос ч хурдан гүйж мэдэх 17 настай Гаут Гаут дахиад алмайруулав
Хөнгөн атлетикийн ертөнц ойрын хэдэн сарын хугацаанд Австрали руу хараа чиглүүлж, Усэйн Болтоос ч илүү хурдан гүйж мэдэх Гаут Гаут хэмээх 17 настай хүүгийн амжилтыг чихэн тавин чагнах боллоо.
“182 сантиметр өндөр энэ хүү гүйхээрээ хөлдөө пүрштэй мэт, хөл нь өрсөлдөгчдөөсөө хоёр дахин урт юм шиг харагдана” хэмээн хэвлэлүүд онцлон бичжээ.
Гаут Гаут 2024 оны 12 дугаар сард 17 нас хүрээгүй байхдаа Австралид 56 жилийн турш эвдэгдээгүй Норманы дээд амжилтыг давсан юм. Харин саяхан 100 метрт нэг өдөрт хоёр дараалан 10 секундээс бага хугацаанд /9:99 секунд/ хурдалж, үнэхээр ирээдүйд их юм дуулгах тамирчин гэдгээ нотолсон. Үүнийхээ дараагаар 200 метрт уралдахаар гараад дахиад л алмайруулав.
Автралийн АШТ-ий замд 200 метрт түрүүлэхдээ 19.84 секундын амжилт үзүүлжээ. Уг нь яг энэ үзүүлэлт бол Геннисийн номд орохоор дүн. Гэвч 2.4 метр/секундын салхитай байсан гэсэн үндэслэлээр дээд амжилтад тооцолгүй өнгөрчээ. Салхины хурд 2.0 метр/секунд л байсан бол болох байлаа.
Гэлээ ч Гаут Гаут маш их аз жаргал мэдэрч буйгаа ярьжээ. “Хэдэн зуун километр туулсны маань үр шим одоо л гарч байна. Хурдан гүйх бол надад заяасан бэлэг. Магадгүй би Австралийн хөнгөн атлетикийн түүхэн дэх хамгийн залуу аварга болсон байх. Ийм амжилтдаа баярлалгүй яахав. Үүнээс илүү жаргал бий гэж үү?” хэмээн хэлжээ.
Түүний насан дээр Жастин Гэтлин, Усэйн Болт ч ийм цаг үзүүлж байсангүй. Гаут Гаут хэмээх энэ хүү хоёр настайдаа эцэг эхийнхээ хамт Австралид ирсэн юм. Эцэг эх нь Өмнөд Суданы хүмүүс. Египетээр дамжиж Австралид ирсэн ажээ.
Ойрын хэдэн жилийн хугацаанд Гаут Гаутыг домогт Усэйн Болтын амжилттай “үзэлцэх”-ийг Дэлхий нийт анхааран, шохоорхон харах шинжтэй.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих