Трамп Хятадад 125 хувийн тариф ногдуулж, бусад улсад хугацаа олгов

АНУ, Хятад улсууд харилцан тариф ногдуулж, худалдааны дайн үргэлжилсээр байна. Трамп 50 хувийн нэмэлт тариф тогтооно гэж сүрдүүлсний хариуд Хятадын Сангийн яам дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн АНУ-ын бүх импортод 84 хувийн татвар ногдуулж буйгаа зарлав. Тэгвэл энэ мэдэгдлээс хойш 24 цаг ч бололгүй Трамп Хятадад ногдуулах тарифаа 125 хувьд хүргэнэ гэж мэдэгдлээ.
Трамп хэлэхдээ "Хятад улс дэлхийн зах зээлд хүндэтгэлгүй хандсаны үндсэн дээр би тэдэнд ногдуулах татварыг 125 хувь хүртэл нэмэгдүүлж байна" гэв.Тэрбээр Хятадад ийн хатуурхсан ч бусад улсад ногдуулсан ихэнх шинэ тарифаа 90 хоногийн хугацаатай түр зогсоов. Энэ хугацаанд харилцан тарифын хэмжээг 10 хүртэл хувиар бууруулж буйгаа мэдэгджээ. Энэ шийдвэр нь Лхагва гаригийн оройноос эхлэн шууд хэрэгжиж байгаа аж. 10 хувийн тарифт Европын холбоо багтана. Улс орнууд дор бүрнээ Трампийн засаг захиргаатай хэлэлцээ хийж байгаа тул 90 хоногийн хугацаа дуусахад юу болох нь тодорхойгүй байна. Ган, хөнгөн цагаан, автомашины импортын өмнөх тарифын хувь хэмжээ өөрчлөгдөөгүй хэвээр байгааг Цагаан ордны эх сурвалж мэдэгдэв.
ЭХ СУРВАЛЖ: CBS
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих