Тоо нэмэгдсэн ч чанар ахисангүй

3fe94a002317b5f9259f82690aeea4cdУИХ-ын 126 гишүүнтэй анхны парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд найман сар болжээ. Хэдийгээр тэдний 80 нь анх удаа сонгогдсон шинэ гишүүн ч одоо хуралдааны дэгээ судлахаас эхлээд ажилдаа суралцаж дууссан байх учиртай. Гишүүний тоог нэмэгдүүлснээр олон давуу тал, эерэг өөрчлөлт гарна гэж үзсэн. Тэгвэл өөрчлөлт, үр дүн нь энэ УИХ-аас ажиглагдаж байна уу?

Таван саяас доош хүн амтай дэлхийн бусад орны жишгийг судлаад, куб язгуурын аргаар 152 гишүүнтэй байх саналыг анх тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбарласан байдаг. Гэвч хэлэлцүүлгийн явцад зөвшилцөж, АН-ынхны саналаар 126 дээр тогтсон. Тодорхой судалгаа, тооцоогүйгээр 126 гэдэг тоог гаргасан хэмээн судлаачид одоо ч шүүмжилдэг. Ямартай ч илүү олон гишүүнтэй болсноор парламент дахь хяналт, төлөөлөл, батлах хуулийн чанар сайжирна гэж үзсэн юм. Парламент бол хууль тогтоох дээд байгууллага. Тиймээс үндсэн гол үүрэг, өөрчлөлтийг онцолъё.

Хуулийн чанар:

УИХ-ын гишүүн олон байх тусмаа илүү бүтээлч санал, үзэл бодол гаргана гэсэн өөдрөг төсөөлөл хэрэгжсэн үү? Гишүүд, эсвэл Засгийн газраас өргөн барьсан хууль, тогтоолын төсөлд олон өөр байр сууринаас, бүтээлч байдлаар хандаж байж алдаа, оноог нь дэнсэлнэ, илүү сайжруулна. Тэгвэл Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд Ж.Баярмаа, Д.Энхтүвшин тэргүүтэй нэр бүхий дөрвөн гишүүн л бүтээлч байдлаар хандсан. Алдаа, мадгийг нь шүүмжилж, засах шаардлага тавьсан. Бусад нь чимээгүй шахам суусаар хэвээр нь баталж орхисон билээ. Үүний дараа алдагдал, үрэлгэн зардал ихтэй уг төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж, улмаар УИХ түүнийг нь хүлээн авснаар төсвийг анх удаа эхнээс нь хоёр удаа хэлэлцсэн. Гишүүд анхнаасаа ажилдаа хариуцлагатай хандаж, төсвийн төслийг сайн уншиж судлаад, бурууг нь шүүж, засахын төлөө хичээсэн бол ингэж цаг алдаж, Д.Амарбаясгалан даргын хэлсэнчлэн нэр нүүрээ барахгүй байв.

Мөн гадаадад сургууль төгссөн, чадварлаг олон хүмүүсийг МАН-ынхан жагсаалтаар гишүүн болгосон гэх. Гэвч тэд нараас нь аливаа асуудлаар байр сууриа илэрхийлдэг нь хуруу дарам. Ер нь хүний тоогоо нэмснээр “аниргүй” гишүүд л нэмэгджээ. Тэд намын бодлогынхоо дагуу товчлуур дараад л сууж байна. Гэхдээ энэ нь тус намд хангалтгүй байгаа аж. УИХ дахь МАНын бүлгийн өнгөрсөн даваа гаргийн хуралдаанаар Гишүүдийн үнэлгээний журмын төслийг танилцуулсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Бүлгээс дэмжсэн аливаа хууль, тогтоолын төсөл дээр гишүүд нь шууд гар өргөх ёстой хэмээн үүрэгжүүлэх агуулгатай төсөл гэнэ. Дэмжвэл +10, дэмжээгүй бол -10 оноо өгөх журмаар явна. Бүлгийн шийдвэрийг гурваас илүү удаа сөрсөн, эсрэг санал өгч илүү оноо алдсан хүнд эхлээд сануулна. Цаашдаа улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх арга хэмжээ авах аж. УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй, ямар нэг албан тушаалд томилохгүй. Тэгэхээр шүүмжлэл хэлэх, өөр байр суурь, үзэл бодол илэрхийлэх хүн гарахгүй нь.

Нөгөө талаар энэ УИХ-д сөрөг хүчин байхгүй. 42 суудалтай АН, найман төлөөлөлтэй ХҮН намынхан Засгийн газарт нэгдсэн. Тэд нэг зорилго, эрх ашигтай болсон тул нэр бүхий цөөхөн гишүүнээс бусад нь барагтай бол шүүмжилсэн санал хэлэхээ болилоо.

Сөрөг хүчингүй, нэмээд олонхын бүлэг нь гишүүдээ “Намын эрх ашгийг нэгдүгээрт тавь” гэж дарангуйлсан шийдэл тулгадаг парламентаас чанартай, амьдралд нийцтэй хууль батална гэж итгэх хэцүү.

Хэдийгээр хамтарсан Засгийн газар байгуулсны давуу талаар хөгжлийн томоохон хоёр, гурван ч төслөө урагшлуулж, баталсан ч үүнээс гадуурх үндсэн ажлын чанар, түүнд хандах байдал нэг иймэрхүү.

УИХ-ын гишүүний тоо өөрчлөгдсөн учраас холбогдох хуулиудыг ч Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлсэн. Үүний нэг нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль. Гишүүдийн үг хэлэх байдлыг уг хуулиар тодорхой хэмжээнд хязгаарласан нь залуу, шинэ хүмүүс “тодорч” харагдахгүй байгаагийн нэг шалтгаан мөн болж буй юм. Гэхдээ 126 хүн бүгд асуулт тавьж, санал хэлбэл төрийн ажил дуусахгүй, зах замбараагүй зүйл болно. Тиймээс тодорхой хязгаарлалт шаардлагатай байсантай санал нэгдэнэ. Харин нэгдсэн чуулганы танхимд биш ч албан ёсны цахим хуудсаараа дамжуулан, эсвэл хэвлэлийн бага хурал зарлах замаар байр сууриа илэрхийлэх боломж бүх гишүүнд бий. Гэвч ашиглаж байгаа нь, ашиглахыг хүсэх нь, аливаа асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлэх нь цөөн байна. Түүнчлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэтэрхий зөөлдөөд байна гэж шүүмжлэх хүмүүс бий. Чуулганы ирц хангалтгүй, гишүүд хайнга байгаа нь түүний удирдах, зохион байгуулах чадвартай ч холбогдоно.

Хяналт, бие даасан байдал:

126 гишүүнтэй болсноор хяналтын тогтолцоо илүү сайжирна гэж үзсэн. Тэгвэл дээр дурдсанчлан энэ УИХ-д сөрөг хүчин үгүй. Тус бүр дөрвөн суудал авсан ИЗНН, “Үндэсний эвсэл”-ийнхэн сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж чадахгүй байгаа нь нууц биш. Тэдэнд ийм туршлага, мэдлэг үгүй. Мөн УИХ-ын гишүүний тоо нэмэгдлээ гээд бие даасан, хараат бус байж чадсангүй. 2022 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын гишүүн хүн сайд хийх боломжийг буцаагаад нээсэн. Ерөнхий сайд болон түүнээс гадна дөрвөн сайд л “давхар дээл”-тэй байж болно гэсэн заалтыг үүгээр хүчингүй болгосон юм. Хамтарсан Засгийн газрын 23 сайд нь бүгд УИХ-ын гишүүн. Нэмээд АН, ХҮН намынхан Засгийн газартай нэг баг болсон. Тиймээс энэ УИХ-д 115 гишүүнтэй бүдүүн бүлэг ажиллаж байгаа. Ингэснээр засаглалын хуваарилалт алдагдах нэг шалтгаан болоод буй. Сайд нар нь УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй. УИХ-д олонх болсон намын дарга нь Ерөнхий сайд байдаг. Тэгэхээр намын даргынхаа хувиар тэр олонхыг “базаж” байна. УИХ-ын гишүүн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газарт хариуцлага тооцох санал гаргаад ч дэмжлэг авч чадахгүй, сөрөх хүн олдохгүй байгаа нь үүний нэг баталгаа юм.

Төлөөллийн зарчим:

Үүн дээр бол шинэ УИХ ахиц гаргажээ. МАН, АН, ХҮН, ИЗНН, “Үндэсний эвсэл” гэсэн таван төлөөллөөс парламент бүрдэж буй. Мөн Үндсэн хууль, УИХын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу уг УИХ-д анх удаа эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувьд хүрээд байна. 2025 оны байдлаар Азийн орнуудын дундаж үзүүлэлт 23 хувь байгаа учраас манайх үүнээс давсан гэж болно. Энэ бол тойрогт нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байх квот олгож, улмаар намын жагсаалтад хүйсээр сөөлжих зохицуулалт оруулсны үр дүн юм. 2028 онд нэр дэвшүүлэх квотыг 40 болгон нэмж хэрэгжүүлнэ.

НҮБ-аас 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт”-д манай улс нэгдсэн. Улмаар 2030 он гэхэд шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэнцвэрийг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэх үүрэг хүлээгээд буй. Энэ зорилго руугаа ойртож байгаа нь сайн хэрэг. Түүнчлэн жагсаалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуус, ахмад настан, нийгмийн салбар бүлгүүдийн төлөөллийг оруулах амлалтдаа намууд хүрсэн. Ингээд анх удаагаа хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган иргэнийг төлөөлсөн хоёр гишүүнтэй болоод байна.

УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль батлах зорилт бүхий “Гурван төгөлдөршил”-ийг хэрэгжүүлж буй. Гэхдээ цаг үеийн шаардлагад нийцсэн, яаралтай горимоор батлах хуулиуд нь илүү түлхүү яваад байх шиг ажиглагдана. Тоо нэмэгдээд зарим үр дүн, өөрчлөлт гарсан ч хууль тогтоох үндсэн ажил дээрээ ахиц харьцангуй бага байна. Үлдсэн гурван жилдээ олон болсныхоо хэргийг гаргана гэж найдъя.

С.ТУУЛ

https://eagle.mn/r/136630



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих