iPhone-г Америкт үйлдвэрлэвэл 3500 доллароор худалдаалагдана

174419600167f63e4faa3fcВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Чөлөөлөх өдөр”-өөр дэлхийн улс орнуудад урьд хожид байгаагүй өндөр татвар ногдуулах шийдвэрээ тайлбарлахдаа “ажлын байр, үйлдвэрүүд эргэж ирнэ” гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл түүний өндөр тариф ногдуулах шийдвэр хэрэгжиж эхлээд байгаа энэ үед хувцаснаас эхлээд цахилгаан бараа зэрэг бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтийг Америкийн хэрэглэгчид голчлон үүрч магадгүй байна. Хэрэв Apple компанийн iPhone гар утсыг АНУ-д үйлдвэрлэвэл үнэ нь ойролцоогоор 3500 ам.доллар болно гэж нэгэн технологийн шинжээч анхааруулжээ.

Ерөнхийлөгч болон АНУ-ын эдийн засгийн асуудал эрхэлсэн өндөр албан тушаалтнууд мэдэгдэхдээ, тариф ногдуулсны үр дүнд үйлдвэрлэлийн салбарт олон ажлын байр бий болж, олон сая америкчуудыг ажилтай болгоно гэж амлаж байна.

Харин “Wedbush Securities” санхүүгийн үйлчилгээний фирмийн технологийн судалгаа хариуцсан тэргүүн Дэн Айвс CNN телевизийн хөтлөгч Эрин Бёрнетттэй ярилцах үеэрээ уг санааг “зохиомол үлгэр” гэж тодорхойлжээ. АНУ-д үйлдвэрлэсэн iPhone утаснууд одоогийн 1000 ам.доллароос гурав дахин өндөр үнэтэй болж магадгүй гэж тэрбээр хэлээд, үүний учир нь одоо Азид хэрэглэж буй үйлдвэрлэлийн маш нарийн төвөгтэй экосистемийг хуулбарлах шаардлагатай болно гэдгийг дурдлаа.

“Нийлүүлэлтийн сүлжээг Баруун Виржиниа, Нью Жерси муж улсууд дахь үйлдвэрүүдэд авчирвал iPhone гар утас 3500 долларын үнэтэй болно. Apple нийлүүлэлтийн сүлжээнийхээ дөнгөж 10 хувийг АНУ руу шилжүүлэхэд 30 орчим тэрбум долларын зардал гарч, гурван жилийн хугацаа шаардагдах болно" гэж Д.Айвс ярьсан байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих