Алтны үнэ өссөнөөр “Rolex” зарим загварын бугуйн цагныхаа үнийг 8 хувиар нэмлээ
Шар алтан бүрмэл “GMT-Master II” загварын үнэ 44.6 мянган евро болоод байна
2024 онд алтны үнэ өссөнтэй холбоотойгоор Швейцарын тансаг зэрэглэлийн бугуйн цаг үйлдвэрлэгч “Rolex” компани зарим алдартай загварынхаа үнийг найм орчим хувиар өсгөж, энэ оныг эхлүүллээ. Тухайлбал: шар алтан бүрмэл “A Yellow Gold Day-Date” загварын Франц дахь “Rolex”-ийн веб сайтад худалдаалж буй үнэ нэгдүгээр сарын нэгний байдлаар 44 мянга 200 евро буюу 45 мянга 809 орчим ам.доллар хүрээд байна. Энэхүү загварын үнэ он гарахаас өмнө 41 мянган евро байжээ. Түүнчлэн шар алтан бүрмэл “GMT-Master II” загварын үнэ 41.3 мянган еврогоос өсөж, 44.6 мянган евро болоод байгаа аж.
“Rolex” компани 2024 оны эхээр Их Британийн зах зээлд бугуйн цагнуудынхаа үнийг дөрөв орчим хувиар өсгөж байсантай харьцуулахад энэ онд үнийн өсөлт эрчимжээд байна.
Харин гангийн орцтой загваруудын үнэ нь харьцангуй тогтвортой байгаа бөгөөд тухайлбал: 2024 онд 15 мянга 500 еврогийн үнэтэй байсан “Cosmograph Daytona” загварын үнэ 16 мянган евро болж нэмэгдээд байгаа бол “Submariner” загварынхаа үнийг 1.6 хувиар өсгөж, 9500 евро болгоод байна.
Тансаг зэрэглэлийн бугуйн цагны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч тус брэнд жилд нэг сая гаруй цаг үйлдвэрлэж, борлуулалт нь 11 тэрбум ам.доллар давдгийг шинжээчид тооцоолоод байгаа юм.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих