HMVP вирус нь ханиалгах, найтаах үед агаар дуслаар дамждаг

73644c84c734ea98fc760000cd0364e8b53b0733УОК-ын ээлжит хуралдаанаар зарим улс оронд тархаад байгаа HMVP вирусийн талаарх мэдээлэл сонсож холбогдох албаныханд үүрэг чиглэл өгчээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “HMVP вирус нь ханиалгах, найтаах үед үүссэн дусал эсвэл аэрозолоор дамждаг боловч халдвартай хүнтэй ойр дотно харьцах, вирусийн бохирдсон орчинтой харьцах замаар халдвар дамжих боломжтой. Хүүхэд, дархлаа сул, өндөр настай хүмүүс мэдрэмтгий байдаг бөгөөд амьсгалын замын бусад вирусийн халдвартай хавсарч болно. Энэхүү амьсгалын замын цочмог халдварт өвчин буюу 0-4 насны хүүхдийн дунд амьсгалын замын синцитиал вирусийн эерэг хувь, 14 ба түүнээс доош насны хүүхдийн дунд ​​метапневмовирусийн /HMVP/ эерэг хувь өсөх хандлагатай байна.

Томуу, томуу төст өвчин бүх насныханд илэрч байгаа боловч 0-4 насанд хамгийн их буюу 57 хувьд тохиолдож байна. Өнөөдрийн байдлаар ЕБС-ийн өвлийн улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт харьцангуй багассан. Гэсэн ч хичээл сургууль эхлэх үеэр томуугийн өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай. Тиймээс энэ чиглэлээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат шатандаа авч хэрэгжүүлж байгаа. Мөн хүн амд амны хаалт зүүх, гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх, биеийн дархлааг сайжруулах, агааржуулалт хийх, томуугийн вакцинд хамрагдах зөвлөмж, зөвлөгөөг тасралтгүй өгч ажиллаж байна” гэв.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих