Рекетчдэд итгэснээс эрдэмтэддээ итгэе!
УИХ-ын өнгөрсөн Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжүүт уул ус газар шороондоо хайртай эх орончид тодорч, Халзан бүргэдэйн орд дээр очиж, “бөөлөв”. Тэд “Газрын ховор элементээс ялгарах цацраг идэвхт бодис нь Ховд төдийгүй Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн байгаль орчинд сөргөөр нөлөөлөн хүн ардад аюул учруулна” гэж цэцэрхэв.
Үнэндээ бол газрын ховор элементийн талаар түй ч мэдлэг байхгүй хэсэг нөхөд хэний ч ятгалгаар юм Ховд аймагт давхиад оччихсон, худал хуурмаг зүйл ярьж, баруун таван аймгийнхны тархийг угаахыг оролдсон нь энэ.
Дээрх үйл явдлыг физикч, доктор Н.Тэгшбаяр “Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд Халзан бүргэдэйн орд дээр цөөвөр чонос мэт цугларч иргэдийг турхирч байна” гэж шүүмжилсэн. Хатуу боловч үнэн л үг. Монголд томоохон төсөл хөдлөх сургаар дүр эсгэсэн эх орончид тодорч, “Монгол Улсыг сүйрүүлэх нь” гэж худал цуурхал тараадаг. Ярьж байгаа зүйлд нь шинжлэх ухаанаар нотлогдсон нэг ч үнэн байхгүй. Гэвч улиг болсон технологиороо сошиалд “Хөдөөний айл” нэрээрээ олноо танигдсан Ч.Ерөөлтүвшин тэргүүтнүүд өнгөрсөн амралтын өдөр Ховд аймгийн нутаг дэвсгэрт орших Халзан бүргэдэйн орд дээр сүгсэлзэв.
Физикч, доктор Н.Тэгшбаярын тодотгосноор байгалийн эрдэс, ашигт малтмал бол байгаль дээрээ саванд хийгээд тавьчихсан байдаггүй. Ил задгай л байдаг.Тийм учраас ер нь бол уурхай ажилласан, ажиллаагүй хур борооны усанд газрын ховор элементүүд угаагдаад гол ус руу орж л байгаа.
Жишээлбэл, Халзан бүргэдэйн газрын ховор элементийн тухайд компани очоод ухсан ч, ухаагүй ч хорвоо дэлхий үүсэхэд байж байсан тэр ховор шороо ил задгай нь салхинд хийсч, газар доорх нь хур борооны усаар угаагдаад Ховд гол, Хар ус нуур луу орсоор л байгаа юм. Гэтэл эх орончдын яриагаар бол олборлоод эхлүүт баруун таван аймаг хүнтэй, малтай, амьтадтайгаа хордон сүйрэх болж буй.
Энэ янзаар эх орончид удахгүй Дорноговийн Зөөвч-Овоод хэрэгжих ураны төсөл дээр сүгсэлзэхийг ч байг гэх газаргүй. Дүр эсгэсэн эх орончид Монголынхоо хамаг л томоохон төслүүдийг тойрч эргэлдэн шантааж хийдэг. Түүнээс нь болж, олон төсөл гацаж, Монголын хөгжлийг хойш чангаасаар өнөөдөр улсаараа хохирон харанхуй сууж, хотоороо хөлдөж мэдэх аюултай тулгарсан нь бодит үнэн. Жишээ татвал, Эгийн голын усан цахилгаан станц барих төслүүдээс эхлүүлээд олон эрчим хүчний төслийг ийм жишгээр буллидэж, унагаж ирсэн. Хэрэв Эгийн голын усан цахилгаан станцыг 1990-ээд онд төлөвлөснөөрөө барьчихсан бол өнөөдөр баруун таван аймаг ОХУ-аас эрчим хүч худалдан авахгүй дээрх усан цахилгаан станцаас хэрэглээгээ бүрэн хангах бололцоо байв. Харамсалтай нь, үе, үеийн Засгийн газар дээрх төслийг хөдөлгөх оролдлого хийж ирсэн ч оросууд саад тотгор тавьж ирсний зэрэгцээ манай эх орончид мөн дэм өгч, унагаж ирсэн. Түүний уршгаар Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймгууд өнөөдрийг хүртэл эрчим хүчтэй байх эсэхийг хойд хөрш шийдэж буй.
Тиймээс Халзан бүргэдэйн орд дээр улс төр хийн сүгсэлзэж буй шантаажчдын эцсийн зорилго эх орноо хамгаалах бус харин ч хорлох л ажиллагаа л явуулж байгаа болж таараад буй.
Ер нь Монгол Улс хөгжье, эрчим хүчний хараат байдлаасаа гаръя гэвэл том төслүүдээ хөдөлгөх учиртай. Тухайлбал, Дорноговийн Зөөвч-Овоод хэрэгжих ураны төслөөс гадна Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц энэ бүхэн хэрэгжиж байж, Монгол Улс өдөр тутам өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо 100 хувь бүрэн хангах бололцоотойн дээр экспортод гаргах хэтийн зорилго биеллээ олно.
Нөгөө талдаа үйлдвэрлэгч орон болоход эрчим хүч хамгийн чухал. Эрчим хүчний эх үүсвэргүй бол хэчнээн боловсруулах үйлдвэр бариад ажиллуулах боломжгүй. Гадаадаас л эрчим хүчээ импортлох шаардлага тулгарна. Тэр бүрт үнэ ханшийн асуудал босохын зэрэгцээ аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө.
Харин эрчим хүчний эх үүсвэрээ дотооддоо бүрэн шийдэж, 100 хувь хангадаг болсон нөхцөлд аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтойн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалт татахад ч дөхөм болно. Тиймээс рекетчдийн үгээр үг хийж, төслүүдээ гацаах бус эрдэмтэдийнхээ үгэнд итгэн хөгжих шаардлага байна.
Хэрэв Засгийн газар ирэх дөрвөн жилд эрчим хүчний томоохон төслүүдээ хөдөлгөж чадахгүй бол наад зах нь Улаанбаатар хотод 20 минутын хот байгуулж, гэр хорооллоо барилгажуулах боломжгүйн дээр метро, дүүжин тээврийг хөдөлгөх бололцоогүй болно.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2761722/
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих