Газрын тос боловсруулах үйлдвэр барихад $1.2 тэрбум хүрэлцэхгүй байна. Энэтхэгийн ЭКСИМ банкнаас $431 саяыг нэмж зээлдэнэ

Screenshot 2024-10-22 174900УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Дорноговь аймагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явцтай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай намын бүлэг Засгийн газрын боловсруулсан 14 мега төслийг нэг нэгээр нь сонсож, тодорхой улс төрийн шийдвэр гаргаж явна. Эхнийх нь газрын тос боловсруулах үйлдвэрийн явцын талаар мэдээлэл сонслоо.

Монгол болон Энэтхэг улсын хамтын ажиллагааны үр дүнд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гарч, гэрээ байгуулагдсан. 2021 оноос ажил эхэлж цар тахалтай холбоотойгоор амаргүй нөхцөл байдалд байсан ч тодорхой ажлууд явагдаж байна.

Нийт дөрвөн багц ажил хийгдэх ёстойгоос гурав нь хэрэгжсэн байгаа. Гол нь нэмэлт санхүүжилт шаардагдах нөхцөл байдал үүссэн. Нэмэлт санхүүжилт авахгүйгээр газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох боломжгүй.

Манай намын бүлгийн зүгээс нэмэлт санхүүжилтийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх, Энэтхэгийн талтай ярилцаж, УИХ-аар соёрхон батлах бэлтгэл ажил хангах хэрэгтэй гэсэн улс төрийн шийдвэр гарлаа.

Мөн газрын тос олборлолтын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмжөөр уг газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос хангах ёстой.

Өмнө нь 1.1 сая тонн газрын тос боловсруулдаг байсан бол одоо 520 мянган тоннд хүрсэн байна. Хоёр дахин буурсан учраас БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагааг авч үзэж, шийдвэрлэхгүй бол төвөгтэй зүйлийг бий болгож байна" хэмээн ярилаа.

Үргэлжлүүлэн Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн сайд Ц.Туваан "Энэтхэг улсын 1.2 тэрбум ам.долларын зээлээр газрын тос боловсруулах үйлдвэртэй болохоор төсөл 2019 оноос эхэлсэн.

Тус төслийг ЕРС 01: Технологийн бус барилга байгууламж, ЕРС 02: Анхдагч процессын болон дагалдах байгууламж, ЕРС 03: Үйлдвэрийн цахилгаан станц, ЕРС 04: Лицензит технологийн байгууламж гэсэн дөрвөн багцад хуваан үйл ажиллагаа явуулж байна.

Дөрөвдүгээр багцын ажлыг эхлүүлэхэд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хүрэлцэхгүй байх нөхцөл үүссэн. Тухайлбал санхүүжилтийг 431 сая ам.доллароор нэмэх ёстой болсон.

Цар тахлын дараа дэлхий даяар тоног төхөөрөмжийн үнэ өссөн. Үүнтэй холбогдуулан Энэтхэгийн ЭКСИМ банкнаас 431 сая ам.долларын зээлийг нэмж авах гэрээг байгуулах, УИХ-аар соёрхон батлагдаж, тус төсөл зогсохгүй явах нөхцөл бүрдэнэ.

Өнөөдрийн байдлаар газрын тос боловсруулах үйлдвэр 2027 онд багтаж ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Үйлдвэр ашиглалтад орсноор 1.5 сая тонн түүхий тос хэрэглэж, тунгалаг нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр Монгол Улсын хэрэглээний 55 хувийг хангана.

Үйлдвэр ашиглалтад орох үед нэг сая орчим түүхий тосны эрэлт, хэрэгцээ үүснэ. Тиймээс олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр олборлолтын компани, хайгуулын талбай нэмж байгуулахаар ажиллана.

Саяхан БНХАУ-д CNPC буюу “Петрочайна Дачин Тамсаг” компанийн толгой групптэй ерөнхий сайд албан уулзалт хийсэн. Ингэхэд хөрөнгө оруулалт оруулах, олборлолтыг нэмэгдүүлэх асуудлаар нааштай хариу авч, албан ёсоор яриа хэлэлцээрийг үргэлжлүүлж явуулах тохиролцоонд хүрсэн" хэмээн ярилаа.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих