“Хөөсөн бөмбөлөг”-тэй, богино настай төсөв батлагдлаа

465727270_996238319214676_3535575666137680919_n-Ирэх жил 26.4 их наядыг зарж, 23.1 их наяд төгрөг олно гэв-

Шинээр бүрдсэн 126 гишүүнтэй УИХ анхны төсвөө баталлаа. Улсын төсвийн тухайд 2025 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 26,485,278.0 сая төгрөг, төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23,140,589.3 сая төгрөг байхаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр батлагдав. Өөрөөр хэлбэл, 2025 онд Монгол Улс гэдэг айл 26.4 их наяд төгрөг зарж, 23.1 их наяд төгрөг олох юм. Хуулийн хугацаа шахсанаас аргагүйн эрхэнд баталсан болохоос урсгал зардал танахаас эхлээд олон зүйл түүхийгээрээ үлдсэнийг гишүүд өөрсдөө хүлээн зөвшөөрөв. Хуралдаанд 106 гишүүн оролцсоноос 69 нь буюу хагасаас арай илүү нь дэмжсэнээр 2025 оны улсын төсөв батлагдаж байгаа юм. Үлдсэн 57 гишүүн буюу бараг тэн хагас шахмаас хуралд суусан 37 нь дэмжсэнгүй, 20 нь хуралдаандаа ямар нэг шалтгаанаар ирсэнгүй. Олон суудал “Мэнэнгийн тал” мэт мэлтийтэл хоосон харагдана лээ.

Хөөс ихтэй төсөв болсныг гишүүн Ж.Баярмаа, Д.Энхтүвшин нар чуулганы танхимд “Ард түмний амьдрал”, “Аж ахуй эрхлэгчид” гэсэн үгтэй өнгөгүй тунгалаг бөмбөлгүүд дүүжлэн эсэргүүцэж, “Улсын төсвийн зардлыг 3.6 их наядаар тана” гэсэн самбарыг Д.Энхтүвшин зэрэг гишүүн өмнөө байрлуулсан байв.

“Олдохоороо өлдөнө” гэгчээр улсын төсөв ярилцаж байсан өнгөрсөн сар гаруйн хугацаанд “дүрдээ” сайн орж чадаагүй гишүүн ч зөндөө. Төсөв хэрхэн “боодгийг” мэдэхгүй шинэ гишүүд олон, дээр нь баахан поп нөхөд нэмэгдсэнээс болж талцаж тэмцсээр хуулийн хугацаандаа тулгаж, урсгал зардал ихтэй хөөсөрсөн төсөв баталснаас шалтгаалж 2025 оны төсвөө хэрэгжүүлж амжаа ч үгүй байж энэ он дотроо багтаан тодотгол хийж, ирэх оны үргүй зардлуудаас “салах” шийдэл олсноор энэ ажилд арай хийн цэг тавилаа.

Энэ 2024 оны улсын төсөвт тодотгол хийсэн өнгөрөгч ээлжит бус чуулганаар танхимын тал эзгүй байсан, сая ч ирэх жилийн төсөв хэлэлцэх үеэр энд тэнд хаа хамаагүй сэдвээр лайв хийж уйлан дуулсан нөхөд ганц биш. Уг нь төсвийн тоо, цэг, таслал бүхэн дээр гишүүн нэг бүр төвлөрч, хэлэлцэж, мэтгэлцэж байх учиртай үеэр шүү дээ. Зарим нь ч дээ, ялангуяа жагсаалтаар орж ирсэн нөхдийн зарим нь их наяд гэдэг тоо хэдэн оронтойг мэдэж ч байгаа юм уу, үгүй юу. Төсвөөс хэрэгцээ багатай зардлыг танах ёстой гэсний төлөө УИХ-ын гишүүдийн хэвлэлийн бага хурал хийлгэж, баталсан хууль тогтоомж, албаны бусад мэдээлэл хийдэг индэр сайд дарга нарыг өмөөрсөн нөхдийн дуртай үгээ цацаж суудаг талбар болохдоо тулсан. Саяхан Ч.Номин сайдыг өмгөөлсөн соёл, урлагийн салбарын гэх хэсэг нөхөд Төрийн ордонд баахан “жүжиг дэглэв”. Уг нь тэдний хэлэх үгийг боогоогүй, гагцхүү яаман дээрээ юм уу, хэвлэлийн бага хурал зохион байгуулдаг тусгай газруудад тэр үйл ажиллагаагаа явуулж болох байсан л даа. Гэтэл зүгээр энгийн нөхөд УИХ-ын албан ёсны мэдээлэл өгдөг индрийг эзэгнэчихсэн ч байх шиг.

Улсын төсвийн тухай сэдэвт эргэн ороход ямар ч гэсэн арваннэгдүгээр сарын 15-ны дотор амжиж батлахгүй бол парламент өөрөө тардаг хуультай тул ийнхүү эцэслэн баталлаа. Уг нь УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нар 2025 оны төсвөөс 3.6 их наяд төгрөгийн урсгал зардлыг танах шаардлага тавьсан ч нэгэнт гуравдугаар хэлэлцүүлэгт шилжсэн хойно засварлах боломжгүй тул дэмжлэг авсангүй. “Төсөв 13.3 их наядаар нэмэгдэж байна. Үүнийг татвар төлөгчид даах боломжгүй” гэдгийг Д.Энхтүвшин гишүүн хэлнэ лээ.

Гэхдээ энэ төсөв богино настай байх нь. Энэ талаар баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч өөрөө хэлсэн үгэндээ дурдсан. Тэрбээр “УИХ-ын гишүүдийн зүгээс төсвийн урсгал зардлыг танах ёстой гэсэн байр суурь гарч байгаа учраас УИХ болон Төсвийн байнгын хорооноос Тогтоолын төсөл санаачилсан. Уг тогтоолын төслөөр 2025 оны төсөвтэй Мөнгөний бодлого уялдаж буй эсэх, зарим гишүүний шаардаж байгаачлан төсвийн урсгал зардлыг бууруулах нөхцөл байдал байгаа учраас Төсвийн тодотголыг энэ ондоо багтааж хийх талаар тусгасан” хэмээж байсан юм. Тэр бас татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай захиран зарцуулахад Засгийн газар анхаарах ёстойг сануулсан. Төсөв батлагдсаны дараа УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гаргаж төсвийн тодотголтой хамааралтай асуудлаар Засгийн газартай хамтарч ажиллахаар болов.

Төсвийн байнгын хорооноос баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын 8-нд баталсан тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслийг 2024 оны арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх гэсэн саналаар санал хурааж хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжжээ. Эндээс харвал төсвийн тодотголын төслийг энэ ондоо багтаан хэлэлцэж, ирэх 2025 оны эхний улиралд сая баталсан хуульд тодотгол хийж мэдэхээр боллоо.

УИХ дахь ХҮН намынхан ч энэ талаар мэдэгдэл хийв. УИХ-ын гишүүн Б.Найдалаа “Энэ бол шинэ УИХ-ын баталсан анхны төсөв. Улсын төсвийн төслийг зохиодог, баталдаг, хэлэлцдэг, хянадаг процессыг УИХ болон Засгийн газрын түвшинд дахин засах шаардлага байна. Төсвийг хэн боловсруулах ёстой юм бэ гэдэг бодлогоо эхлээд батлах ёстой. Засгийн газар уу, Сангийн яам уу,  Эдийн засаг, хөгжлийн яам уу гэдэг бодлого нь батлагдах ёстой. УИХ Төсвийн тогтвортой байдлын зөвлөлтэй. Гэтэл энэ институцыг УИХ хангалтгүй ашиглаж байна. Бид УИХ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг батлахад саналаа оруулсан. УИХ-аас улсын төсөвтэй холбоотойгоор тогтоол гаргаж байна. Энэ тогтоолоор 2024 ондоо багтаан оновчгүй зардлаа хасахаар болж буйг ХҮН намын гишүүд дэмжиж байгаа” гэсэн бол гишүүн Ж.Золжаргал “УИХ дээр сая баталсан улсын төсвийг удахгүй тодотголоор шийдэхээр ярьж байна. ХҮН намын мөрийн хөтөлбөрт төсөв тэлэх талаар огт дурдаагүй. Улсын эдийн засагт төрийн оролцооны хэмжээ 80 хувь хүрсэн байна. Ингэснээр төвлөрсөн эдийн засагтай, улс төрийн тогтолцоо нь чөлөөтэй улс болж байна. Тиймээс урт хугацаандаа үе шаттайгаар улс төрийн оролцоог бууруулах, эдийн засгаа нээлттэй болгох зорилго тавих ёстой” гэж байв. Ж.Золжаргал гишүүний хэлснээр үнэхээр улсын эдийн засагт төрийн оролцооны хэмжээ 80 хувь хүрсэн бол хувийн хэвшил 20-хон хувьтай үлдэж, эргээд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой үе рүүгээ ухарч байгаа ч юм шиг.

Ямар боловч энэ он дотроо багтаж тодотгол хийнэ гэсэн тайлбартай, зардлын хэмжээ нь данхайж “гэдэс нь хийгээр дүүрсэн” төсвийг парламент батлах нь ч баталлаа. Одоо уг төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавих уу гэдгийг харах үлдлээ.

https://news.zindaa.mn/4ytb



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих