Улаанбаатарын хэмжээнд 39,000 хүүхдэд нүд, шүд, зүрхний үзлэг хийж, өвчнийг илрүүлээд орхих биш эмчилдэг болно

Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)-ийн нэгдүгээр ангийн сурагчдад хийж буй нүд, шүд, зүрхний эмгэгийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн нээлт Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуульд өнөөдөр зохион байгуулагдлаа.

Энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд 39,000 хүүхдэд нүд, шүд, зүрхний үзлэг хийх талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн юм.

Мөн тэрбээр "Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн зүрх, нүд, шүдний өвчнийг илрүүлэх үзлэг өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн.

Мөн өнгөрсөн хугацаанд хоёр аймаг, нэг дүүрэгт зүрх судасны системийн үзлэг хийж, улсын хэмжээнд зургаан настай хүүхдүүдийн зүрхний өөрчлөлт 11 хувьтай байгааг тогтоочихсон.

Өвчнийг илрүүлээд орхих биш оношилж, эмчлээд эрүүл болгож хяналтад авах тогтолцоог бий болгоно.

Өмнө нь сургуулийн хүүхдүүдийн 85 хувь нь шүдний өвчлөлтэй байна гэж оношилж байсан. Түүнээс биш тэдгээр хүүхдийг хэрхэн яаж эмчилж, байнгын үзлэгт оруулж, эрүүл мэндийн боловсрол олгон хяналтад оруулах тогтолцоо байгаагүй. Цаашдаа энэ тогтолцоог хэрэгжүүлнэ. Ингэхийн тулд хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэйгээ хэрхэн хамтрах тогтолцоог бий болгосон.

Нүдний өвчлөл манай улсын зургаан настнуудын дунд 21 хувийн өөрчлөлттэй байна. Цаашид нарийн мэргэжлийн ямар эмчид үзүүлж, харааны шилийг хаана яаж тааруулаад хүүхэд эрүүл байх, сурлагадаа ахиц гаргах бололцоог олгох төгс тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаа" гэлээ.

Энэ үеэр нүд, шүд, зүрхний үзлэг оношилгоо ба анхаарах асуудлын талаар эмч, мэргэжилтнүүд дараах мэдээллийг хүргэсэн юм. 



Шүдний эмч: Нэг хүүхдийн аманд гурваас дээш шүд цоорсон байна. Аман дотроо идээт үрэвсэлтэй олон хүүхэд байсан.

Хүүхдүүд бүх өвчний суурийг амныхаа хөндий дотор агуулаад явж байна. Өдөрт идэж, ууж буй хоол хүнс болон шүдээ зөв угааж хэвших асуудал яригдана.

Хүүхдийн өвчлөл гэдэг бол гэр бүлийн асуудал. Гэр бүл өөрөө хэр эрүүл байна вэ?

Дөнгөж сүүн шүд гарахаас эхлээд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдвал эрүүл хүн болж өснө.  75 дугаар сургуульд энэ жил 183 хүүхэд үзлэгт хамрагдах ёстой. Түүнээс 170 хүүхэд үзлэгт орсон.

Холын хараа, ойрын хараа, нүдний ил харагдах гажгуудыг илрүүллээ.

Хол, ойрын хараа болон стерео хараа маш муу байгаа нь ажиглагдаж байна. Үүний шалтгаан бол утас, компьютерын хэрэглээ гэж дүгнэж болохоор.

Зүрхний эмч: Хүүхдийн зүрхний эмгэгийг эрт илрүүлэх нь маш чухал. Хоёрдогч эмгэгүүд хүндрэхээс сэргийлж байгаа гэсэн үг. Мөн зүрхний төрөлхийн гажгуудыг илрүүлж, амь насанд халтай зүрхний хэм алдалтаас сэргийлэх боломжтой.

Үүнийг эрт илрүүлж хяналтад авснаар гэнэтийн нас баралтаас урьдчилан сэргийлж болно.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих