Москвад болсон халдлагыг “Исламын улс” бүлэглэл үйлдсэн үү?

080АНУ, Европ, Орос, Хятад өөр хоорондоо сөргөлдөн, дэлхийн гуравдугаар дайнд бэлдэж байх үед “Исламын улс /ИУ/” бүлэглэл тэдний эсрэг дайн хэдийн явуулаад эхэлжээ гэж ВВС агентлаг онцолжээ.

ИУ-д хэн рүү дайрах нь хамаагүй, хамгийн гол нь дуулиан шуугиантай байх ёстой. Их гүрнүүд Украин болон Газын зурвас дахь мөргөлдөөнд анхаарлаа хандуулан, завгүй байгаа энэ үеийг ашиглан исламистууд сүүлийн үед ихээхэн идэвхжээд байна гэж АНУ-ын “The Wall Street Journal”, Катарын “Al Jazeera” бичиж байна.

ИУ-ын хувьд эдгээр гүрэн бүгд л дайснууд нь. Орос, ИУ хоёр эртний дайснууд гэж “The Wall Street Journal”-д онцолжээ. 2015 онд тус бүлэглэл Египетээс ниссэн Оросын иргэний агаарын тээврийн онгоцыг дэлбэлсний хариуцлагыг өөртөө үүрч байсан бол 2022 онд ИУ Кабул дахь Оросын элчин сайдын яаманд халдлага үйлдэж байв.

Харин өнгөрсөн баасан гарагт ИУ-ын алан хядагчид Москвагийн ”Крокус сити холл” цогцолборт халдлага үйлдэж, үүний улмаас 130 гаруй хүн амиа алдсан билээ.

Исламистуудын хувьд Кремльд дайсагнах шалтгаан нь Афганистаны болон Чечень дэх дайн. Сири болон Баруун Африк дахь ИУ-ын үүрүүдийн эсрэг явуулсан Оросын цэргийн ажиллагаанууд тус бүлэглэлийн уур хилэнг асаасан юм.

ИУ-д Москвад халдлага үйлдэх ямар шалтгаан байв?

“Al Jazeera” агентлагийн бичсэнээр, сүүлийн үед ИУ-ын суртал ухуулга Оросын тэргүүн Владимир Путиныг мусульманчуудын дайсан хэмээн дүрслэх болжээ. Орос нь ИУ болон Сири дэх салбар бүлэглэлийн эсрэг ажиллагаанд оролцож, талибуудтай харилцаа тогтоохоор ажиллаж байгаа нь дайсагнах гол шалтгаан болж байна гэж АНУ-ын Клемсоны их сургуулийн дэд профессор Амира Жадун онцолжээ. “Крокус” төвд хийсэн халдлагыг ИУ-ын Афганистан дахь “Вилаят Хорасан” үүр хийсэн гэж үзэж байна.

“The Wall Street Journal” онцолсноор, Талибан хөдөлгөөн нь ИУ-ын заналт дайсан бөгөөд ИУ нь Оросыг талибуудын анд нөхөр гэж үздэг гэж Вашингтонд төвтэй Уилсоны төвийн Өмнөд Азийн хүрээлэнгийн захирал Майкл Кугелман дурджээ.

Сүүлийн үед ИУ-ын Афганистан дахь үүр хилээ тэлж, Сири, Иракаас ялагдал хүлээж, эдгээр улсаас гарч байна. Москвад болсон үйл явдал үүнтэй холбоотой гэж Цэргийн мөргөлдөөнийг судлах “Militant Wire” төвийн тэргүүн Лукас Веббер тодруулсан байна.

Цагаачдыг элсүүлэх нь

ИУ-ын стратеги нь ховор бөгөөд оновчтой халдах. Гол зорилго нь хүчирхэг хүч гэсэн имиж бүрдүүлэх явдал юм.

“The Wall Street Journal” хэвлэлд бичсэнээр, Украинд дайн эхэлснээс хойш исламистуудад Төв Азийн цагаачдыг элсүүлэхэд илүү хялбар болсон. Учир нь Орос ажлын хүчний хомстолд ороод байгаа тул Төв Азийн цагаачдын тоо нэмэгдсэн. Цагаачид оросоор муу ярьдаг, Оросын хүчнийхэн тэднийг баривчлах ажиллагаа явуулан, фронт руу илгээдэг гэж ВВС агентлаг бичжээ.

Чулуу хөөлгөх арга уу?

Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байхад АНУ-ын эрх баригчид Крокуст болсон халдлага Украинтай ямар ч холбоогүй хэмээн мэдэгдэл хийж байгаа нь эсрэгээр нотолгоо болж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгджээ. “Крокус сити холл”-д болсон эмгэнэлт явдлын тухай мэдээлэл гарсан даруйд халдлагад Киев ямар ч холбоогүй гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохицуулагч Жон Кирби мэдэгдсэн.

Одоогоор халдлагад Украин эсвэл украин хүн оролцсон гэх ямар нэгэн баримт алга байна. Ямар үндэслэлээр Вашингтон үүнд хэн нэгэн хамаагүй гэсэн дүгнэлт хийж байна вэ гэдэг нь том асуулт.

Хэрэв АНУ эсвэл аль нэгэн улсад баттай мэдээлэл байгаа бол Оросын талд даруй өгөх ёстой. Эс бөгөөс Цагаан ордон ч тэр хэн бугайд ч хэн нэгнийг хаацайлах эрх байхгүй гэж Захарова мэдэгджээ.

Энэ сарын 22-нд Красногорск дахь “Крокус сити холл” цогцолборт алан хядах ажиллагаа болсон билээ. “Пикник” хамтлагийн концерт эхлэхээс өмнөхөн зэвсэглэсэн этгээдүүд концертын танхимд орж, үзэгчид рүү гал нээн, улмаар барилгад гал тавьж, зугтсан. Энэ сарын 24-ны байдлаар, 137 хүн амиа алдаж, 110 хүн эмнэлэгт хүргэгдээд байна.

Энэ сарын 23-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ард иргэддээ хандан үг хэлэхдээ, алан хядах ажиллагааг гүйцэтгэсэн бүх этгээдүүдийг илрүүлж, зохих шийтгэл оногдуулна хэмээн мэдэгдэв.

Путины хэлснээр, халдлага үйлдсэнийхээ дараа алан хядагчид Украины зүг зугтаж байсан ба тэдэнд хил давах “цонх” бэлдсэн байжээ.

Оросын аюулгүй байдлын холбооны алба холбогдох хүчний байгууллагуудтай хамтран алан хядагчдын бүх хамсаатныг илрүүлэхээр ажиллаж байна. Орос улс нарийн төлөвлөсөн алан хядах ажиллагаа төдийгүй энгийн иргэдийг олноор хөнөөх зохион байгуулалттай аллагатай нүүр туллаа гэж В.Путин онцлон тэмдэглэжээ.

“Энэ балмад гэмт хэргийг гүйцэтгэсэн, зохион байгуулсан, захиалсан бүх этгээдүүд зүй ёсны шийтгэлээ амсах болно. Тэд хэн ч байсан, тэднийг хэн ч илгээсэн бай шийтгэлээ амсах болно. Алан хядагчдын ард зогсож, Орос, Оросын ард түмний эсрэг аймшигт хэргийг бэлдсэн хүн бүрийг тогтоож, гэсгээнэ” хэмээн Путин мэдэгдэв.

Бүх зүйл илт

АНУ-ын албаны хүмүүсийн “Крокус” дахь халдлагын ард хэн байгаа тухай хийж буй мэдэгдлүүд ямар ч баримт, нотолгоогүй гэж шинжээчид үзэж байна гэж RT бичжээ. Тэд алан хядлагыг төлөвлөж, зохион байгуулсан жинхэнэ этгээдүүдийг хаацайлахын тулд өөрсдийнхөө хувилбарыг тулгахыг оролдож байна.

Оросын энгийн иргэдэд хийсэн халдлага хэнд ашигтай нь тодорхой гэж “Национальная оборона” сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Коротченко үзэж байна.

Энэхүү алан хядах ажиллагааны ард Украинд бий. “Бусдын туган дор” алан хядах ажиллагааг зохион байгуулсан Украины тагнуулын ерөнхий газар. АНУ үүнд Исламын улс бүлэглэл хамаатай гэх хувилбарыг дэвэргэж байна. Үүгээрээ тэд Киевийг алан хядах ажиллагааг төлөвлөж, Оросын хүчнийхний саатуулсан хүмүүсийн гараар гүйцэтгүүлсэн хариуцлагаас мултлахыг оролдож байна гэж Коротченко онцолжээ.

Шинжээч Сергей Гончаровын ярьснаар, Вашингтон мэдэгдлээрээ төөрөгдүүлэхийг хүсэж байна. Ажиллагааг гүйцэтгэх арга барил нь илт ялгаатай байгаа төдийгүй гэмт этгээдүүд Украины зүг зугтахыг оролдсон. Гэтэл АНУ-ын албаны хүмүүс мэдэгдлээрээ гэмт этгээдүүд Исламын улс бүлэглэлийн алан хядагчидтай холбоотой гэсэн мэдээллийг сэвэхийг хичээж байна.

“Тэд Исламын улс бүлэглэлийнхэн биш. Харин Оросын олон арван хүнийг мөнгөний төлөө буудсан араатнууд юм. Исламын Улс бүлэглэлийн алан хядагчдын арга барилаас илт ялгагдаж байна. Бүх зүйл тодорхой байна. Ялангуяа В.Путин тэдэнд Украины хилээр гарах “цонх” бэлдсэн байсан гэж онцолсны дараа. Өөр ямар нотолгоо хэрэгтэй вэ” гэж Гончаров онцолжээ.

Барууны зарим ухуулагчид энэ хэрэгт зориудаар Украиныг холбох гэж оролдож байна гэж Оросыг буруутгахыг хичээж байна. Бид өөрсдийнхөө иргэдийг буудан хөнөөж, хэргийг Украинд тохохыг хүсэж байна гэж тэд худал ярьж байна. Эмгэнэлт хэргийн буруутныг Украинд, Украины ТЕГ болон АНУ, Их Британийн эрх баригчдаас хайх ёстой. Бүх зүйл илт байна гэж Гончаров онцолсон байна.

Эх сурвалж: ВВС, RT



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих