Японы Ерөнхий сайдын Тайванийн талаар хийсэн мэдэгдэл Хятадын уурыг хүргэлээ

image-83ff6bb7-543a-4f19-bab0-86303d74ddabӨнгөрсөн долоо хоногт Хятад, Японы хооронд маргаан гарчээ. Энэ бүхний эхлэл нь Японы шинэ Ерөнхий сайд Санаэ Такаичи “Хятад улс Тайвань руу халдвал Япон өөрийн "Өөрийгөө хамгаалах хүчин"-ийг дайчлан хариу арга хэмжээ авч магадгүй” гэж хэлснээс үүдэлтэй аж.
Үүнээс хойш хоёр улсын Гадаад хэргийн яамд харилцан эсэргүүцэл илэрхийлж, зарим хэвлэлийн мэдээлснээр Хятадын нэг дипломатч Такаичид заналхийлсэн үг хэлжээ. Энэхүү маргаан нь Хятад, Японы түүхэн өш хонзон, мөн Тайванийн бүрэн эрхийн асуудлаарх “стратегийн тодорхой бус байдал”-тай холбоотой юм.
Маргаан өнгөрсөн баасан гарагт Японы парламентын хуралдааны үеэр эхэлсэн. Сөрөг хүчний нэг гишүүн Такаичигээс “Тайваньд ямар нөхцөл байдал үүсвэл Японы хувьд амь насыг нь заналхийлж буй нөхцөл гэж үзэх вэ?” гэж асуусан байна.
Такаичи хариулахдаа:
“Хэрвээ байлдааны хөлөг онгоц оролцож, хүч хэрэглэх нөхцөл байдал үүсвэл, энэ нь амь насыг заналхийлсэн нөхцөлд тооцогдоно” гэжээ.
“Амь насыг заналхийлсэн нөхцөл” гэдэг нь Японы 2015 оны аюулгүй байдлын хуульд заасан хууль зүйн нэр томъёо бөгөөд холбоотон улсад зэвсэгт халдлага гарч, энэ нь Японд ноцтой аюул учруулж болзошгүй үед хэрэглэгддэг. Энэ тохиолдолд Японы Өөрийгөө хамгаалах хүчнийг дайчлах боломжтой.
Хятадын Гадаад хэргийн яам түүний үгийг “тун ноцтой” хэмээн буруушаасан байна. Бямба гарагт Хятадын Осака дахь консул Сюэ Жян Японы хэвлэлд гарсан энэхүү мэдээг X дээр хуваалцаж, “Хоолойгоо дүрсэн бохир толгойг тас цавчих хэрэгтэй” гэсэн үг хавсаргасан байна.
Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Минору Кихара энэ мэдэгдлийг “туйлын зохисгүй” гэж үзэж, Токио Бээжинд албан ёсоор эсэргүүцлээ илэрхийлжээ. Үүний хариуд Хятад ч мөн Японд гомдол гаргажээ. Мягмар гарагт Такаичи үгээ буцаахгүй гэдгээ мэдэгдээд, “Засгийн газрын уламжлалт байр суурьтай нийцэж байна” гэж хамгаалсан байна. Гэхдээ тэрээр цаашид тодорхой нөхцөл байдлын талаар болгоомжтой байр суурь илэрхийлнэ гэж нэмж хэлжээ.

Түүхэн өш хонзон

Хоёр улсын хооронд XIX зуунаас хойших олон зэвсэгт мөргөлдөөн, мөн Японы Дэлхийн II дайны үеийн Хятадад явуулсан харгис халдлага зэргээс үүдсэн гүн гомдол өнөөг хүртэл оршсоор ирсэн. Шинзо Абэгийн шавь гэгддэг Такаичигийн Засгийн газар гарч ирснээр цаашид хоёр улсын харилцаа улам хурцдаж болзошгүй байна. Тэрээр АНУ-тай холбоогоо бэхжүүлэх бодлого баримталж, Японы батлан хамгаалах төсвийг нэмэгдүүлэхээ амласан нь Бээжинг түгшээж байгаа юм. Мөн Такаичи нь Хятадын талаар хатуу байр суурьтай, Тайванийг дэмждэг улс төрчөөрөө алдартай. Тэрээр өмнө нь “Хэрвээ Хятад Тайванийг бүслэх юм бол энэ нь Японы аюулгүй байдалд заналхийлнэ” гэж хэлж, Япон цэргүүдээ хөдөлгөж болохыг ч дурдаж байв.
Хятад улс Тайванийг өөрийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд хүч хэрэглэж болохыг үгүйсгэдэггүй. Энэ нь Тайпэй болон бүс нутгийн холбоотнуудыг түгшээдэг.

Яагаад энэ удаагийн мэдэгдэл маргаан дагуулсан бэ?

Японы Ерөнхий сайдын сүүлийн мэдэгдэл нь тус улсын баримталж ирсэн Тайванийн асуудлаарх “тодорхойгүй” байр сууриас зөрсөнд оршино. АНУ олон жил “стратегийн тодорхой бус байдал” буюу Хятад Тайвань руу халдвал яг яахаа ил тод хэлдэггүй бодлого баримталж ирсэн. Энэ нь нэг талаас Хятадыг эргэлзээнд байлгах замаар сэргийлэх үүрэг гүйцэтгэж, нөгөө талаас эдийн засгийн харилцааг хадгалах боломж олгосон.
Японы албан ёсны байр суурь нь Тайванийн асуудлыг “энхийн замаар, яриа хэлэлцээгээр шийдэхийг хүсэж байна” гэдэг. Тиймээс ихэнх япон албан тушаалтнууд аюулгүй байдлын асуудлаар ил тод хэлэлцэхдээ Тайванийг дурдахаас зайлсхийдэг. 2021 онд тухайн үеийн дэд Ерөнхий сайд Таро Асо “Хятад Тайвань руу халдвал Япон АНУ-тай хамтран хамгаалах шаардлагатай” гэж хэлсний дараа Бээжин хурцаар шүүмжилж, “алдаагаа зас” гэж мэдэгдэж байв.
Харин энэ удаад Хятадын Гадаад хэргийн яам Такаичигийн мэдэгдлийг “Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр хөндсөн үйлдэл” гэж нэрлэж, “Тайвань бол Хятадын Тайвань. Гадаадын оролцоог Хятад тэвчихгүй” гэж мэдэгджээ.
https://itoim.mn/a/2025/11/12/world/uec?32e0da011a98c99140cc44e3dc8dc1e5


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих