30 гаруй жилийн дараа...
Цөмийн зэвсэг, түүнийг турших гэх үг дуулдаад байх болжээ. “Бусад улсууд туршилт хийгээд байхаар нь тэдэнтэй эн тэнцүүхнээр цөмийн зэвсэг туршиж эхлэхийг би Батлан хамгаалах яам (Пентагон)-ндаа үүрэг болголоо. Энэ ажил даруй эхэлнэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сарын 30-ны шөнө нийгмийн сүлжээнд бичив. Энэ нь Ази тивийн улсуудаар аялж, айлчилж явахдаа БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй БНСУ-д уулзахын нь өмнөхөн юм.
Сүүлийн жилүүдэд БНАСАУ-аас бусад нь цөмийн зэвсэг туршихгүй овоо байсан юм сан. Умард Солонгос ч 2018 оноос түүнээс татгалзах болсон. Хэвлэлд бичсэнээс үзвэл ийм туршилт хийхийг АНУ-ын Эрчим хүчний яам хариуцдаг болохоор Цагаан ордны тэргүүн Пентагонд тушаах учиргүй аж. Тиймээс цөмийн зэвсгийн тухай биш түүнийг тээгчийг турших тухай Трамп хэлсэн байх гэж шинжээчид, тайлбар¬лагчид таамагласан байна. Түүнээс гадна цөмийн зэвсэг туршихын тулд удаан хугацаанд бэлтгэх шаардлагатай байдаг тул “даруй эхэлж” бас чадахгүй гэнэ.
Цөмийн зэвсгийг бүх нийтээр хориглох гэрээг 1996 оноос хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Түүнд 187 улс гарын үсэг зурсан ч 178 нь батламжилсан. Гол 44 улс гарын үсэг зурж, батламжлаагүй бол уг гэрээнд зааснаар тэр хүчин төгөлдөр болохгүй. Одоогоор тэдний ес нь батламжлаагүй, Умард Солонгос, Энэтхэг, Па¬кистан гарын үсэг зураагүй байна. Гарын үсэг зурсан хэрнээ АНУ, БНХАУ, Израил, Орос батламжлаагүй байна. Эд бүгд цөмийн зэвсэгтэй. Гэрээ ч хүчин төгөлдөр болоогүй, цөмийн туршилт хийхээс татгалздаг улс ч гэж байхгүй. 1990-ээд оны эцсээс 10 орчим улс цөмийн туршилт хийсэн. Энэтхэг, Пакистан улс 1998 онд тус бүр хоёр, 2006-2017 онд Умард Солонгос зургаан удаа хийгээд байна. НҮБ-ын баримтаар 1945-1996 онд дэлхий дахин цөмийн туршилт 2000 гаруй удаа хийжээ. ЗСБНХУ сүүлчийн удаа 1990, Британи 1991, АНУ 1992, Франц, Хятад 1996 онд тус тус цөмийн туршилт хийсэн байна.
Цөмийн зэвсэг шинээр бий болгох, хуучнаа сайжруулах, нөөцөө байлдааны бэлэн байдалд байлгахад туршилт хэрэгтэй юм байна. Цөмийн дайн хийх болоход зэвсэг нь саадгүй гэдэгт цэргийнхэн итгэлтэй байхыг хүсдэг аж.
Трамп цөмийн туршилт хийх асуудлыг хөндөхдөө Хятадын цөмийн зэвсгийн тоо нэмэгдэж байгааг хөндсөн байна. Си Зиньпинтэй уулзахын өмнө ийн бичсэн болохоор голлон түүнд зориулсан гэж үзэж болох. Хятадын цөмийн зэвсэг нэмэгдэж, сайжирч байдаг нь АНУ-ын сэтгэлийг түгшээдэг байх нь. Далавчит пуужин, усан доогуур явдаг хүнгүй завь гэсэн цөмийн зэвсэг тээгч стратегийн хоёр төхөөрөмж туршсанаа Трамп, Си Зиньпин хоёрыг уулзахын урьд өдөр нь Путин мэдэгдсэн. “Талууд үүнээс техникийн илүү их мэдээлэл аваад өөрийн зэвсгийг боловсронгуй болгохыг хичээнэ”. Куинс их сургуулийн Олон улсын болон Батлан хамгаалах бодлогын төвийн ажилтан Максим Старчак сэтгүүлчдэд ийн ярьжээ.
Цөмийн туршилт хийх тухай Трампын мэдэгдэл улс төрийн хүрээнд ч, олон нийтийн дунд ч эвгүй байдал бий болгочихлоо. Трамп цөмийн цэнэгтэй хошуу дэлбэлэх тухай ярив уу, эсвэл цэнэгт хошуу зөөх пуужингийн тухай ярив уу гэдэг нь тодорхойгүй үлдэв. АНУ-ын стратегийн командлагчийн суудалд Трампын дэвшүүлсэн Ричард Коррелл энэ нь “Цөмийн туршилт биш, Трапм нэгэнт “энэ тэнцүү нөхцөлд” гэсэн болохоор Орос ч, Хятад ч цөмийн дэлбэрэх бодисын туршилт хийгээгүй байгаа тул түүнд би ямар ч ач холбогдол өгөхгүй, ямар нэгэн дүгнэлт хийхгүй” гэж хэллээ.
АНУ-ын Невада мужийн туршилтын талбайд ажиллаж байсан хүмүүс “Washington Post” сонины сэтгүүлчийн асуултад хариулахдаа цөмийн туршилтыг сэргээх Трампын төлөвлөгөө их нарийн төвөгтэй, зардал ихтэйг онцолсон байна. Өнөө цагийн цөмийн туршилт компьютерын загвар дээр үндэслэгдсэнийг, хуучин юм “ул” болсныг тэд тэмдэглэжээ. Сүүлийн үед туршилтын объектуудыг үзсэн хүмүүс тоног төхөөрөмжүүд нь зэвэнд идэгдсэн, энэ талбайг засаж сайжруулахаар болсон байна гэж дүгнэжээ. “Халагдаж солигдсоор тэнд ажиллах хүмүүс нь ч хүрэлцэхээ больжээ. Тиймээс туршилт хийх ажлыг сэргээхэд олон жил зарцуулна” гэж үзэж байна.
Атомын бөмбөг гээчийг анх бэлтгэж, 1945 онд Нью-Мексико мужид туршсан улс нь Америк юм. Дэлхийн II дайны эцсээр АНУ-ын Агаарын цэргийн хүчний бөмбөгдөгч В-29 “Энола Гей” онгоц 1945 оны наймдугаар сарын 6-нд Японы Хиросима хотод атомын бөмбөг хаясан юм. Тус улс 1945-1996 онд 1032, ЗХУ 1949-1990 онд 715, Британи 1952-1991 онд 45, Франц 1960-1996 онд 210, Хятад 1964-1996 онд 45 цөмийн туршилт хийжээ. Стокгольмд байдаг Олон улсын судалгааны хүрээлэнгийн баримтаас үзвэл 2024 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхий дээр 12 121 цөмийн цэнэгт хошуу бий болгосны 9585 нь бэлэн байдалд нөөцөд байгаа бол 3904 нь шуурхай хүчний бүрэлдэхүүнд буй юм байна. Тэдний 2100 нь өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Цөмийн зэвсгийн тоогоор Орос (5580) тэргүүлж, АНУ (5044) хоёрт, Хятад (500) гуравт орж, Франц (290), Британи (225), Энэтхэг (172), Пакистан (170), Израил (90), Умард Солонгос (50) ард нь явна.
Гэвч Трампын хэлснээр бол одоо АНУ бусад аль ч орноос илүү цөмийн зэвсэгтэй болоод буй гэнэ. Тэрбээр Орос хоёрт, Хятад гуравт орж буй ч таван жилийн дараа Хятад бидэнтэй зэрэгцээд ирнэ гэж хэлсэн байх юм. Орос, Америкийн цөмийн зэвсгийн тоо янз бүрийн эх сурвалжид зөрүүтэй байдаг ч түүний нөөц чадлыг зөвхөн цэнэгт хошууны тоогоор биш зөөгч хэрэгслийн тоогоор хэмждэг юм байна. АНУ 1992 оноос, ОХУ 1990 оноос хойш цөмийн зэвсэг туршаагүй байна. Гэтэл холын тусгалыг нь хязгаарлаагүй цөмийн төхөөрөмжтэй “Буревестник” далавчит пуужин, цөмийн эрчим хүчний төхөөрөмжтэй усан доогуур явдаг хүнгүй “Посейдон” аппарат туршлаа хэмээн Владимир Путин мэдэгдлээ. Харин цөмийн зэвсэг туршаагүй аж.
Цөмийн болон халуун цөмийн зэвсэг гэдэг нь хүн зохион бий болгосон хамгийн хүчтэй, хамгийн их хөнөөлтэй эд юм. Олон улсын гэрээ, хэлэлцээрийн дүнд атомын бөмбөг турших үйл явц олон арван жил зогссон атал ийм туршилтыг сэргээхээр төлөвлөж буйгаа зарим улс орон илэрхийлэх болж байна. АНУ асар хүчтэй атомын бөмбөг туршихаар бэлтгэж буй нь энэ сарын 2-нд тодорхой боллоо. Цөмийн зэвсэг туршихад хуваагдах урвал явагдаж, тодорхой элементийн цөм нь хоёр хуваагдсанаас асар их хэмжээний эрчим хүч, нейтронууд суллагдаж, маш богино хугацаанд бусад биетийн цөмд нэвтэрч тэднийг устгана. Цөмийн ийм гинжин урвалын эцэст асар их эрчим хүч бий болж дэлбэрнэ. АНУ-ын Ерөнхийлөгч сая заналхийлсэн аястай үг хэлэхдээ 2023 оны тавдугаар сард Умард Америкийн цэргийнхэн асар хүчтэй дэлбэрэлт газар доор хийсэн талаар дурссангүй.
Цөмийн хөдөлгүүртэй далавчит пуужин “Буревестник” нь агаарт 15 цаг болохдоо 14 мянган километр зам туулсныг ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Валерий Герасимов өнгөрсөн сарын 26-нд Кремлийн тэргүүнд мэдэгджээ. Ийм юм болсныг НАТО-гийн орнуудаас Норвег нотлов. Тус улсын цэргийн тагнуулын байгууллагын удирдагч, дэд адмирал Нильс Андреас Стенсёнес өнгөрсөн сарын 27-нд мэдэгдэхдээ Орос улс Баренцийн тэнгис дэх Шинэ газар арлаас “Буревестник” пуужингийн “шинэ туршилт хийлээ” гэжээ. Цөмийн зэвсгийг хориглох, үл дэлгэрүүлэх Венийн төвийн тэргүүлэх ажилтан Николай Соковын үгээр бол АНУ, ЗСБНХУ 1960-аад онд л цөмийн хөдөлгүүртэй далавчит пуужинг туршиж байжээ. Москвагийн мэдэгдсэнээр пуужингийн эсрэг хамгаалалтын тухай гэрээнээс АНУ гарсны хариуд шинэ технологи бий болгох ажилд оросууд 2000-аад оны эхээр орсон байна. Түүний үр дүнд бий болсон “Буревестник”-ийг Өрнөдөд “нисдэг Чернобыль” гэх болжээ. Түүнд хоёр давуу тал байгаа нь нислэгийн холын зай хязгаар байхгүй, хаанаас ч цохилт өгөх боломжтой нь гэж шинжээчид үзэж буй. Урьдчилсан төлөв байдлаар “Буревестник” нь бусад пуужинтай, тухайлбал Америкийн “Tomahawk” юм уу, Оросын Х-101-тэй дүйцнэ. Түүний хурд цагт хэдэн зуун километр учраас агаараас эсэргүүцэн хамгаалах газрын ердийн системд өртөмхий. Энэ пуужинг Украинд одоо Оросын эсрэг хэрэглэж байгаа шиг сөнөөгч онгоцноос хөөргөж болно. “Буревестник”-ийн цөмийн байлдааны цэнэг нь олон зуун килограмм, Хиросима, Нагасакид хаясан бөмбөгнөөс олон дахин хүчтэй гэж “Оросын цөмийн зэвсэг” төс¬лийн удирдагч Павел Подвиг үзэж байна. Түүний хэлснээс энэ нь “хариу барих” зэвсэг, дайсны хотуудын эсрэг түүнийг хэрэглэвэл хохирол нь хэдэн зуун мянган хүний амь байх аж.
НАТО-гийн туршилт, Украины эсрэг өдөөсөн дайнаас үүдэн Оросын эсрэг хоригоо нэмэгдүүлэхээр Дональд Трамп шийдсэний өнгөн дээр хийсэн Москвагийн энэ мэдэгдэл “сурталчилгааны шоу” ч байж болохыг Мюнхен дэх Бундесверийн их сургуулийн профессор Карло Массала үгүйсгэсэнгүй.
Р.Жаргалант

Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих