Их Британийн Донкастер хотоос Лондоныг чиглэсэн галт тэргэнд хутгатай этгээд халдлага үйлджээ

6a6b2731-1892-4657-84d2-367468d66fbb-1200x0-1edf02e6-5b68-420f-ada8-63ff22cf4cf4-001Өнгөрсөн бямба гаргийн орой Их Британийн бүрэлдэхүүн Английн Донкастер хотоос нийслэл Лондон хотын чиглэлд хөдөлсөн галт тэргэнд хутгатай этгээд халдлага үйлдлээ. Уг халдлагын үеэр 11 хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдээд байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тав нь хөнгөнөөр бэртсэн бөгөөд эмнэлгээс гарчээ.

Хэдийгээр халдлагын үеэр хүний амь нас эрсдээгүй боловч нэг хүн амь насанд халтай шарх авч, эмч нар түүнийг аврахаар тэмцэж байна. Биеийн байдал нь хамгийн хүнд байгаа өвчтөн нь Лондоны зүүн хойд төмөр замын сүлжээний галт тэрэгний ажилтан юм. Уг ажилтан гэмт этгээдийг халдлага үйлдэх үед зориг гаргаж, амь хайрлалгүй зогсоохыг оролдож, улмаар хүндээр шархадсан байна.
Галт тэрэгний ажилтны ачаар бусад зорчигчид халдлагаас эсэн мэнд үлдэж чадсан гэж хэргийн газарт байсан гэрчүүд ярьжээ. Халдлагыг 32 настай этгээд үйлдсэн гэж үзэн баривчлан саатуулаад байна. Уг этгээд Английн Питерборо хотын оршин суугч. Чухам ямар сэдэлтэйгээр галт тэргэнд хүйтэн мэсээр халдлага үйлдсэн нь тодорхойгүй байна. Британийн цагдаа нар уг халдлагыг террорист сэдэлтэй гэж одоогоор үзэхгүй байна.
Халдлагын сэжигтнээр 35 настай, Карибын улсуудаас гаралтай этгээдийг баривчлагдан саатуулагдаад байсан. Гэхдээ түүнийг уг халдлагатай ямар нэг байдлаар холбогдоогүй гэж үзээд өнгөрсөн шөнө суллажээ.
Халдлага орон нутгийн цагаар бямба гаргийн орой 19:30 минутын үед гарсан гэж үзэж байна. Халдлагаас хойш бараг хоёр хоногийн хугацаа өнгөрсөн бөгөөд цагдаа нар хэргийн газарт ажиллаж нотлох баримт цуглуулсаар байна.
Бямба гаргийн орой 18:25 цагийн үед Лондоны зүүн хойд төмөр замын сүлжээний Азума галт тэрэг Донкастер хотоос хөдөлсөн. Гадаа харанхуй болсон байсан. Галт тэргэнд тийм ч олон зорчигч байгаагүй. Галт тэрэг хөдөлснөөс хойш ойролцоогоор цагийн дараа зорчигчид хашгарах чимээ сонсогдсон байна. Цагдаагийн газарт 19:39 цагт анхны дуудлага ирсэн. Үүнээс хойш арав орчим минутын дараа буюу 19:50 цагийн үед галт тэрэг чиглэлээ өөрчилж Кэмбрижширийн Хантингдонд зогссон байна. Энэ үед цагдаа нар галт тэргэнд нэвтэрч сэжигтэй этгээдүүдийг баривчилжээ. Шөнийн 23:00 цагийн үед халдлагын үеэр гэмтэж шархдаагүй зорчигчдыг Лондон хүрэх чиглэлийн автобусанд суулгасан байна.
Их Британийн хаан Чарльз болон хатан Камила нар болсон хэрэгт цочирдож, ихээхэн сэтгэл түгшсэн тухай Букинхэмын ордноос мэдээлжээ.
Өнөөдөр Хантингдон галт тэрэгний зогсоол хаалттай хэвээр байна. Харин Лондон хүрэх галт тэрэгний чиглэлийг эргэн нээжээ.


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих