Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-тай уулзах хүсэлтэй байгаагаа Өмнөд Солонгосын талд илэрхийлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-той хийсэн уулзалтынхаа үеэр энэ жил Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэнээс гадна Өмнөд Солонгостой худалдааны цаашдын хэлэлцээ хийхэд нээлттэй байгаагаа илэрхийлэв.
Өнгөрсөн долдугаар сард хоёр тал худалдааны хэлэлцээр байгуулж, Өмнөд Солонгосын экспортыг хатуу тарифаас аварсан ч цөмийн эрчим хүч, цэргийн зардал, мөн АНУ-д 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх зэрэг Өмнөд Солонгосын амлалтыг багтаасан хэлэлцээрийн нарийн хэсгүүд дээр талуудын маргаан үргэлжилсээр байна.
И Жэ Мён Трамптай уулзсаныхаа дараа АНУ-ын өндөр албан тушаалтнууд, хоёр улсын компаниудын гүйцэтгэх захирлууд оролцсон бизнес форумд оролцлоо. Ерөнхийлөгчийн айлчлалтай зэрэгцэн Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээвэрлэгч Korean Air компани түүхэндээ хамгийн том захиалга болох 103 ширхэг Boeing онгоц худалдан авахаар болсон тухайгаа зарлажээ.
Хойд Солонгос Трампын мэдэгдэлд шууд хариу өгөөгүй ч улсынхаа төв хэвлэлээр АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт нь Вашингтоны Солонгосын хойгийг “эзлэх” болон бүс нутгийн орнуудад заналхийлэх зорилгыг нотолж байна гэж мэдээлжээ. И Жэ Мён ирэх аравдугаар сард болох APEC-ийн дээд хэмжээний уулзалтад Трампыг оролцохыг урьж, тэр үедээ Ким Жон Унтай уулзахыг зөвлөжээ.
Вашингтонд байрлах Стратегийн ба Олон улсын судалгааны төвд (CSIS) болсон арга хэмжээний үеэр И Жэ Мён “Хойд Солонгосыг хязгаарлах зорилготой асар их хориг арга хэмжээнүүд авсан ч үр дүн нь тэд цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөрөө тасралтгүй хөгжүүлсээр байна” гэж хэлжээ. Түүний мэдэгдснээр, одоо Пхеньян жилд 10–20 цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна.
Трамп Өмнөд Солонгост юуг анхааруулав?
Өмнөд Солонгосын эдийн засаг АНУ-аас ихээхэн хамааралтай. АНУ цэргийн хүч, цөмийн сөрөг хүчин чадлаараа Сөүлд баталгаа өгдөг. Трамп Өмнөд Солонгосыг “мөнгөний машин” хэмээн нэрлэж, Америкийн цэргийн хамгаалалтыг ашигладаг гэж шүүмжилсэн удаатай.
Трамп “Бид хэлэлцээр хийсэн гэж бодож байна. Тэдэнд зарим асуудал байсан ч бид байр суурин дээрээ хатуу зогссон” гэж хэлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж. Цагаан ордон ч сэтгүүлчдийн асуултад шууд хариулсангүй.
Трамп И Жэ Мён-той хамт сууж байхдаа Өмнөд Солонгост зарим сүм, цэргийн баазтай холбоотой мөрдөн шалгалтын талаар “тагнуулын мэдээлэл” ирсэн гэж дурдсан ч Цагаан ордон дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.
Энэ сарын эхээр Сөүл хотын цагдаа Саран Жэил сүмд нэгжлэг хийсэн бөгөөд уг сүмийг Ерөнхийлөгч асан Юн Сук Ёлыг дэмждэг протестант номлогч удирддаг болохыг тогтоожээ. Түүнчлэн долдугаар сард прокурорууд Юн онц байдал зарласан хэрэгтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж, АНУ-тай хамтарсан цэргийн баазын Солонгос талд нэгжлэг хийсэн байна. Гэхдээ энэ нь Америкийн цэрэг болон тэдний техник хэрэгсэлтэй холбоогүй гэж мэдэгджээ. Өмнөд Солонгосын барууны хүчнүүд, ялангуяа протестант сүмийнхэн болон Юны дэмжигчид түүнийг коммунистуудын хавчлагад өртсөн золиос гэж харж байгаа.
Мөн Трамп И Жэ Мён-д АНУ-ын Өмнөд Солонгост байрлуулсан 28,500 цэргийн зардалд Сөүл илүү их хувь нэмэр оруулах ёстойг сануулж, хамгаалалтын үүрэгт илүү хариуцлага хүлээлгэхээр шахаж байв. Түүнээс цэргийн тоог цөөрүүлэх эсвэл АНУ-ын бүс нутгийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх эсэхийг асуухад “Одоохондоо энэ талаар ярихыг хүсэхгүй байна” гэж хариулаад, Сөүлд байрлах АНУ-ын Кэмп Хамфрис баазыг “АНУ-д шилжүүлэн эзэмшүүлэх нь дээр байж мэднэ” гэж хэлжээ.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих