Өвчтөнөө сөхрүүлж, өөрсдөө хөлжсөн эмч нар хэн бэ?

ГССҮТГэмтлийн эмнэлэг олон жил муу удирдлагатай явснаас эзэнгүйдсэн газрын нэг болсон гэж олон нийт ярьдаг. Үнэндээ ч олны үг ортой юм. 54 жилийн түүхтэй, 500 гаруй ажилтан, албан хаагчтай, 12 мянган өвчтөн хэвтэн эмчлүүлдэг, 6000 гаруй нэр төрлийн мэс ажилбар хийдэг, улсын төсвөөс жилдээ 12 тэрбум төгрөг авдаг энэ газарт өнөөдөр юу болоод байна вэ. Өнгөрсөн долоо хоногт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан төлөвлөгөөт шалгалтыг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд оруулсан байна. Уг шалгалтаар үе солих мэс засал нэрийн дор иргэдээс их хэмжээнйй төлбөр бэлнээр авч, ашиг олдог байсныг тогтоож эл үйлдлийг таслан зогсоохыг хатуу анхааруулсан байна. Тодруулбал, ГССҮТ нь БНСУ-ын " Хьюндэ" нэгдсэн эмнэлгийн хооронд байгуулсан гэрээ нэрийн дор Өмнөд Солонгосоос тусламж нэрээр эмч авчирч, хиймэл үе, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр оруулах импортын лиценз хуйвалдан авч, эмчилгээ үйлчилгээнд хэрэглэхдээ үйлчлүүлэгчдээс бэлнээр төлбөр авдаг байжээ. Тиймээс МХЕГ-аас тус эмнэлгийн удирдлагад энэ байдлыг даруй таслан зогсоох талаар албан шаардлага хүргүүлээд байгаа юм. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эрх мэдэл бүхий эмч нар бүгд ардаа бизнестэй, энэ нь хууль бус гэдгийг мэргэжлийн байгууллага нь тогтоочихлоо. Тангараг өргесөн цагаан нөмрөгтнүүд өнөөдөр үхэл амьдралын зааг дээр ирсэн өвчтөнүүдээ хэрхэн сөхрүүлж, өөрсдөө яаж хөлжсөн болохыг эрэн сурвалжлахаар холбогдох байгууллагын албан тушаалтнуудтай уулзаж, зарим баримтыг олж авснаа хүргэж байна. ЭМНЭЛГИЙН ЭКС ДАРГА ҮЕ СУУЛГАХ ХАГАЛГААНЫ "ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ" ГЭНЭ Өвчтөнөө "барьцаалсан" ийм бизнес олон жилийн турш үргэлжилж байгаа аж. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар хоёр төрлийн бизнест хүчээ сорьдог байна. Нэгдүгээрт, түгжээт хадаас, хоёрт, имплант буюу хиймэл үе суулгах мэс ажилбар ордог байна. Үүнээс хамгийн их ашиг орлого авчирдаг нь хиймэл үе суулгах хагалгаа юм байна. Өөрөөр хэлбэл, яс нь үйрсэн, зөрсөн, хугарч бутарсан өвчтөнд уг хагалгааг хийдэг гэсэн үг. Хагалгааг хийхдээ яс бэхжүүлэх төмөр материал хийдэг бөгөөд уг төмрийг хаанаас яаж олохыг өвчтөнүүдийн ар гэрийнхэн мэддэггүй аж. Тиймээс л энэ бүхэнд эмч зуучлагчийн үүргийг гүйцэтгэж ашиг орлогынхоо эх үүсвэр болгодог байна. Гэхдээ бас болоогүй энэ хагалгааг дуртай эмч нар нь хийж чаддаггүй гэсэн. Энэхүү хагалгааг хамгийн анх Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргаар ажиллаж байсан С.Отгонгэрэл хийдэг байсан аж, Одоо тэрээр тус эмнэлэгтээ зөвлөхөер ажилладаг. Тиймээс С.Отгонгэрэл даргыг үе суулгах хагалгааны "загалмайлсан эцэг" гэж нэрийддэг гэсэн. Экс даргын цэцэглүүлсэн энэ бизнес өнөөг хүртэл өргөжин тэлж үүнийг дагасан авлига одоо хүртэл тус эмнэлэгт бугшсан хэвээр байгаа аж. Хагалгаа бүр тус тусдаа үнэтэй. Хиймэл үе суулгах хагалгаа гэхэд 3500-4500 доллар, түгжээт хадаас, эрүү нүүрний мэс засал нь хоёроос таван сая төгрөгийн хооронд хэлбэлздэг байна. Уг нь зүй ёсоороо бол эдгээр хагалгааг үнэгүй хийх ёстой бөгөөд улсын төсвөөс дээрх хагалгаанд зориулж жилдээ 700 гаруй сая төгрөгийг эмнэлгийн төсөвт суулгаж өгдөг байна. Харамсалтай нь, эмч нар өвчтөнүүдэд үнэгүй хагалгаа хийж өгөх дургүй, өөрсдөө авах сонирхол их учраас энэ бүхнийг хаалганы цаана буй өвчтөнүүд хэзээ мэдэж амжих билээ дээ. Хүнээ л аварч байвал их, бага мөнгөний ялгааг мэдэрч амжихгүй хөөрхий өвчтөнүүдийн ар гэрийнхний сэтгэл зүй дээр ийнхүү тоглодог эмч нар ингээд дуусахгүй. Тухайлбал, ГССҮТ-ийн Эрүү нүүрний тасгийн их эмч Баасанжав нэг хагалгааг 3-5 сая төгрөгөөр хийдэг байна. Үүнийг баталгаажуулахын тулд АТГ-ынхан өвчтөнүүдийн өвчтөний түүхтэй (историтой) танилцаж зарим нэг иргэдтэй холбогдоод байгаа гэсэн. Хууль хяналтынхан шалгаад үнэн мөнийг нь тогтоож чадвал тухайн өвчтөнүүд эмчид өгсөн мөнгөө эргүүлж авах боломж ч гарч магадгүйг эх сурвалж үгүйсгэхгүй байгаа юм. Үнэндээ ч хүний зовлонгоор хөлжиж байгаа эмч нарт хатуухан арга хэмжээ авахад илүүдэхгүй байх. Ер нь тухайн эмнэлэгт хагалгаа гэдэг бизнесийн нэг талбар болсон гэдэгтээ олон хүн санал нийлжбайна. Саяын Мэргэжлийн хяналтын газрын шалгалтын явцад үе түнхний хагалгааг хийх өрсөлдөөн болсон тухай тус газрын байцаагч ярьсан байна лээ. МХЕГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын улсын ахлах байцаагч Ш.Оюунчимэг ярихдаа, " Үе түнхний хагалгааг ГССҮТ-ийн нэг давхарт 4500, нөгөөд нь 3600 доллараар хийж байсан. Учрыг лавлаад асуухаар " Би хувийн аппаратаа ашиглаад ард түмний сайн сайхны төлөө үүнийг хийж байна" гэсэн тайлбарыг хагалгаа хийдэг эмч нь хэлсэн. Тус эмнэлэгт дурангийн хоёр аппарат байдаг бөгөөд нэг нь хувь хүнийх, нэг нь байгууллагын мэдлийнх байна. Уг нь Засгийн газрын 2012 онд гаргасан тогтоолоор үений хагалгаа хийлгэсэн хүнд таван сая төгрөг буцаан олгогдож байгаа аж. Харин үүнийг зарим нэг эмч ийнхүү зөрчөөд байгаагийн илрэл нь энэ юм. ХАГАЛГАА Ч ХИЙНЭ, ТЕНДЕРЭЭ Ч АВНА Тус эмнэлгийн эмч нар протезийн мөнгө, эмнэлгийн тоног төхөөрөмж хэрэгсэл эмнэлгийн газраар хөлжсөн, тендер хууль бусаар авсан гээд багагүй хэл аманд ордог. Тухайлбал, ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Б.Баттөгс нь Эм, эмнэлгийн худалдан авах тендерийг хариуцдаг байжээ. Тэрээр өөрийн хувийн компани болох "Orthopaedic Implants" дамжуулан мэс засалд ашиглах эмнэлгийн хэрэгслийг нийлүүлдэг аж. Үүнд, мэс заслын гадна бэхэлгээ, ясны хугарлын спиз, шураг, ясны татлага, тархины мэс залын имплант, нурууны мэс заелын пластик шураг, тархины яс нөхөгчийн аппарат зэрэг ордог байна. Эмнэлгийн тендер бүр Баттөгс эмчийн гараар орж тендерээс багагүй ашгийг хүртэж явдаг талаар эмнэлгийн ажилчид хэлж байсан. Үнэндээ түүний өмнөх удирдлагатайгаа тогтоосон хэлхээ бат, хэтэвч нэг нь түүнийг хяналтад байлгадаггүй, дураараа дургих боломж олгодог байна. Тендерийг хувийн компанидаа хууль бусаар   авсан хэргийг нь АТГ-аас шалгаж үзээд цалингийн 30 хувиар торгох арга хэмжээ авчээ. Ашиг сонирхлын зерчилтэй эмч нартаа АТГ-ынхан хэзээ ийм зөөлөн ханддаг болсныг бүү мэд. Одоо яригдаад байгаа үе суулгах хагалгаанд гэхэд олон эмч нар холбогдоод байгаа бололтой. Тухайлбал, Насанд хүрэгчдийн тасгийн их эмч Д.Мөнхбаяр, их эмч С.Сүхбат, их эмч н.Мөнхсайхан, их эмч н.Жаргалсайхан, хагалгааны ахлах сувилагч Ц.Болорчимэг нар үений хагалгаа хийх ажлыг гардан хийж ашиг орлогоо хуваадаг байна. Эмчийн тангарагаа хөсөр гээж, энгийн иргэдийн халаасыг тэмтэрсэн эдгээр эмч нарын тухай мэдээллийг дараагийн дугаартаа хүргэх болно. Үргэлжлэл бий. В.САРАНТУЯА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Сэтгэгдэлүүд 3

Сэтгэгдэл бичих