"НДШ-ийг 1 хувь бууруулбал орлого 265 тэрбумаар тасарна"
Өнгөрсөн долоо хоногт Нийгмийн даатгалын шимтгэл/НДШ/-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжиж саналаа өгсөн. Ингэснээр УИХ эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх болоод байгаа. Тодруулбал, УИХ-ын тухай хуульд D-Өргөдөл цахим системд байршуулсан өргөдөл санал 33 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэхээр заасан байдаг юм.
Нийтийн өргөдөл гомдлын системд иргэн Б.Батбилэг НДШ-ийн хувь хэмжээг 12 хувь хүртэл бууруулах санал гаргасан юм. Энэхүү саналыг өнгөрсөн гуравдугаар сард үүсгэн, авч эхэлсэн нь ийн 100 мянгад хүрээд буй. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 25-нд санал авах хугацаа дуусгавар болох байсан ч түүнээс урьтаж, 100.048 иргэн НДШ-ийн хувь хэмжээг бууруулахыг дэмжиж, саналаа өгчээ.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэний НДШ-д ажил олгогчоос 12.5-14.5 хувийг хариуцан төлдөг бол даатгуулагч иргэн 11.5 хувийн НДШ төлдөг зохицуулалттай юм.
Тэгвэл НДШ-ийн хувь хэмжээг бууруулах талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Үнэнийг хэлэхэд өнөөдрийн байдлаар НДШ-ийг 1-2 хувь бууруулах ямар ч боломж байхгүй. Нийгмийн даатгалын сан өөрөө алдагдалтай сан шүү дээ. Жил бүр улсын төсвөөс 1.6 их наядын татаас авч байгаа. НДШ-ийг нэг хувь бууруулах юм бол нийгмийн даатгалын сангийн орлого 265 тэрбумаар тасарна. Хоёр хувь бууруулахад 520 тэрбум төгрөгөөр орлого тасарна. Нийгмийн даатгалын сан орлогогүй болоод байвал ирээдүйд бидний авах тэтгэврийн санд эрсдэл учирна л гэсэн үг. Тэгэхээр өнөө маргаашийн зовлонгоос болж тооцоо судалгаагүй ийм зүйлс хэлж байна. Өнгөрсөн жилийн гашуун туршлага бидэнд бий. Малчдын тэтгэврийн насыг наашлуулж, 10 жилийг нөхөн төлөх тухай хууль баталсан олон хүнийг хөнгөлөлттэйгөөр тэтгэвэрт гаргадаг болсон. Энэ бүх улс төрийн энэ шийдвэрээс болж Нийгмийн даатгалын сан дээр 5.6 их наядын алдагдал үүсчхээд байна. Мөн ковидын үед иргэдийн болоод ААН-үүдийн НДШ-ийг төлсөн. Үүнд нэг их наяд төгрөг зарцуулсан. Тэгэхээр нийт 6.6 их наяд төгрөгийн алдагдал үүсчхээд байгаа. Иймд авлагаа барагдуулж, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гаргаж байгааг эргэн харах ёстой. Чингис хаан банкин дээр 106 тэрбум төгрөгийн авлагатай байсан. Одоо 96 тэрбум төгрөг болсон. Мөн Капитал банкин дээр 68 тэрбум төгрөгийн авлагатай байсан. Одоо 58 тэрбум төгрөг болсон" гэлээ.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих