Х.Тэмүүжингийн АН-ын дараагийн даргад тавих 5 зарчим
Ардчилсан намын ҮБХ-ны хурал өнөөдөр болж байна. АН-ын дарга Л.Гантөмөр чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр дүрмийн дагуу дараагийн АН-ын даргыг сонгох асуудал яригдаад байна. Дараагийн АН-ын дарга ямар хүн томилогдох ёстой талаар АН-ын ҮБХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “АН-ын дарга Л.Гантөмөр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үндсэн дүрэмд маш тодорхой заалтууд бий. Хэрэв намын дарга чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тохиолдолд нэн даруй Үндэсний бодлогын хороо Их хурлаа зарлах ёстой. Үндэсний бодлогын хороо дүрмээрээ ямар асуудал шийдэх ёстой гэвэл намын даргын сунгааг зарлах ёстой юм. Үүнд зориулаад дотоод сонгуулийн хороог бйагуулах хэрэгтэй. Одоо энэхүү журмынхаа дагуу дэс дараатай явж байна.
Улс төрийн намын тухай хууль үйлчлээд эхэлсэн бөгөөд уг хуульд дүрмийг нийцүүлэх шаардлага нь бүх намд тавигдсан байгаа. Үүний дагуу дүрэм бол өөрчлөгдөх ёстой. Мөн хөтөлбөрөө батлах ёстой юм. Санхүүгийн ил тод байдлаа сайжруулахын тулд тодорхой чиг үүргүүд байна. Эдгээр ажлууд хийгдэнэ. Үүнтэй зэрэгцээд намын даргын сунгаа зарлагдаж байна. Манай нам дотор зарим гишүүний болгоомжилж байгаа зүйл байна. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед АН нь хоёр тамгатай. Намын даргуудыг Дээд шүүхэд бүртгүүлээгүй юм. Ер нь бол ерөнхийлөгчийн сонгууль захиалгатай явагдсан. Үүнийг бол бүгд л мэдэж байгаа. Энэ эрсдэл давтагдах юм биш үү гэх болгоомжлол байгаа юм.
Миний зүгээс АН-ын дарга дараах таван зарчмыг баримтлах ёстой гэсэн хатуу байр суурьтай байна.
-
Бид бол хаширсан. Хуваагдвал байдал нь бусдын идэш болдог гэдгийг ч мэдсэн. Тиймээс дараагийн АН-ын дарга бол АН-ын эв нэгдлийг бүрэн хангахуйц хэмжээний зангарагтай, туршлагатай хүн байгаасай гэж хүсэж байна.
-
АН ялах ёстой. Байнга ялагдаж эсвэл хэн нэгний хатавчинд байж огт болохгүй. Буруу тогтолцоотой засаглалын хэв маягийг зад татахын тулд АН ялдаг нам байх ёстой. Тиймээс дараагийн АН-ын дарга намаа ялуулагч менежер байх ёстой юм.
-
Сүүлийн 15 жилийн хугацаанд АН үнэт зүйлээсээ бага зэрэг холдож будилсан. Хувийн өмчийг хамгаалдаг, хүний эрхийн талд зогсдог, бизнес эрхлэгчдээ дэмждэг, хуулийг хууль шиг мөрдүүлэхийг зорьдог энэхүү үнэт зүйлээсээ баруун төвийн намынхаа зарчмаас холдсон. Социлист, фашист заримдаа гаднын гар хөл болоод байгаа юм шиг дүр зураг руу очсон. Энэ зүйлийг таслах ёстой. Тиймээс дараагийн дарга үнэт зүйлийнхээ хувьд манлайлагч байх хэрэгтэй. Жоохон харизмтай, жоохон мөс зүсэгч байх ёстой юм.
-
Сөрөг хүчнийхээ ажлыг хийх хэрэгтэй. Эрх баригчдыг дагаж гүйдэггүй. Сөрөг хүчний зоригтой үүргээ гүйцэтгэдэг манлайлагч байх хэрэгтэй.
-
АН нэгэн үүд хаалгыг нээх ёстой. Шинэ үе, залуу үеийн салхийг намдаа оруулж ирэх хэрэгтэй. Бугшсан энэ намыг эзлээд суучихсан, салахгүй гэж бодож байгаа зарим хүнээс зоригтой салах ёстой. Эдгээр таван зарчмыг барьж ажиллах хүн АН-ын дарга болоосой гэж бодож байна” гэлээ.
Тэрээр мөн АН-ын даргад нэр дэвшиж өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих