Татварын багц хуулийн төслийг хэлэлцлээ

Татварын багц хуулийн төслийг хэлэлцлээУИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас есдүгээр сард өргөн барьснаас хойш “сураггүй” байсан Татварын багц хуулийн төслийг хэлэлцжээ. Сөрөг хүчнийхэн одоогоор уг төслийн барааг хараагүй яваа юм билээ. Юутай ч уг хуулийн төсөлд тат­варын ачааллыг бууруулах заалт оруулсан гэнэ. Тухайлбал, нэг сая төгрөгийн орлоготой иргэн одоо 152 мянган төгрөгийн татвар төлж буй аж. Тэгвэл уг хуулийг баталсны дараа 53 мянган төгрөг болж, ачаалал гурав дахин буурна хэмээн тооцжээ. 2.5 сая төгрөгийн орлоготой иргэн 380 мянган төгрөгийн татвар төлж байгаа бол 251 мянга болох нь. Энэ мэтээр татварын ачааллыг нийт 10 хувиар бууруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Мөн О.Саранчулуун нарын 24 гишүүний өргөн барьсан Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга хийжээ. Манай улсад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад нийт 6000 нийгмийн ажилтан ажилладаг аж. Гэвч хуулиудад нийгмийн ажилтны үйлчилгээний талаар нарийвчилсан, хангалттай зохицуулалт байдаггүй. Мөн ХЭҮК-ийн Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын илтгэлүүдэд нийгмийн ажил, үйлчилгээ хүртээмжгүй байгаагаас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм, эдийн засгийн эрх зөрчигдөж, улмаар хүчирхийлэлд өртөх, амьдралын чанар буурах эрсдэл үүсгэж байгааг дурд­жээ. Тиймээс энэ чиглэлийн үйлчилгээг хөгжүүлэх бие даасан хууль боловсруулсан аж.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих