Афганистанд болсон 6 магнитудын газар хөдлөлтийн улмаас 800 гаруй хүн үрэгджээ

image-e6287055-862e-448b-95d7-a91b5b058613Афганистаны зүүн хэсэгт 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, даваа гарагт албаныхны мэдээлснээр 800 гаруй хүн амь үрэгдэж, дор хаяж 2,800 хүн гэмтэж бэртсэн байна. Аврагчид уулархаг, алслагдсан бүс нутагт цаг агаарын таагүй нөхцөлөөс болж хүрч чадахгүй байгаа аж.
Энэхүү гамшиг нь олон жилийн дайнд нэрвэгдсэн, гадаадын тусламж эрс багассан, хөрш орнуудаас олон мянган иргэнээ албадан буцаах дарамттай тулгарч буй Талибаны удирдлагын нөөцийг улам хомсдуулж байна.
Кабул дахь Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Шарафат Заман “Бидэнд олон улсын тусламж зайлшгүй хэрэгтэй байна. Учир нь олон хүн амь насаа алдаж, гэр орон нь нурлаа” хэмээжээ.
Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахидийн мэдээлснээр, газар хөдлөлтөөр Кунар, Нангархар мужуудад нийт 812 хүн амиа алджээ.
Жалалабад хотын оюутан Зиаул Хак Мохаммади “Газар хөдөлмөгц би босохыг оролдсон ч хүчтэй доргилтод түлхэгдэж унасан. Бид шөнөжин дахин газар хөдлөх вий гэсэн айдас, түгшүүртэй өнгөрөөсөн” гэжээ.
Аврагчид Пакистаны хил орчимд байрлах уулын бэлээрх шавар байшинтай тосгод руу очихын тулд бэрхшээлтэй тулгарч байна. Уг бүс нутагт сүүлийн 1–2 хоногт их хэмжээний аадар бороо орсон тул газрын гулгалт, хад асга нурах аюул өндөр байгаа гэж НҮБ-ын Гуманитар асуудал хариуцсан газрын ажилтан Кейт Кэри мэдээлжээ. Аврагчид алслагдсан нутагт хүрэхийн хэрээр нас барагсдын тоо өсөх магадлалтай гэж албаныхан анхааруулжээ.
Телевизийн дүрс бичлэгт нисдэг тэргээр шархадсан болон амь үрэгдсэн хүмүүсийг тээвэрлэж буйг харуулсан бөгөөд орон нутгийн иргэд цэргүүд, эмнэлгийн ажилтнуудтай хамт шархадсан хүмүүсийг түргэний машинаар хүргэж байв. Батлан хамгаалах яамны мэдээлснээр 40 нислэгээр нийт 420 хүн (амь үрэгдсэн, шархадсан) тээвэрлэсэн байна.
Кунар мужийн гурван тосгон бүрэн сүйдэж, бусад олон газар их хэмжээний хохирол амсжээ. Кунарт 610 хүн, Нангархарт 12 хүн амиа алдсан байна.
Энэ бол Талибан засгийн эрхэнд гарснаас хойшхи 2021 оноос хойш тохиолдсон гурав дахь том газар хөдлөлт юм. Гадаадын цэргүүд гарснаар олон улсын санхүүжилт эрс багассан билээ. Дипломатууд, тусламжийн байгууллагуудын хэлснээр дэлхийн бусад хямрал болон Талибаны эмэгтэйчүүдийн эрхийг боомилсон бодлого нь хандивлагчдын уур бухимдлыг төрүүлж, санхүүжилт огцом багасахад хүргэжээ. 2022 онд 3.8 тэрбум ам.доллар байсан хүмүүнлэгийн тусламж энэ онд ердөө 767 сая ам.доллар болж буурсан байна.


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих