Дональд Трамп: Танай улсууд там руугаа явж байна

image-b5976e32-84af-4f6f-8374-cac8a24a7c35НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 80 дахь удаагийн чуулган өнгөрөгч Мягмар гарагт буюу есдүгээр сарын 23-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ. Энэ жилийн чуулганаар хэлэлцэх гол сэдэв Израил-Палестины дайн болоод дэлхийн уур амьсгалын өөрчлөлт билээ.
undefined
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дахин сонгогдсоноосоо хойш анх удаа НҮБ-ын чуулганд оролцож байгаагаараа онцлог. Түүнчлэн АНУ-ын хувьд НҮБ-ын харьяа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Хүний Эрхийн Зөвлөл зэргээс гараад зогсохгүй НҮБ-д өгдөг санхүүжилтээ эрс багасгасан тул ерөнхийлөгч Трампын илтгэл олны анхаарлыг ихэд татаж байлаа.
Ерөнхийлөгч Трамп илтгэлийнхээ эхэнд АНУ хууль бус цагаачдыг хөөж гаргасан талаар дурдаж, олон цагаачийг шоронд хорьсон Эл Салвадор улсад талархсанаа илэрхийлэв.
Мөн тэрбээр Ерөнхийлөгч байх хугацаандаа нийт 7 зэвсэгт мөргөлдөөнийг зогсоосноо мэдэгдэж, Нобелийн энх тайвны шагнал хүртвэл зохино хэмээн өөрийгөө өргөмжилжээ. Харин энэ бүх үйл хэрэгт нь НҮБ хангалттай туслалцаа үзүүлээгүй, НҮБ өөрийнхөө нөөц бололцоонд тултал ажиллаагүй гэв.
Гурван сарын өмнө АНУ Ираны цөмийн байгууламжийг устгаж, ирээдүйд учирч болох дайнаас хамгаалсан тухайгаа мөн илтгэлдээ дурдлаа.
Харин энэ жилийн гол сэдэв болох Израил-Палестины дайны хувьд үзэл бодлоо илэрхийлэхдээ уг дайныг зогсоох ёстой ч Палестины Хамас бүлэглэл өөрсдөө дайныг улам өдөөж байна гэв. Тиймээс Палестины тусгаар тогтнолыг тунхаглавал террористуудад өгч буй шагналаас өөрцгүй гэж мэдэгдлээ.
Түүнчлэн энд тэндээс ирсэн “харийнхан” манай улсад хууль бусаар орогноход НҮБ тусалж, тэднийг хооллож ундалж байна гэж ярьсан нь олны дургүйцэл, шүүмжлэлд ихээхэн өртөөд байна.
Түүний илтгэлээс бас нэг онцлох нь Орос-Украины дайныг ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай хэлэлцээр хийгээд зогсоох боломжтой хэмээж Европын холбоог Оросоос газрын тос, байгалийн хийгээ авч сайн харилцаатай байхыг уриалав.
Мөн тэрбээр уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал бол маш том хууран мэхлэх ажиллагаа, нөхөн сэргээгдэхүйц эрчим хүч олборлох нь хэтэрхий үнэтэй бас ямар ч үр ашиггүй гэж мэдэгдсэнийг мөн л олон улсын судлаачид шүүмжилж, зарим орны удирдлагууд шүүмжлэлтэй хандав.
Мөн Ерөнхийлөгч Трамп ХБНГУ, Грек, Щвейцар зэрэг Европын зарим улс “нээлттэй хилийн туршилт” явуулж байгааг шүүмжлэн “Танай улсууд там руугаа явж байна” гэж олны хэлсэн Европын холбооны эгдүүцлийг төрүүлэв.
Ийнхүү нэг цаг орчим үргэлжилсэн илтгэлийнхээ төгсгөлд цагаачлал, өндөр өртөгтэй “ногоон” эрчим хүч үйлдвэрлэл хоёр манай дэлхийг сүйрүүлж байна гэж мэдэгджээ.
undefined
Ерөнхийлөгч Трамп гэргийн хамт Ерөнхий Ассемблейн хуралд оролцохоор урсдаг шатаар явж байх үед урсдаг шат замдаа зогсож доголджээ. Тэрбээр хэл ам дагуулсан илтгэлийнхээ дундуур НҮБ-ын урсдаг шат, телепромптер хоёрыг ч мөн шүүмжлээд авсан билээ.
Ерөнхий Ассемблейн индэр дэх илтгэлээс гадна АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд маш олон орны төрийн тэргүүнүүдтэй хоёр талт дипломат уулзалт хийх төлөвлөгөөтэй байна.
Эх сурвалж: Al Jazeera


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих