Сэтгүүл зүйд ардчиллын үүр цайгаасай
Хэвлэлийн хүрээлэнг төгссөн “цэл ногоон” сэтгүүлч анх ажилд орсон тэр хавраас хойш 14 жил өнгөрчээ. Он гараад Монголын сэтгүүл зүйн салбарт 15 жил зүтгэсэн болох нь. Энэ хооронд юу эсийг бичлээ дээ. “МАХН ардчилагдахгүй байна”, “Ардчилсан нам эвлэлдэн нэгдсэнгүй”, “Сонгууль будилаантай боллоо”, “Монголын ард түмэнд эрх чөлөөдутаж байна”, “Эмч, багш нарын цалинг нэм”, “Оюутнуудын сургалтын төлбөрийг хас”, “Ардчилал улам бүр алсарч байна”, “Төрийн албан хаагчдыг өндөр цалинтай болгохгүй бол авлигад өртөж байна”, “УИХ-ын гишүүд авлига авсан байх магадлалтай” гээд л бичээгүй сэдэв үлдээгүй биз ээ. Төдийгөөс өдий хүртэл ийнхүүажиллаж байхдаа Монголын ардчилалд хувь нэмрээ оруулж байна л гэж боддог байв шүү. Бусад сэтгүүлч маань ч бас ийн боддог гэдэгт эргэлзэхгүй байна. Монголд ардчилсан хувьсгал ялаад 21 жил болжээ. Гэтэл энэ хооронд ардчиллын тухай, шударга ёсны тухай хамгийн их ярьсан, хамгийн их бичсэн, дуу хоолойгоо харамгүй зориулсан сэтгүүл зүйн салбар маань өөрөөардчилалгүй үлдчихэж. Монголд одоо хамгийн хоцрогдсон, ардчилагдаагүй, бүдүүлэг, боловсролгүй, ядуу салбар бол сэтгүүл зүй билээ. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд бид өөрсдийнхөөтөлөөюу хийсэн юм бэ. Энэ асуултыг тавьж үзлээ. Харамсалтай нь юу ч алга. Улс төр, батлан хамгаалах, спорт, хууль, урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарынхан сайн, муугаа уудлан ярилцаж, алдаж, онож явсаар ардчиллын салхи үлээлгэж амжлаа. Тэд социалист ухамсраа 21 жилийн турш бага, багаар гээсээр ирэв. Цэрэгт одоо хал цэргийн дэглэм байхгүйтэй адил болов. Спортынхон олимпийн аварга төрүүлэв. Хуульчид яг одоо шинэчлэгдэж байна. Шударга бусаараа байнга дуудуулдаг шүүхэд шинэтгэл явагдаж эхэллээ. Эрүүл мэндийн салбарынхан өлсгөлөн, жагсаалдаа хүрсэн ч олон жилийн турш бугшсан “идээ бээр”-ээ шахаж бараг дууслаа. Боловсролын шинэчлэлийг ч амжилттай эхлүүлээд явж байна. Тэгвэл сэтгүүл зүйн салбарынхан энэ их өөрчлөлтийн хаана нь хоцорчихов оо. Бидний нүд боолттой, чих бөглөөстэй байсан гэж үү. Сэтгүүлчид ардчилалд дургүй гэж үү. Үгүй ээ, бид өөрсдийгөөмартсан байна. Биднийг бас бусад нь мартсан байна. Өнөө л социалист хэв загвартай, танил, тал тохой татдаг хэвээрээ.
Өнөөдөр Монголын сэтгүүлчид бүгдээрээ МСНЭ-д харьяалагдах учиртай. Дотоодод төдийгүй гадаадад ч биднийг төлөөлөх эрх энэ байгууллагад бий. Гэтэл энэ байгууллага сэтгүүлчдийн төлөө юу хийсэн билээ. Тэднээс “Та бүхэн гадаад ертөнцтэй холбогдож байна уу” гэж асуухаас ч ичиж байна. Учир нь одоо хүртэл вэб сайтгүй байгаа нэгдсэн эвлэлийнхнээс “эвгүй” асуулт асууж, нүүрийг нь улалзуулах хэрэг байна уу. МСНЭ-ийн ерөнхийлөгч Т.Баасансүрэн гуай Ардын намын Бага хурлын гишүүн. Өмнөх ерөнхийлөгч Д.Сарангэрэл ч мөн адил Ардын намын Бага хурал болон Удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай. Өмнөх дарга нар нь ч энэ намын зүтгэлтнүүд байлаа.
Монголд 1990 оноос өмнө сэтгүүл зүй гэж огт байгаагүй юм. Үзэл суртлын зэвсгүүд л үүргээ гүйцэтгэж байсан. Тэгвэл дөнгөж 21 жилийн түүх тэрлэх гэж ядаж яваа сэтгүүл зүйн салбарын удирдагчдыг Ардын намаас “томилдог” заншлыг халах цаг болжээ. МСНЭ-ийнхэн Ардын намын 90 жилийн ойн медалийг сэтгүүлчдийнхээ энгэрт зүүж өгөөд зогсож байсан ичгэвтэр өдөр саяхан. Ардын намыг үүсгэн байгуулагчдын нэг Бодоогийн нэрэмжит сэтгүүл зүйн шагнал байдаг нь ч онигоо.
Сэтгүүлч бид бусдыг шүүмжлэхдээ гарамгай. Бас магтахдаа ч сайн. Өмөөрч, өмгөөлөхдөө бүр ч онгодтой. Тэгсэн атлаа өөрсдийнхөө тухай бичих, ярих гэхээр зулраад байдаг муу зуршилтай. “Тэр яамны сайдын дүү тийм ажилд томилогдов. Энэ болохгүй”, “УИХ-ын тэр гэдэг гишүүн энэ гэдэг гишүүнтэй олон жил нэг байгууллагад ажиллаж байсан учраас хуйвалдаж байна” гэх мэтээр бусдыг бол “бут ниргэдэг”. Тэгвэл өөрсдийнхөө тухай эргэцүүлж нэг бодоорой. Даргынхаа өөдөөс, багшийнхаа өөдөөс, ах дүүгийнхээ өмнөөс мэргэжлийн гал тогоондоо үнэний төлөө үг сөрдөг нь хэд билээ. Одоогийн МСНЭ-ийн үйл ажиллагааг бүгд шүүмжлэх атлаа ерөнхийлөгч Т.Баасансүрэн гуай дээр явж очоод нүүрийг нь хараад ярилцах зоригтой нь цөөхөн байна. Нэгэн цагт шавь нь явсан гэнэ. Бас нөгөө цагт цэрэг нь байсан гэнэ. Таньдаг гэнэ, номоо засуулсан гэнэ. Дипломын ажлаа удирдуулсан нь ч байна, докторын ажлаа зүглүүлэх нь ч бий. “Намайг ардаа байгаа асаалттай танк гэж бодоорой. Уг нь та нарын зөв” гэцгээнэ. Яая гэх вэ, хүний үзэл бодлыг бүдүүлгээр тас татаж болохгүй. Ингэснийх нь төлөө үзэн ядаж бүр болохгүй. Гэхдээ бид өөрсдөө ийм байж бусдыг шүүмжлэх ёс суртахууны эрхтэй юү. Өөрөө танил тохой татдаг байж боловсрол, эрүүл мэндийн салбарыг шүүмжилж чадах уу. Авлигын тухай бид их бичдэг. “Авлигатай тэмцэж чадахгүй байгаа АТГ-ыг татан буулгая” гэж ирээд сүртэй, сүртэй юм их бичнэ ээ. Тэгвэл бид өөрсдөө яадаг билээ. Захиалгат сэтгүүл зүйг хөгжүүлэх үйлст хүчин зүтгэж яваа биш үү. “Эхлээд хууртаж явсан. Дараа нь хууртах ажилд нь оролцсоон, оролцсон” гэдэг шиг захиалгаар юм бичиж үзээгүй сэтгүүлчийг олохгүй. Үүнийг бичигч би ч бас захиалгаар юм бичиж л байсан. Одоо тэгвэл бүгдээрээ үүнээс хойш больчихъё. Шинээр эхэлье. Захиалгат сэтгүүл зүй биднээр дуусаг. Биднээс хойш ажиллаж, амьдрах шинэ үеийн сэтгүүлчдэд шударга ажиллах, мэргэжлийн ёс зүйдээ үнэнч байх бололцоог нь бий болгоё. “Сэтгүүлчид яагаад худалдагддаг вэ” гэсэн асуултад “Ядуу байна” гэж хариулдаг. Тэгвэл бид яагаад ядуу байна вэ. Бидний ажиллах хууль эрх зүйн орчин байхгүй. Монголд ямар ч хууль байдаггүй ганцхан салбар үлдсэн нь сэтгүүл зүй юм. Сэтгүүл зүйн эрхийг нээж өгөөд араас нь хариуцлагыг нь тогтоосон хууль бий юү. Байхгүй. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дүрэм гэж байна. Эл дүрэмд сэтгүүлчдийн ажиллах орчин, ёс зүйн талаар ганц ч үг, өгүүлбэр байхгүй. Тэгэхээр бид өнөөг хүртэл яг л ширэнгэн ойн сармагчин шиг амьдарч иржээ. Юу дуртайгаа бичдэг, мэдээлэл байхгүй бол гөрдөөд туучихдаг, хүний нэр төрийг юман чинээ боддоггүй, түүнээс гарах үр дагаврын тухай ямар ч төсөөлөлгүй ажиллаж ирсэн байна. Ийм болохоор биднийг маш хямдханаар худалдаж авах бололцоо нэгэнт бүрджээ. Улстөрчид сэтгүүлчдийг нэг, нэгээр нь худалдаж авдаг байсан, одоо бүр өөрсдөөхэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулаад нийгмийн сэтгэл зүйг “угааж” эхлэв. Энэ үзэгдлийг одоо л хазаарлаж авахгүй юм бол хэзээ гэж. Бид хийхгүй юм бол хэн хийнэ гэж. Сэтгүүл зүйн бузар булай, хатиг, бэтгийг нь сайн мэддэгээрээ бид үүнийг өөрчлөх ёстой. Өөрсдийн гар бие оролцож тарьсан зэрлэг өвсийг зулгааж хаях цаг болсон байна. Хэвлэл мэдээллийн нууц эздийг ил зарлая. Шалгуулъя, тогтоолгоё. Тэгээд мэргэжилдээ үнэнч үлдэцгээе. Өдөр ирэх тусам устаж байгаа мэргэжлийн сэтгүүл зүйгээ аврах бололцоог бий болгоцгооё. Ингэхийн тулд яах вэ. МСНЭ гэж байгууллага бий. Энэ байгууллагаа болж бүтэхгүй байна гээд голж хаяад тусдаа хана шийрлэх шиг амархан зүйл алга. Гэхдээ энэ замаар алхмааргүй байна. Шинэчлэлээ МСНЭ-ээсээ эхэлмээр санагдана. Дүрмээ өөрчилж, удирдлагуудаа шинэчилж, олон улсын стандартад нийцсэн, ардчилсан байгууллага болгож өөрчилье, найзууд аа. Үүний төлөө“Шинэ үе, шинэ сэтгэлгээ” хэмээх сэтгүүлчдийн түр хороо байгуулагдлаа. Одоогоор түр хороо эгнээндээ 94 сэтгүүлчийг нэгтгээд байна. Мэргэжилдээ хайртай, ёс зүйдээ үнэнч байхыг хүссэн сэтгүүлч бүхнийг урина. Ирэх арваннэгдүгээр сард хуралдах МСНЭ-ийн IV их хурлыг шинэчлэл, ардчиллын төлөөх хурал болгон өөрчлөхийн төлөөхамтдаа зүтгээд үзмээр байна. Одоо өөрсдийгөөшүүмжилж, өөрсдийнхөөтөлөөдуугарах цаг болж. Тэгэхгүй бол бид социализмын сүүлчийн цайз болон үлдэх гээд байна шүүдээ. Тийм ээ, сэтгүүл зүйд ардчиллын үүр цайгаасай.
Л.Мөнхбаясгалан
Жич: Энэхүү нийтлэлийг 2011 оны наймдугаар сарын 30-нд бичсэн болно.
URL: