Сэтгүүл зүйд ардчиллын үүр цайгаасай

1_1363837173Хэвлэлийн хүрээлэнг төгс­сөн “цэл ногоон” сэтгүүлч анх ажилд орсон тэр хавраас хойш 14 жил өнгөрчээ. Он га­­раад Монголын сэтгүүл зүйн салбарт 15 жил зүтгэсэн бо­­лох нь. Энэ хооронд юу эсийг бичлээ дээ. “МАХН ард­­чилагдахгүй байна”, “Ард­­­чилсан нам эвлэлдэн нэгд­­­сэнгүй”, “Сонгууль бу­ди­лаан­тай боллоо”, “Мон­го­лын ард түмэнд эрх чө­лөөдутаж бай­на”, “Эмч, багш нарын цалинг нэм”, “Оюут­нуудын сургалтын төл­бөрийг хас”, “Ардчилал улам бүр алсарч байна”, “Тө­рийн албан хаагчдыг өндөр цалинтай болгохгүй бол ав­лигад өртөж байна”, “УИХ-ын  ги­шүүд авлига авсан байх магадлалтай” гээд л бичээгүй сэдэв үлдээгүй биз ээ. Төдий­гөөс өдий хүртэл ийнхүүажил­лаж байхдаа Монголын ардчилалд хувь нэмрээ оруулж бай­на л гэж боддог байв шүү. Бусад сэтгүүлч маань ч бас ийн боддог гэдэгт эргэлзэхгүй байна. Монголд ардчилсан хувьсгал ялаад 21 жил болжээ. Гэтэл энэ хооронд ардчиллын тухай, шударга ёсны тухай хамгийн их ярьсан, хамгийн их бичсэн, дуу хоолойгоо ха­рамгүй зориулсан сэтгүүл зүйн салбар маань өөрөөард­чилалгүй үлдчихэж. Мон­­голд одоо хамгийн хоц­рогд­­сон, ардчилагдаагүй, бү­­дүү­лэг, боловсролгүй,  ядуу сал­бар бол сэтгүүл зүй би­лээ. Өнгөрсөн 21 жилийн ху­­га­цаанд бид өөрсдийнхөөтөлөөюу хийсэн юм бэ. Энэ асуултыг тавьж үзлээ. Ха­рамсалтай нь юу ч алга. Улс төр, батлан хамгаалах, спорт, хууль, урлаг, эрүүл мэнд, бо­ловсролын салбарынхан сайн, муугаа уудлан ярилцаж, ал­даж, онож явсаар ардчиллын салхи үлээлгэж амжлаа. Тэд социалист ухамсраа  21 жи­лийн турш бага, багаар гээсээр ирэв. Цэрэгт  одоо хал цэргийн дэглэм  байхгүйтэй адил бо­лов. Спортынхон  олимпийн аварга төрүүлэв. Хуульчид яг одоо шинэчлэгдэж бай­на. Шударга бусаараа байн­га дуудуулдаг шүүхэд шинэт­гэл явагдаж эхэллээ. Эрүүл мэн­дийн салбарынхан өлсгөлөн, жагсаалдаа хүрсэн ч олон жилийн турш бугшсан “идээ бээр”-ээ шахаж бараг дууслаа. Боловсролын шинэчлэлийг ч амжилттай эхлүүлээд явж байна. Тэгвэл сэтгүүл зүйн сал­барынхан энэ их өөрч­лөлтийн хаана нь хоцорчихов оо. Бидний нүд боолттой, чих бөглөөстэй байсан гэж үү. Сэтгүүлчид ардчилалд дур­гүй гэж үү. Үгүй ээ, бид өөрсдийгөөмартсан байна.  Биднийг бас бусад нь мартсан байна. Өнөө л социалист хэв загвартай,  танил,  тал тохой татдаг хэвээрээ.
Өнөө­дөр Монголын сэтгүүлчид бүг­дээрээ МСНЭ-д харьяалагдах учир­тай. Дотоодод төдийгүй га­даа­дад ч биднийг төлөөлөх эрх энэ байгууллагад бий. Гэтэл энэ бай­гуул­лага сэтгүүлчдийн төлөө юу хий­сэн билээ. Тэднээс “Та бүхэн гадаад ертөнцтэй холбогдож байна уу”  гэж асуухаас ч ичиж байна. Учир нь одоо хүртэл вэб сайтгүй бай­гаа нэгдсэн эвлэлийнхнээс “эвгүй” асуулт асууж, нүүрийг нь улал­зуулах хэрэг байна уу. МСНЭ-ийн ерөнхийлөгч Т.Баасансүрэн гуай Ардын намын Бага хурлын гишүүн. Өмнөх ерөнхийлөгч Д.Сарангэрэл ч мөн адил Ардын намын Бага хурал болон Удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай. Өмнөх дарга нар нь ч энэ намын зүтгэлтнүүд байлаа.

Монголд 1990 оноос өмнө сэтгүүл зүй гэж огт байгаагүй юм. Үзэл суртлын зэвсгүүд л  үүргээ гүйцэтгэж байсан. Тэгвэл дөнгөж 21 жилийн түүх тэрлэх гэж ядаж яваа сэтгүүл зүйн салбарын удирдагчдыг Ардын намаас “томилдог” заншлыг халах цаг болжээ.  МСНЭ-ийнхэн Ардын намын 90 жилийн ойн медалийг сэтгүүлчдийнхээ энгэрт зүүж өгөөд зогсож байсан ичгэвтэр өдөр саяхан. Ардын намыг үүсгэн байгуулагчдын нэг Бодоогийн нэрэмжит сэтгүүл зүйн шагнал байдаг нь ч онигоо.

Сэтгүүлч бид бусдыг шүүмж­лэхдээ гарамгай. Бас магтахдаа ч сайн. Өмөөрч, өмгөөлөхдөө бүр ч он­годтой. Тэгсэн атлаа өөрсдийнхөө тухай бичих,  ярих гэхээр зулраад бай­даг муу зуршилтай. “Тэр яамны сайдын дүү тийм ажилд томилогдов. Энэ болохгүй”, “УИХ-ын тэр гэдэг гишүүн энэ гэдэг гишүүнтэй олон жил нэг байгууллагад ажиллаж байсан учраас хуйвалдаж байна” гэх мэтээр бусдыг бол “бут ниргэдэг”. Тэгвэл  өөрсдийнхөө тухай  эргэ­цүүлж нэг бодоорой. Даргынхаа өөдөөс, багшийнхаа өөдөөс, ах дүү­гийнхээ өмнөөс мэргэжлийн гал то­гоондоо  үнэний төлөө үг сөрдөг нь хэд билээ. Одоогийн МСНЭ-ийн үйл ажиллагааг бүгд шүүмжлэх атлаа ерөнхийлөгч Т.Баасансүрэн гуай дээр явж очоод  нүүрийг нь хараад ярилцах зоригтой нь цөөхөн байна. Нэгэн цагт шавь нь явсан гэнэ.  Бас нөгөө цагт цэрэг нь байсан гэнэ. Таньдаг гэнэ, номоо засуулсан гэнэ. Дипломын ажлаа удирдуулсан нь ч байна,  докторын ажлаа зүглүүлэх нь ч бий. “Намайг  ардаа байгаа асаалттай танк гэж  бодоорой. Уг нь та нарын зөв” гэцгээнэ. Яая гэх вэ, хү­ний үзэл бодлыг бүдүүлгээр тас татаж болохгүй. Ингэснийх нь төлөө үзэн ядаж бүр болохгүй. Гэхдээ бид өөрсдөө ийм байж бусдыг шүүмжлэх ёс суртахууны эрхтэй юү. Өөрөө танил тохой татдаг байж боловсрол, эрүүл мэндийн салбарыг шүүмжилж  чадах уу. Авлигын тухай бид их бичдэг. “Авлигатай тэмцэж чадахгүй байгаа АТГ-ыг татан буулгая” гэж ирээд сүртэй, сүртэй юм их бичнэ ээ. Тэгвэл бид өөрсдөө яадаг билээ. Захиалгат сэтгүүл зүйг хөгжүүлэх үйлст хүчин зүтгэж яваа биш үү. “Эхлээд хууртаж явсан. Дараа нь хууртах ажилд нь оролцсоон, оролц­сон” гэдэг шиг захиалгаар юм би­чиж үзээгүй сэтгүүлчийг олохгүй. Үүнийг бичигч би ч бас захиалгаар юм бичиж л байсан. Одоо тэгвэл бүг­дээрээ үүнээс хойш  больчихъё.  Ши­нээр эхэлье. Захиалгат сэтгүүл зүй биднээр дуусаг. Биднээс хойш ажиллаж, амьдрах шинэ үеийн сэт­­­гүүлчдэд шударга ажиллах, мэр­­гэж­лийн ёс зүйдээ үнэнч байх бо­лол­цоог нь бий болгоё. “Сэт­гүүл­чид яагаад худалдагддаг вэ” гэсэн асуултад “Ядуу байна” гэж ха­риулдаг.  Тэгвэл бид яагаад ядуу байна вэ. Бидний ажиллах хууль эрх зүйн орчин байхгүй. Монголд ямар ч хууль байдаггүй ганцхан салбар үлдсэн нь сэтгүүл зүй юм.  Сэтгүүл зүйн эрхийг нээж өгөөд араас нь хариуцлагыг нь тогтоосон хууль бий юү. Байхгүй. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дүрэм гэж байна. Эл дүрэмд сэтгүүлчдийн ажиллах орчин, ёс зүйн талаар ганц ч үг, өгүүлбэр байхгүй. Тэгэхээр бид өнөөг хүртэл яг л ширэнгэн ойн сармагчин шиг амьдарч иржээ. Юу дуртайгаа бичдэг, мэдээлэл байхгүй бол гөрдөөд туучихдаг, хүний нэр төрийг юман чинээ боддоггүй, түүнээс гарах үр дагаврын тухай ямар ч төсөөлөлгүй ажиллаж ирсэн байна.  Ийм болохоор биднийг маш хямдханаар худалдаж авах бололцоо нэгэнт бүрджээ. Улстөрчид  сэтгүүлчдийг нэг, нэгээр нь худалдаж авдаг байсан, одоо бүр өөрсдөөхэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулаад нийгмийн сэтгэл зүйг “угааж” эхлэв. Энэ үзэгдлийг одоо л  хазаарлаж авахгүй юм бол хэзээ гэж. Бид хийхгүй юм бол хэн хийнэ гэж. Сэтгүүл зүйн бузар булай, хатиг, бэтгийг нь сайн мэддэгээрээ бид үүнийг өөрчлөх ёстой. Өөрсдийн  гар бие оролцож тарьсан зэрлэг өвсийг зулгааж хаях цаг болсон байна. Хэвлэл мэдээллийн нууц эздийг ил зарлая. Шалгуулъя, тогтоолгоё. Тэгээд мэргэжилдээ үнэнч үлдэц­гээе. Өдөр ирэх тусам устаж бай­гаа мэргэжлийн сэтгүүл зүйгээ аврах бололцоог бий болгоцгооё. Ин­гэхийн тулд яах вэ. МСНЭ гэж байгууллага бий. Энэ байгууллагаа болж бүтэхгүй байна гээд голж хаяад тусдаа хана шийрлэх шиг амар­хан зүйл алга. Гэхдээ энэ за­маар алх­­мааргүй  байна. Шинэчлэлээ МСНЭ-ээсээ эхэлмээр санагдана. Дүр­­мээ өөрчилж, удирдлагуудаа шинэ­чилж, олон улсын стандартад нийцсэн, ардчилсан байгууллага бол­гож өөрчилье, найзууд аа. Үүний төлөө“Шинэ үе, шинэ сэтгэлгээ” хэ­мээх сэтгүүлчдийн түр хороо бай­гуулагдлаа. Одоогоор түр хороо эг­нээндээ 94 сэтгүүлчийг нэгтгээд байна.  Мэргэжилдээ хайртай, ёс зүй­дээ үнэнч байхыг хүссэн сэтгүүлч бүх­нийг урина. Ирэх арваннэгдүгээр сард хуралдах МСНЭ-ийн IV их хур­лыг шинэчлэл, ардчиллын төлөөх хурал болгон өөрчлөхийн төлөөхамтдаа зүтгээд үзмээр байна. Одоо өөрсдийгөөшүүмжилж, өөрсдийнхөөтөлөөдуугарах цаг болж. Тэгэхгүй бол бид социализмын сүүлчийн цайз болон үлдэх гээд байна шүүдээ. Тийм ээ, сэтгүүл зүйд ардчиллын үүр цайгаасай.

Л.Мөнхбаясгалан

Жич: Энэхүү нийтлэлийг 2011 оны наймдугаар сарын 30-нд бичсэн болно.


URL:

Сэтгэгдэл бичих