Дайны эрсдлийн даатгал гэх 700 сая ам.доллар хэний халаас руу оров?!
МИАТ ХК-ийн санхүүтэй холбоотой нэгэн томоохон хэргийн сэжүүрийг цагдаагийнхан одоогоос жил гаруйн өмнө олж атгасан байдаг. Дайны эрсдлийн даатгал нэрээр их хэмжээний мөнгийг Японы нэгэн компани руу шилжүүлдэг байсан нь илэрч, нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байсан юм.
2008 оноос эхлэн Японы “Вэст вэлф” группийн данс руу их хэмжээний мөнгийг удаа дараа шилжүүлсэн нь ил болоод байгаа. Хэдэн тэрбумаар тоологдох мөнгөний тоотой уг хэрэг тэгсхийгээд чимээгүй болсон нь анхаарал татаад байсан юм.
Тухайлбал, Ц.Орхон захирлын үед буюу 2010 оны долдугаар сарын 16-ны өдөр “Вэст вэлф” группийн Токиогийн банк дахь 00 655 88 тоот данс руу 511 мянган ам.доллар буюу 6980465 460 төгрөгийг, мөн оны есдүгээр сарын 17-нд 289 мянган ам.доллар буюу 386 434 000 төгрөгийг, арваннэгдүгээр сарын 29-нд 135 мянган ам.доллар буюу 169 425 000 төгрөгийг улирлуудын дайны эрсдлийн даатгалын хураамж гэх нэрээр тус тус шилжүүлж байсан баримт байх юм. МИАТ-ийн захирлууд ийм нэрээр 15 тэрбум төгрөг “цуглуулсныхаа” ес орчим тэрбумыг нь зөвхөн “Вэст вэлф” группийн данс руу шилжүүлсэн байдаг аж.
Мөн аль 2001 оноос хойш “Өглөг” хэмээх дансанд их хэмжээний мөнгө байршуулж байгаал оны эцсээр “Хуримтлагдсан ашиг” болгон өөрчилж, “алга” болгодог байсан нь ч илэрчээ. Энэ бүхэн нийлсээр 700 сая ам.долларт хүрсэн тухай эх сурвалж хэлж байгаа. МИАТ-ийн гэх дээрх хэрэгт тус компанийн үе үеийн захирлууд болох Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарыг холбогдуулан шалгаж байв.
Харин Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд дээрх хэрэгт ТӨХ-ны дарга асан Д.Сугар холбоотой болох тухай сэжүүр олсон хэмээн эх сурвалж мэдээлэв. Өөрөөр хэлбэл, МИАТ-ийн захирлууд дээр Д.Сугарыг нэмж шалгахаар болжээ. Удтал гацаанд орж, архив руу шидэгдэх дөхөөд байсан МИАТ-ийн гэх хэрэг ийн сэргэв бололтой.
zuunii medee
URL: