Орон нутагт хавтгай ялалт байгууллаа гэв
АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнгээр АН хавтгай ялалт байгууллаа” хэмээн мэдээллээ. Нэг ёсондоо АН түүхэндээ анх удаа УИХ, орон нутгийн сонгуульд олонх болжээ.
Хэвлэлийн хуралд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар оролцсон юм. Хэдийгээр сонгуулийн дүн эцэслэгдээгүй ч тодорхой үндэслэлээр АН ялсан гэдэг нь нотлогдож байгаа аж.
2008 оны орон нутгийн сонгуулиар АН дөрвөн аймаг, Хан-Уул дүүрэгт ялалт байгуулж байсан. Гэтэл энэ удаагийн сонгуулиар АН бүх аймгийн гуравны хоёрт нь ялжээ. Нийслэлийн дүүргүүдийн хувьд Багахангай, Багануураас бусад дүүрэгт ялсан гэнэ. Зарим дүүргийн сонгуулийн хэсгийн хороонд саналын ирц хүрээгүй ч иргэдийн саналыг тоолоход АН дийлэнхэд нь ялалт байгуулсан байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монголын ард иргэд орон нутгийн сонгуульд анх удаа АН-ыг сонгож олонх болголоо. Хөдөө орон нутагт цас ихтэй, цаг агаар хүнд байсан ч иргэд зүтгэл гаргаж, саналаа өгсөнд нь талархаж байна. Бидэнд цаашид улам эрч хүчтэй шаргуу, хариуцлагатай ажиллах итгэлийг хүлээлгэлээ” гэв.
Иргэдийн олонх АН-ыг сонгосон нь гурван шалтгаантай гэнэ. Нэгдүгээрт, шинэчлэлийн Засгийн газрын явуулж буй үйл ажиллагааг дэмжиж, шинэчлэлийг цаашид үргэлжлүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаатай холбоотой гэж үзжээ.
Хоёрдугаарт, Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаар сонгогдоод хэрхэн ажилласнаа иргэдэд харуулсан. Түүний хийсэн ажил нийслэлийн иргэдэд таалагдаж байгаа учир ялалт байгуулсан.
Гуравдугаарт, 2008 онд Сүхбаатар аймагт АН анх удаа олонх болсон. Түүнээс хойших дөрвөн жилийн хугацаанд тус аймгийг аймаг шиг хөгжүүлж чадсан болохоор хөдөөгийн ард түмэн тус аймгийн Засаг дарга Батсуурийн үйл ажиллагааг хараад “АН хөдөөд олонх болчихвол аймаг бүрийг ингэж хөгжүүлэх юм байна” гэсэн итгэл төрсөн учир олонх болсон гэнэ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Иргэд биднийг шинэчлэлээ цаашид тууштай үргэлжлүүлж, улам эрч хүчтэй ажиллаасай гэж бодсоны үндсэнд орон нутагт дэмжих хүчийг бүрдүүллээ. Тиймээс бидэнд иргэдийнхээ итгэлийг хүлээсэн олон ажил хийх шаардлагатай байна. Бидэнд бүх аймаг сум, дүүрэг хороонд өөрчлөлт, шинэчлэлт хийж, хамтдаа сайхан амьдрах эрмэлзэл байна.
Увс аймагт 20 гаруй жилийн түүхэнд АН ялаагүй. Мөн Төв, Булган, аймагт өмнө нь ялж үзээгүйгээрээ ялалт байгууллаа. Энэ мэтээр өмнөхөөсөө илүү амжилтыг гаргасан манай намынхан онгирч сагсууралгүйгээр цаашид улам эрч хүчтэй ажиллаж, нийгэмд шаардлагатай шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй” гэсэн юм.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: