Орон нутагт хавтгай ялалт байгууллаа гэв

АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Орон нутгийн сон­гуулийн урьдчилсан дүнгээр АН хавтгай ялалт байгууллаа” хэ­мээн мэдээллээ. Нэг ёсондоо АН түүхэндээ анх удаа УИХ, орон нутгийн сонгуульд олонх болжээ.

Хэвлэлийн хуралд Засгийн газ­рын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар оролцсон юм. Хэдийгээр сон­гуулийн дүн эцэслэгдээгүй ч то­дорхой үндэслэлээр АН ялсан гэдэг нь нотлогдож байгаа аж.

2008 оны орон нутгийн сон­гуулиар АН дөрвөн аймаг, Хан-Уул дүүрэгт ялалт байгуулж байсан. Гэтэл энэ удаагийн сонгуулиар АН бүх аймгийн гуравны хоёрт нь ялжээ. Нийслэлийн дүүргүүдийн хувьд Багахангай, Багануураас бу­сад дүүрэгт ялсан гэнэ. Зарим дүүр­гийн сонгуулийн хэсгийн хороонд саналын ирц хүрээгүй ч иргэдийн саналыг тоолоход АН дийлэнхэд нь ялалт байгуулсан байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монголын ард иргэд орон нутгийн сонгуульд анх удаа АН-ыг сонгож олонх болголоо. Хөдөө орон нутагт цас ихтэй, цаг агаар хүнд байсан ч иргэд зүтгэл гаргаж, саналаа өгсөнд нь талархаж байна. Бидэнд цаа­шид улам эрч хүчтэй шаргуу, хариуцлагатай ажиллах итгэлийг хүлээлгэлээ” гэв.

Иргэдийн олонх АН-ыг сонгосон нь гурван шалтгаантай гэнэ. Нэгдүгээрт, шинэчлэлийн Засгийн газрын явуулж буй үйл ажиллагааг дэмжиж, шинэчлэлийг цаашид үргэлжлүүлэх хүсэл эрмэлзэл дүү­­рэн байгаатай холбоотой гэж үзжээ.

Хоёрдугаарт, Э.Бат-Үүл нийс­лэлийн Засаг даргаар сонгогдоод хэрхэн ажилласнаа иргэдэд ха­руулсан. Түүний хийсэн ажил нийс­лэлийн иргэдэд таалагдаж байгаа учир ялалт байгуулсан.

Гуравдугаарт, 2008 онд Сүх­баатар аймагт АН анх удаа олонх болсон. Түүнээс хойших дөрвөн жи­лийн хугацаанд тус аймгийг аймаг шиг хөгжүүлж чадсан бо­лохоор хөдөөгийн ард түмэн тус аймгийн Засаг дарга Батсуурийн үйл ажиллагааг хараад “АН хөдөөд олонх болчихвол аймаг бүрийг ингэж хөгжүүлэх юм байна” гэсэн итгэл төрсөн учир олонх болсон гэнэ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Иргэд биднийг шинэчлэлээ цаашид тууштай үргэлжлүүлж, улам эрч хүчтэй ажиллаасай гэж бодсоны үндсэнд орон нутагт дэмжих хү­чийг бүрдүүллээ. Тиймээс бидэнд иргэдийнхээ итгэлийг хүлээсэн олон ажил хийх шаардлагатай бай­на. Бидэнд бүх аймаг сум, дүүрэг хороонд өөрчлөлт, шинэчлэлт хийж, хамтдаа сайхан амьдрах эрмэл­зэл байна.

Увс аймагт 20 гаруй жилийн түүхэнд АН ялаагүй. Мөн Төв, Булган, аймагт өмнө нь ялж үзээ­гүй­гээрээ ялалт байгууллаа. Энэ мэ­тээр өмнөхөөсөө илүү амжилтыг гаргасан манай намынхан онгирч сагсууралгүйгээр цаашид улам эрч хүчтэй ажиллаж, нийгэмд шаард­лагатай шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй” гэсэн юм.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих