Өвчтнөө оношилж чаддаггүй эмнэлгийн хэрэг байна уу?
Эрүүл мэндийн сайд Н.Удвалд ийн захидал хаягламаар санагдлаа. Танай салбарт үүссэн эмнэлгийн “түгжрээ” хэзээ цэгцрэх вэ. Өвдөж, шаналсан иргэд хамгийн түрүүнд харьяа эмнэлэгтээ ханддаг. Харамсалтай нь хүнд сурталд автагдсан эмч нараас чинь залхаж, хувийн эмнэлэг зорих цуваа гэрлийн хурдаар нэмэгдэж байна. Гэтэл хувийн эмнэлгийн үйлчилгээ, оношлогоо нойл заасныг салбарын сайд та эрх биш гадарлах байлгүй.
Улсын чанартай эмнэлгүүд ачаалалтай гэх нэрийдлээр хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хүнийг хохироох боломж олгосон гэхэд болно. Мөнгө л олж байвал хүний эрүүл мэнд, амь нас тэндэнд хамаагүй. Үүнийг “Алтан элс” эмнэлэг нотлоод өгсөн шүү дээ. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 12 хүн эм, тариандаа хордож улмаар хүчний байгууллагыг түргэн авахуулсан нь саяхан. Энэ хэргээс болж эмнэлгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон захиралд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч өнөөдөр юу болсон нь мэдэгдэхгүй нам дарагдав. Бас нэг эмнэлгийг баримт болгон сөхье. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Очирваань” эмнэлгийг иргэд андахгүй. Эл газарт эмчлүүлж байсан хүмүүс хэзээ, хаанаас хилээр нэвтэрч ирсэн нь тодорхой бус эм, тариа хэрэглэж байсан нь тогтоогдсон.
Үүний дагуу хариуцлага тооцож эмнэлгийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч уламжлалт ёсоор хэрэгсэхгүй болгосон гэх. Улсын эмнэлгүүдийн балаг дуусахгүй ундарч байхад хувийн хэвшлийн эмнэлгүүд хүний амиар наадах нь холгүй авирлаж байна. Өвдөж, зовоод ирсэн хүнийг буруу оношлох энүүхэнд. Шинжилгээ, оношлогоондоо гаргуун гэх “Гялс” төвөөр үйлчлүүлсэн нэгэн сэтгэл дундуур явдаг жишээг дэлгэе. Дотор эрхтэн нь өвдөөд шинжилгээ хийлгэн оношлуулахад “элэг томорсон” гэх итгэмээргүй тайлбар хийжээ. Ингээд өөр нэгэн эмнэлэгт үзүүлэхэд өнөөх өвчин нь цөсний чулуу болж хувирсан гэнэ. Энэ мэт нэг хүнд хэд хэдэн онош тавьдаг эмнэлгүүд цөөнгүйг Эрүүл мэндийн сайдад уламжлая. Эмнэлэг нэртэй элий балай газруудад гэнэтийн шалгалт явуулж, зөрчилтэй нэгнийх нь хаалгыг барьвал яасан юм бэ. Тэгэхгүй бол байшин, барилгуудын булан тохой бүрт хувийн гэх тодотголтой эмнэлгүүд вант улсаа байгуулж иргэдийн халаасыг сэгсэрсээр байх уу.
Б.ЧАНЦАЛ
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: