Өвчтнөө оношилж чаддаггүй эмнэлгийн хэрэг байна уу?

Эрүүл мэндийн сайд Н.Удвалд ийн захидал хаягламаар санагдлаа. Танай салбарт үүссэн эмнэлгийн “түгжрээ” хэзээ цэгцрэх вэ. Өвдөж, шанал­сан иргэд хамгийн түрүүнд харьяа эмнэ­лэг­тээ ханддаг. Харамсалтай нь хүнд сурталд автагдсан эмч нараас чинь залхаж, хувийн эмнэлэг зорих цуваа гэрлийн хурдаар нэмэгдэж байна. Гэтэл хувийн эмнэлгийн үйлчилгээ, оношлогоо нойл заасныг салбарын сайд та эрх биш гадарлах байлгүй.

Улсын   чанартай  эмнэлгүүд ачаалалтай гэх нэрийд­лээр хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хүнийг хохироох боломж олгосон гэхэд болно. Мөнгө л олж байвал хүний эрүүл мэнд, амь нас тэндэнд хамаагүй. Үүнийг “Алтан элс” эмнэлэг нотлоод өгсөн шүү дээ. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 12 хүн эм, тариандаа хордож улмаар хүчний байгууллагыг түргэн авахуулсан нь саяхан. Энэ хэргээс болж эмнэлгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон захиралд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч өнөөдөр юу болсон нь мэдэгдэхгүй нам дарагдав. Бас нэг эмнэлгийг баримт болгон сөхье. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Очирваань” эмнэлгийг иргэд андахгүй. Эл газарт эмчлүүлж байсан хүмүүс хэзээ, хаанаас хилээр нэвтэрч ирсэн нь тодор­хой бус эм, тариа хэрэглэж байсан нь тог­тоогд­сон.

Үүний дагуу хариуцлага тооцож эм­нэл­гийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч уламжлалт ёсоор хэрэгсэхгүй  болгосон гэх. Улсын   эмнэлгүүдийн  балаг дуусах­гүй ундарч байхад хувийн хэвш­лийн эмнэлгүүд хүний амиар наадах нь холгүй авирлаж байна. Өвдөж, зовоод ирсэн хүнийг буруу оношлох энүүхэнд. Шинжилгээ, онош­логоондоо  гаргуун гэх “Гялс” төвөөр үйлчлүүлсэн нэгэн сэтгэл дундуур явдаг жишээг дэлгэе. Дотор эрхтэн нь өвдөөд шин­жилгээ хийлгэн  оношлуулахад “элэг томор­сон” гэх итгэмээргүй тайлбар хийжээ. Ингээд өөр нэгэн эмнэлэгт үзүүлэхэд өнөөх өвчин нь цөсний чулуу болж хувирсан гэнэ. Энэ мэт нэг хүнд хэд хэдэн онош тавьдаг эмнэлгүүд цөөнгүйг Эрүүл мэндийн  сайдад уламжлая. Эмнэлэг нэртэй элий балай газруудад гэнэтийн шалгалт явуулж, зөрчилтэй нэгнийх нь хаалгыг барьвал яасан юм бэ. Тэгэхгүй бол байшин, барилгуудын булан тохой бүрт хувийн гэх тодотголтой эмнэлгүүд вант улсаа байгуулж иргэдийн халаасыг сэгсэрсээр байх уу.

Б.ЧАНЦАЛ

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих