Эрүүл мэндийн салбарыг уруу нь харуулаад уутыг нь сэгсэрчихэж
-Та өмнө нь Эрүүл мэндийн дэд сайд байсан. Хэсэг хугацааны дараа сайдаар нь ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбар хэр өөрчлөгдсөн байна вэ?
-Энгийн үгээр тайлбарлахад уруу нь харуулаад уутыг нь сэгсэрчихсэн, хөл толгой нь олдохоо байсан байна. Гэхдээ би засахгүй бол хэн засах вэ гэж бодсоноос яах гэж энд ирэв ээ гэж санааширсангүй. Тиймээс нэг сар ч болно уу, дөрвөн жилийг ч үзнэ үү, бүрэн эрхийнхээ хугацаанд хийх ажлаа хэрэгжүүлнэ.
Өнгөрсөн хугацаанд салбараасаа хол байсан болохоор аливаа асуудлыг их соргогоор хүлээн авч байна. Хэрвээ дотор нь байсан бол олж харж чадахгүй л явж байх байсан болов уу.
-Салбартаа хийх шинэчлэлийн төлөвлөгөөгөө Ерөнхий сайдад танилцуулсан. Ямар төлөвлөгөөгөөр ажиллах гэж байгаа юм бэ?
-Шинэчлэл хийх олон ажил бий. Эхний ээлжинд хэрэгжүүлэхээр зургаан чиглэл сонгон ажиллахаар төлөвлөөд байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоо, санхүүжилт, даатгалын системийн шинэчлэл, эмийн аюулгүй байдал, оношилгоо, эмчилгээний стандарт, технологи, оношилгооны төвийн асуудал, ашиг сонирхлын зөрчил, авлига, албан бус төлбөр, хүнд суртал, эрүүл мэндийн салбарынхны соёл, харилцаа хандлагад шинэчлэл хийе гэж төлөвлөж байна.
Цаашид хэрхэн, яаж шинэчлэх вэ гэдэг асуудлаар Ерөнхий сайдтай уулзаж, эхний хувилбаруудаа танилцууллаа. Удахгүй хэрэгжүүлж эхэлнэ.
-Ерөнхий сайд хэр хүлээж авч байна вэ?
-Ерөнхий сайд нээлттэй хүн болохоор их сайхан хүлээж авсан. Гэхдээ мэдээж тодруулж, нарийвчлах зүйл олон байна гэсэн байдлаар санал солилцсон. Тиймээс 14 хоногийн дараа дахин хэлэлцэхээр боллоо.
-УИХ-ын чуулганаар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа. Энэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарт чамгүй өөрчлөлт орох бололтой?
-Иргэний эрүүл мэндийн даатгал гэдэг тухайн хүн эмнэлэгт хэвтсэн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах үедээ энэ мөнгийг хэрэглэнэ гэсэн байдлаар сан үүсгээд, эрсдэлээс урьдчилан сэргийлээд даатгачихаж байна гэсэн үг.
Харамсалтай нь, өнөөдөр эрүүл мэндийн нийт зардлын дөнгөж 21 хувь нь эрүүл мэндийн даатгалаас орж ирж байгаа. Уг нь даатгуулагч иргэдээс гадна өөрөө төлөх боломжгүй, амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур амьдралтай иргэдийн эрүүл мэндийн даатгалыг төр хариуцаж байгаа. Өөрөөр хэлбэл, хүн амын 98 хувь нь даатгалд хамрагдсан гэдэг. Гэтэл даатгуулчихаад эмнэлэгт хэвтэхдээ оношилгоо, шинжилгээг төлбөртэй өгч, эм тариагаа өөрөө авч байна. Энэ нь даатгуулсан иргэнд даатгал нь үйлчлэхгүй байна гэсэн үг.
-Шинэ хууль батлагдчихвал эрс өөрчлөгдөх нь ээ?
-Ямартай ч дээрх алдааг засах ёстой. Улсын төсөвт эрүүл мэндийн салбарын даатгал, зардлын хэмжээг хамгийн багадаа 60 хувь байх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс даатгалын санг бие даасан байдлаар байгуулж, эрүүл мэндийн даатгалд хамрагдах тусламж үйлчилгээг өргөжүүлнэ. Тухайлбал, өндөр өртөгтэй мэс заслын эрүүл мэндийн даатгалын тариф нь 500 мянган төгрөг. Гэтэл яг үнэн хэрэгтээ энэ хагалгааг таван сая төгрөгөөр хийлгэдэг. Ингэхээр иргэн даатгалтай хэрнээ 4.5 сая төгрөг төлдөг. Тэгэхээр энэ мөнгөн төлбөрийг эргэж харах ёстой. Мөн урт, удаан хугацаанд эм хэрэглэдэг болон гемодиализтэй хүмүүсийн тусламж үйлчилгээний зарим хэсгийг даатгалын сангаас санхүүжүүлдэг болъё гэсэн байр суурьтай байна.
Нэг үе ор хоногоор санхүүжүүлдэг байсан. Ямар ч өвчтэй байсан 10 хоног хэвтэнэ. Гэхдээ тухайн эмнэлгийнхээ шатлалаар ор хоногийн төлбөр нь өөр өөр байсан. Харин одоо оношийн бүлгээр тогтооё гэж байгаа. Элэг цөсний архаг үрэвсэлтэй бол яах вэ, бөөрний үрэвсэлтэй бол ямар байх вэ гэх мэтчилэнгээр тогтооно. Урьд нь тогтоосон зардал хаанаа ч хүрдэггүй.
-Яагаад хүрэлцдэггүй юм бол?
-Буруу тогтоочихсон байхгүй юу. Бодит өртгөөсөө доогуур тогтоосон болохоор хол хоцорчихож байгаа юм. Тухайн хүнийг эмчлэх өртөг нь өндөр байсан ч эрүүл мэндийн даатгалынхаа тарифт тааруулан эмчилгээгээ хийдэг. Ингэхээр өвчтөн эм, тариагаа зайлшгүй гаднаас авах шаардлагатай болдог. Энэ алдааг засахын тулд оношилгооных нь багцыг эмчлэхэд зарцуулах бодит өртгөөр тооцъё гэж байгаа. Жишээ нь, оношоор нь бүлэглэн тариа хийхэд ямар үнэтэй байх, нэг тасагт цахилгаан, усны хэрэглээний төлбөр хэд гарах нь вэ гэх зэргээр бодитоор нь санхүүжүүлье. Тэгж тусламж үйлчилгээгээ чанартай болгож, даатгуулагчдад даатгал нь ээлтэй, үр шимийг нь хүртэж чаддаг болгох өөрчлөлтүүдийг оруулах гэж байгаа.
-Тэгэхээр олон төрлийн даатгал төлж байгаа тохиолдолд тухайн сангийн зохицуулалтыг хэрхэн шийдэх вэ?
-Бид аль ч яамны харьяа бус дундын буюу бие даасан байх нь чухал гэж үзэж байгаа юм. Даатгалын сан гэдэг олон төлөөллөөс бүрддэг. Даатгуулагч, ажил олгогч, Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын яам, Сангийн яам гэх мэтчилэн уялдаа холбоо ихтэй. Тиймээс эдгээр байгууллагаас төлөөлөлтэй дундын байгууллага байх ёстой гэсэн өөрчлөлт оруулахаар зэхэж байна.
-Эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн төлөвлөгөөнд хариуцлагын тогтолцоог хэрхэн өөрчлөх бол гэдэг хүлээлт олны анхааралд байгаа даа?
-Эмч нарын хариуцлага яах аргагүй тулгамдсан асуудал. Бид эрүүл мэндийн салбарын ажилчдаа ажиллах хүч гэж л харж байсан болохоос хүн гэдгийг нь орхигдуулж байжээ. Эмч, сувилагч нар ч инээж, уурладаг, зовж, жаргадаг бидний л адил хүн. Гэтэл тэдэндээ хамгийн хариуцлагатай ажил даалгачихаад маш бага цалин өгдөг. Ямар нэгэн байдлаар мэргэжлийн алдааг багасгах, түүнээс сэргийлэх бодлого гаргаагүй. Тэгсэн хэрнээ алдсан үед нь торгодог, эрхийг нь хасдаг, шоронд хийдэг механизмууд байдаг.
Тэгвэл одоо эмч нараа хариуцлагын даатгалд хамруулъя, аливаа эрсдэлийг нь хуваалцъя, цалин, хөлсийг нь нэмж өгье гэх зэргээр судалж байна. Цаашид эрүүл мэндийн салбарыг төрийн албанаас гаргая гэж ярьж байгаа. Ингэснээр хөгжингүй, зах зээлийн орнуудын адил хамгийн өндөр цалинтай хүмүүс нь эрүүл мэндийн салбарыхан болох боломж нээгдэнэ. Энэ чиглэлийг ч барьж ажиллана.Хариуцлагын даатгал эмч нарыг эрсдэлээс маш сайн хамгаалж чадна гэж үзэж байна.
-Эрүүл мэндийн салбарынхны нийгмийн асуудал орхигдсоноос хариуцлага алдах үе бишгүй гардаг байх?
-Манай салбарынхан олон түмний эрүүл мэнд, сайн сайхны төлөө өөрийнхөө ар гэр, хань ижил, үр хүүхэд, эрүүл мэндээ хаяад ажилладаг. Яагаад гэвэл эрхэлж байгаа ажил нь онц хариуцлагатай. Тухайлбал, нэг хүнд өвчтөнтэй байлаа гэхэд түүнийгээ байнга боддог. Гэртээ харьсан ч “За нөгөө хүн маань яаж байгаа бол” гээд л утсаар асууна, болохгүй бол буцаад эмнэлэгтээ очно гэх зэргээр ёс суртахууны хариуцлага давхар хүлээдэг. Зарим тохиолдолд зүүдлэх ч энүүхэнд шүү дээ. Тиймээс бид тэднийхээ нийгмийн хамгааллын асуудлыг харах хэрэгтэй. Эхний ээлжинд цалин, дараа нь ажлын нөхцөл, хэрэгцээтэй багаж, тоног төхөөрөмж, норм, норматив гэх мэтчилэн үе шаттайгаар хэрэгжүүлэх ёстой юм.
-1992 онд салбарын сайдын баталсан норм, нормативаар л явж байна уу?
-Уг нь дотрын нэг эмч цагт таван хүн үзэх ёстой. Гэтэл өнөөдөр 20 хүн үзэж байгаа юм чинь чанар нь ямар байх вэ. Тэгэхээр хэдэн жилийн өмнө батлагдсан норм, нормативын асуудлыг мэргэжлийн онцлогоос нь хамаараад дахин шинэчилнэ. Ингэснээр төрөхийн эмч нар л гэхэд тухайн өдөр эх барьсан хүний тооноос хамаараад өөр өөр цалин авдаг болох байх.
-Та Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хамгийн дотны хамтрагч. Сүүлийн үед биеийн байдал нь ямар байгаа бол. Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Өнгөрсөн долоо хоногт уулзаж чадсангүй. Н.Энхбаяр даргын биеийн байдал тогтонги байгаа. Зарим шинж тэмдэг нь сайжирсан. Гэхдээ тогтвортой сайжрахгүй байгаа хэсэг шинж тэмдгүүд бий. Тэр хэсэгт нь онош тодруулах, нарийн шинжлүүлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт сайдын тушаалаар төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын комисс томилсон. Тэд энэ долоо хоногоос үзэж, онош тавин, зөвлөгөө өгөх байх.
-Та тушаал гарган комисс томилсон гэж байна. Гадаадад эмчлүүлэх хүсэлт тавьсан тухай яригдаж байсан. Таныг хөөцөлдөж байгаад явуулчихна биз гэсэн хардалт ч яригдаж байгаа шүү дээ?
-Би бол Н.Энхбаяр даргын хамтран зүтгэгч. Намын дарга, нарийн бичгийн дарга явсан хүмүүс. Гэсэн ч Эрүүл мэндийн сайдад эмчийн дүгнэлт гаргах эрх, үүрэг оногдоогүй.Гадаадад эмчлүүлэх тухай надтай ямар нэгэн зүйл яриагүй, гэр бүлийнхэн нь болон өөрөө ч хүсэлт тавиагүй. Эмч нар нь ч тэр талаар надад хэлээгүй. Тэд хийж буй эмчилгээ, шинжилгээ, аливаа өөрчлөлт, цаашдын эмчилгээний талаар л мэдээлдэг.Тэгээд ч би гадаадад эмчлүүлэхэд ямар нэгэн шийдвэр гаргах ямар ч чадамжгүй субьект. Өөрийнхөө эрх, мэдлийн хүрээнд л ажлаа хийдэг.Эрүүл мэндийн салбар гэдэг яаж ч худлаа оношилж болдоггүй. Хэн ч үзсэн хяналт шалгалт хийнэ. Угаасаа хүний нүдэнд ил байгаа зүйлийг хэн дуртай нь өөрчилж чадахгүй.
-Улстөр гэж явахаар салбартаа байсан бол уруугаа харчихгүй л байсан байх даа гэж бодогдож байв уу?
-Үгүй. Эрүүл мэндийн салбараас хөндий байсан тэр цаг хугацаанд илүү ач холбогдолтой үйлийг хийсэн учраас харамсахгүй байна. Нийгэмд шударга ёс тогтоох, улстөрийг илүү ёс зүйтэй, хариуцлагатай болгох үйлс буюу хувьсгалын дайтай үйлийг бүтээлцсэн гэж өөрийгөө үнэлж байгаа.
Н.Энхбаяр дарга болон манай баг, хамт олон нийгэмд үүссэн байсан гинжин хэлхээг тасалсан. Тиймээс энэ үйл хэргийн дэргэд эрүүл мэндийн салбар нэг хэсэг нь. Харин хөндий байж энэ үйл хэрэгт оролцож байсан маань өнөөдрийн шинэчлэлийг хийхэд нэлээд түлхэц болж байна.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: