Эрүүл мэндийн салбарыг уруу нь харуулаад уутыг нь сэгсэрчихэж

Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай салбарын болон улстөрийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Та өмнө нь Эрүүл мэндийн дэд сайд байсан. Хэсэг хугацааны дараа сай­даар нь ажиллаж бай­на. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбар хэр өөрч­лөгд­сөн байна вэ?

-Энгийн үгээр тайлбар­лахад уруу нь харуулаад уутыг нь сэгсэрчихсэн, хөл толгой нь олдохоо байсан байна. Гэхдээ би засахгүй бол хэн засах вэ гэж бодсоноос яах гэж энд ирэв ээ гэж санааширсангүй. Тиймээс нэг сар ч болно уу, дөрвөн жилийг ч үзнэ үү, бүрэн эрхийнхээ хугацаанд хийх ажлаа хэрэгжүүлнэ.
Өнгөрсөн хугацаанд сал­ба­раасаа хол байсан боло­хоор аливаа асууд­лыг их соргогоор хүлээн авч байна. Хэрвээ дотор нь байсан бол олж харж чадахгүй л явж байх байсан болов уу.

-Салбартаа хийх шинэч­лэлийн төлөвлөгөөгөө Ерөн­хий сайдад танилцуулсан. Ямар төлөвлөгөөгөөр ажил­лах гэж байгаа юм бэ?
-Шинэчлэл хийх олон ажил бий. Эхний ээлжинд хэрэгжүүлэхээр зургаан чиг­­­­лэл сонгон ажиллахаар тө­лөв­лөөд байна. Эрүүл мэн­дийн тусламж үйлчилгээний тогтолцоо, санхүүжилт, даат­галын системийн шинэчлэл, эмийн аюулгүй байдал, оношилгоо, эмчилгээний стан­дарт, технологи, оно­шилгооны төвийн асуудал, ашиг сонирхлын зөрчил, авлига, албан бус төлбөр, хүнд суртал, эрүүл мэндийн салбарынхны соёл, харилцаа хандлагад шинэчлэл хийе гэж төлөвлөж байна.
Цаашид хэрхэн, яаж шинэчлэх вэ гэдэг асуудлаар Ерөнхий сайдтай уулзаж, эхний хувилбаруудаа танил­­цууллаа. Удахгүй хэрэг­жүүлж эхэлнэ.
-Ерөнхий сайд хэр хү­лээж авч байна вэ?
-Ерөнхий сайд нээлттэй хүн болохоор их сайхан хүлээж авсан. Гэхдээ мэдээж тодруулж, нарийвчлах зүйл олон байна гэсэн байдлаар санал солилцсон. Тиймээс 14 хоногийн дараа дахин хэлэлцэхээр боллоо.
-УИХ-ын чуулганаар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс­лийг хэлэлцэж байгаа. Энэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарт чамгүй өөрчлөлт орох бололтой?
-Иргэний эрүүл мэндийн даатгал гэдэг тухайн хүн эмнэлэгт хэвтсэн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах үедээ энэ мөнгийг хэрэглэнэ гэсэн байдлаар сан үүсгээд, эрсдэлээс урьдчилан сэргийлээд даатгачихаж байна гэсэн үг.
Харамсалтай нь, өнөөдөр эрүүл мэндийн нийт зардлын дөнгөж 21 хувь нь эрүүл мэндийн даатгалаас орж ирж байгаа. Уг нь даатгуулагч иргэдээс гадна өөрөө төлөх боломжгүй, амьжиргааны баталгаажих түвшнөөс доо­гуур амьдралтай иргэ­дийн эрүүл мэндийн даатгалыг төр хариуцаж байгаа. Өөрөөр хэлбэл, хүн амын 98 хувь нь даатгалд хамрагдсан гэдэг. Гэтэл даатгуулчихаад эмнэлэгт хэвтэхдээ оно­шилгоо, шинжилгээг төл­бөр­тэй өгч, эм тариагаа өөрөө авч байна. Энэ нь даатгуулсан иргэнд даатгал нь үйлчлэхгүй байна гэсэн үг.
-Шинэ хууль батлагд­чих­вал эрс өөрч­лөгдөх нь ээ?
-Ямартай ч дээрх алдааг засах ёстой. Улсын төсөвт эрүүл мэндийн салбарын даатгал, зардлын хэмжээг хамгийн багадаа 60 хувь байх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс даатгалын санг бие даасан байдлаар байгуулж, эрүүл мэндийн даатгалд хамрагдах тусламж үйлчилгээг өргөжүүлнэ. Тухайлбал, өндөр өртөгтэй мэс заслын эрүүл мэндийн даатгалын тариф нь 500 мянган төгрөг. Гэтэл яг үнэн хэрэгтээ энэ хагалгааг таван сая төгрөгөөр хийлгэдэг. Ингэхээр иргэн даатгалтай хэрнээ 4.5 сая төгрөг төлдөг. Тэгэхээр энэ мөнгөн төлбөрийг эргэж харах ёстой. Мөн урт, удаан хугацаанд эм хэрэглэдэг болон гемо­диализтэй хүмүүсийн тус­ламж үйлчилгээний зарим хэсгийг даатгалын сангаас санхүүжүүлдэг болъё гэсэн байр суурьтай байна.
Нэг үе ор хоногоор сан­хүүжүүлдэг байсан. Ямар ч өвчтэй байсан 10 хоног хэвтэнэ. Гэхдээ тухайн эмнэлгийнхээ шатлалаар ор хоногийн төлбөр нь өөр өөр байсан. Харин одоо оношийн бүлгээр тогтооё гэж байгаа. Элэг цөсний архаг үрэвсэлтэй бол яах вэ, бөөрний үрэвсэлтэй бол ямар байх вэ гэх мэтчилэнгээр тогтооно. Урьд нь тогтоосон зардал хаанаа ч хүрдэггүй.
-Яагаад хүрэлцдэггүй юм бол?
-Буруу тогтоочихсон байх­­гүй юу. Бодит өртгөө­сөө доо­гуур тогтоосон боло­хоор хол хоцорчихож байгаа юм. Тухайн хүнийг эмчлэх өртөг нь өндөр байсан ч эрүүл мэндийн даатгалын­­­­хаа тарифт таа­руулан эм­чил­­­­гээ­гээ хийдэг. Ингэхээр өвч­төн эм, тариагаа зайлшгүй гаднаас авах шаардлагатай болдог. Энэ алдааг засахын тулд оношилгооных нь багцыг эмчлэхэд зарцуулах бодит өртгөөр тооцъё гэж байгаа. Жишээ нь, оношоор нь бүлэглэн тариа хийхэд ямар үнэтэй байх, нэг тасагт цахилгаан, усны хэрэглээний төлбөр хэд гарах нь вэ гэх зэргээр бодитоор нь санхүүжүүлье. Тэгж тус­ламж үйлчилгээгээ чанартай болгож, даатгуулагчдад даат­гал нь ээлтэй, үр шимийг нь хүртэж чаддаг болгох өөрчлөлтүүдийг оруулах гэж байгаа.
-Тэгэхээр олон төрлийн даатгал төлж байгаа то­хиолдолд тухайн сангийн зохицуулалтыг хэрхэн ший­дэх вэ?
-Бид аль ч яамны харьяа бус дундын буюу бие даасан байх нь чухал гэж үзэж байгаа юм. Даатгалын сан гэдэг олон төлөөллөөс бүрд­дэг. Даатгуулагч, ажил ол­гогч, Хүн амын хөгжил, нийг­­мийн хамгаалалын яам, Сангийн яам гэх мэт­чилэн уялдаа холбоо ихтэй. Тий­мээс эдгээр байгууллагаас төлөөлөлтэй дундын бай­гууллага байх ёстой гэсэн өөрчлөлт оруулахаар зэхэж байна.
-Эрүүл мэндийн сал­барт хийх шинэчлэлийн төлөвлөгөөнд хариуцлагын тогтолцоог хэрхэн өөрчлөх бол гэдэг хүлээлт олны анхааралд байгаа даа?
-Эмч нарын хариуцлага яах аргагүй тулгамдсан асуу­дал. Бид эрүүл мэн­дийн салбарын ажилчдаа ажил­лах хүч гэж л харж байсан болохоос хүн гэд­гийг нь орхигдуулж бай­­жээ. Эмч, сувилагч нар ч инээж, уурладаг, зовж, жарга­даг бидний л адил хүн. Гэтэл тэдэндээ хамгийн хариуц­лагатай ажил даалгачихаад маш бага цалин өгдөг. Ямар нэгэн байдлаар мэргэжлийн алдааг багасгах, түүнээс сэргийлэх бодлого гаргаагүй. Тэгсэн хэрнээ алдсан үед нь торгодог, эрхийг нь хасдаг, шоронд хийдэг механизмууд байдаг.
Тэгвэл одоо эмч нараа хариуцлагын даатгалд хам­руулъя, аливаа эрсдэлийг нь хуваалцъя, цалин, хөлсийг нь нэмж өгье гэх зэргээр судалж байна. Цаашид эрүүл мэндийн салбарыг төрийн албанаас гаргая гэж ярьж байгаа. Ингэснээр хөгжингүй, зах зээлийн орнуудын адил хамгийн өндөр цалинтай хүмүүс нь эрүүл мэндийн салбарыхан болох боломж нээгдэнэ. Энэ чиглэлийг ч барьж ажиллана.Хариуцлагын даатгал эмч нарыг эрсдэлээс маш сайн хамгаалж чадна гэж үзэж байна.
-Эрүүл мэндийн сал­ба­рынхны нийгмийн асуу­­­дал орхигдсоноос хариуц­ла­га ал­дах үе бишгүй гардаг байх?
-Манай салбарынхан олон түмний эрүүл мэнд, сайн сайхны төлөө өөрийнхөө ар гэр, хань ижил, үр хүүхэд, эрүүл мэндээ хаяад ажилладаг. Яагаад гэвэл эрхэлж байгаа ажил нь онц хариуцлагатай. Тухайлбал, нэг хүнд өвчтөнтэй байлаа гэхэд түүнийгээ байнга боддог. Гэртээ харьсан ч “За нөгөө хүн маань яаж байгаа бол” гээд л утсаар асууна, болохгүй бол буцаад эмнэлэгтээ очно гэх зэргээр ёс суртахууны хариуцлага давхар хүлээдэг. Зарим тохиолдолд зүүдлэх ч энүү­хэнд шүү дээ. Тиймээс бид тэднийхээ нийгмийн хамгааллын асуудлыг харах хэрэгтэй. Эхний ээлжинд цалин, дараа нь ажлын нөхцөл, хэрэгцээтэй багаж, тоног төхөөрөмж, норм, норматив гэх мэтчилэн үе шаттайгаар хэрэгжүүлэх ёстой юм.
-1992 онд салбарын сай­дын баталсан норм, норма­тиваар л явж байна уу?
-Уг нь дотрын нэг эмч цагт таван хүн үзэх ёстой. Гэтэл өнөөдөр 20 хүн үзэж байгаа юм чинь чанар нь ямар байх вэ. Тэгэхээр хэдэн жилийн өмнө батлагдсан норм, нормативын асуудлыг мэргэжлийн онцлогоос нь хамаараад дахин шинэчилнэ. Ингэснээр төрөхийн эмч нар л гэхэд тухайн өдөр эх барьсан хүний тооноос хамаараад өөр өөр цалин авдаг болох байх.
-Та Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хамгийн дот­ны хамтрагч. Сүүлийн үед биеийн байдал нь ямар байгаа бол. Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Өнгөрсөн долоо хо­ногт уулзаж чадсангүй. Н.Энхбаяр даргын биеийн байдал тогтонги байгаа. Зарим шинж тэмдэг нь сайжирсан. Гэхдээ тогтвортой сайжрахгүй байгаа хэсэг шинж тэмдгүүд бий. Тэр хэсэгт нь онош тодруулах, нарийн шинжлүүлэх зорил­гоор өнгөрсөн долоо хоногт сайдын тушаалаар төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын комисс томилсон. Тэд энэ долоо хоногоос үзэж, онош тавин, зөвлөгөө өгөх байх.
-Та тушаал гарган комисс томилсон гэж байна. Гадаадад эмчлүүлэх хүсэлт тавьсан тухай яригдаж байсан. Таныг хөөцөлдөж байгаад явуулчихна биз гэсэн хардалт ч яригдаж байгаа шүү дээ?
-Би бол Н.Энхбаяр даргын хамтран зүтгэгч. Намын дарга, нарийн бичгийн дарга явсан хүмүүс. Гэсэн ч Эрүүл мэндийн сайдад эмчийн дүгнэлт гаргах эрх, үүрэг оногдоогүй.Гадаадад эмчлүүлэх ту­хай надтай ямар нэгэн зүйл яриагүй, гэр бүлийнхэн нь болон өөрөө ч хүсэлт тавиагүй. Эмч нар нь ч тэр талаар надад хэлээгүй. Тэд хийж буй эмчилгээ, шинжилгээ, аливаа өөрчлөлт, цаашдын эмчилгээний талаар л мэдээлдэг.Тэгээд ч би гадаадад эмчлүүлэхэд ямар нэгэн шийд­вэр гаргах ямар ч ча­дамж­гүй субьект. Өөрийн­хөө эрх, мэдлийн хүрээнд л ажлаа хийдэг.Эрүүл мэндийн салбар гэдэг яаж ч худлаа оношилж болдоггүй. Хэн ч үзсэн хяналт шалгалт хийнэ. Угаасаа хүний нүдэнд ил байгаа зүйлийг хэн дуртай нь өөрчилж чадахгүй.
-Улстөр гэж явахаар салбартаа байсан бол уруу­гаа харчихгүй л байсан байх даа гэж бодогдож байв уу?
-Үгүй. Эрүүл мэндийн салбараас хөндий байсан тэр цаг хугацаанд илүү ач холбогдолтой үйлийг хийсэн учраас харамсахгүй байна. Нийгэмд шударга ёс тогтоох, улстөрийг илүү ёс зүйтэй, хариуцлагатай болгох үйлс буюу хувьсгалын дайтай үйлийг бүтээлцсэн гэж өөрийгөө үнэлж байгаа.
Н.Энхбаяр дарга болон манай баг, хамт олон нийгэмд үүссэн байсан гинжин хэл­хээг тасалсан. Тиймээс энэ үйл хэргийн дэргэд эрүүл мэндийн салбар нэг хэсэг нь. Харин хөндий байж энэ үйл хэрэгт оролцож байсан маань өнөөдрийн шинэчлэлийг хий­­­­­хэд нэлээд түлхэц болж байна.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих