“Улстөрийн цөөвөр” М.Энхсайхан ГОК-ын “босс” болно, болохгүй

Гучин таван жил мон­гол­­чуудын амьдралыг зэс эр­дэнээр тэтгэж яваа уулын бая­ж­уу­лах “Эр­дэнэт” үйлдвэр, ГОК-ын одоогийн босс Ц.Ган­зо­ригийн сон­гуульт ху­га­­­­цаа ирэх 12 дугаар сарын сүүлчээр дуусна. “Хааны алба халаатай, эз­ний алба ээлжтэй” болохоор Ц.Ганзориг за­хирал ёстой л “наашаа харж инээж, цаашаа харж уйл­саар” эрдэнийн авдар дээр сандайлсан шидэт олбо­гоосоо ховхорч л таарна.

Жилдээ 30-аад сая  тонн хүдэр боловсруулж, 540 орчим мянган тонн  зэсийн, 3.5  мянган тонн молибденийн баяж­мал үйлдвэрлэдэг “Эр­дэнэт” үйлдвэр 2011 онд 1.2  их наяд төгрөгийн орло­го­той ажиллаж,  цэвэр ашиг нь 294.6 тэрбум төг­рөгт хүрчээ. 2011 онд улсын болон орон нутгийн тө­сөвт 555.5 тэрбум төг­рөг төвлөрүүлсэн одоо­хон­доо Монгол Улсыг ну­руун­даа үүрч яваа энэ авар­га үйлд­вэрийн дараагийн “босс” хүссэн хүсээгүй хоёр­хон сарын дараа тодрох бол­но.

“Зууны луйварчин” хэмээн адлагдаж явсан ч “Эрдэнэт” үйлдвэрийг олон улсын зах зээлийн зэсийн баяж­­малын гурван хувь, молиб­денийн баяжмалын нэг хувийг дангаараа үйлд­вэрлэдэг дэлхийн хэмжээний аварга үйлдвэр болох эх суурийг тавьж, технологийн шинэч­лэлийг эхлүүлсэн Ш.От­гонбилэг агснаас хойш дэл­хийн зэс үйлдвэрлэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн хүч­тэй, чадварлаг захирал өнөөдрийг хүртэл үгүй­лэгд­сээр байгаа нь нууц биш.

Яах аргагүй  мэргэжилтэй ажилчдынх нь 30 жилийн турш­лага, Эрдэнэтийн овооны дундрашгүй их зэсийн баялагт дулдуйдан урс­галаараа хөвөрч байгаа хэдий ч Монгол Улсын “саалийн ганц үнээ” болсоор ирсэн уулын бая­жуулах “Эрдэнэт” үйлдвэрийн удаах эзэн тун удахгүй тодорно. Сүүлийн арван хэдэн жил  сонгуульд ялан  төр барьж буй намын Ерөнхий сайдын үзэмжээр томилогддог болсон “Эрдэнэт” үйлдвэрийн ерөн­хий захирлын энэ удаагийн сунгаанд тун саяхан “Эрдэнэс МГЛ” компанийн захирлаас өөрийн саналаар татгалзсан Б.Энэ­биш, Дарханы Хар төмөр­лөгийн үйлдвэрийн захирал болоод удаагүй бай­гаа П.Эрдэнэцогт, УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, Ц.Сэд­ван­чиг зэрэг эрх­мүүдийн нэр хүчтэйхэн яриг­даж эхлээд байгаа.

Сүүлийн үед дээрх горилогч нөхдөөс гадна Мон­голын  улстөрд  нууцлаг,  хүчирхэг орон зай нь өдрөөс өдөрт чангарч эвсэлдэгч нам хүчнүүд, эрх баригчдын зүр­хэнд айдас төрүүлсээр байгаа улстөрийн “цөөвөр чоно” М.Энхсайханы нэр хүчтэй яригдах болжээ. Цагтаа Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хамгийн үр бүтээлтэй, ам­жилттай хашиж явсан түүний хувьд Сангийн сайдад нэг их хүчлээгүйн учир одоо л тайлагдаж байх шиг. Яг өнөөдрийн хувьд Монголын толгой эдийн засагч, хүчтэй лидер улстөрчийн хувьд М.Энх­сайханы эрэмбэ, зан­га­рагад нийцэх алба, ажил  үнэн­дээ  Эрдэнэтийн “босс”-ын суудлаас өөр  Монголд  үлдсэнгүй.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сүүлийн үед тун ихээр хайр зарлах болсон “Биокомбинат”, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэр зэрэг улсын үйлдвэрийн газрыг М.Энхсайхан тоож очих­­гүй  нь тодорхой. Иргэний нисэхийн Ерөнхий газрын тухайд дээгүүрээ дарх­­­лагдсан алдартай мафийн сүлжээтэй. Тийм газар гаднаас хүчтэй өрсөл­дөгч оруулах нь юу л бол.

Монголбанкны дэд ерөн­хийлөгчийн суудалд өчигд­рийн нөхөр, өнөөдрийн хонзог­ногч  Н.Энхбаярын хүү Э.Бат­шугар очсоныг дуулаад тун доогтой мушийж суусан М.Энхсайхан өнөөдрийг хүртэл ус балгасан мэт чимээгүй явсны  хариулт зах зухаасаа  тодрох нь бололтой.

АН, “Шударга ёс” эвслийн хэврэгхэн  засаг тэсч үлдэх сүүлчийн  тохиролцоо нь магадгүй  “Эрдэнэт” үйлдвэрийн толгой  дээр М.Энхсайханыг залснаар шийдвэрлэгдэж болох л юм. Түүнчлэн АН-ын  олон хүч­тэй фракц, хамтран засаг барьж байгаа “Шударга ёс” эвслийн зүгээс ирж байгаа шахалт, тулгалт болгоныг зөөлрүүлж, нэг зүгт зангидаж болох хамгийн оновчтой сонголт нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд тийм ч муугүй харилцаатай  М.Энхсайханд  Эрдэнэтийг бэлэглэснээр  шийдэгдэхийг үгүйсгэхгүй.

Гэвч яаран дүгнэлт хий­хэд эрт байна. Хэрхэхийг цаг хугацаа, дээр хөхрөгч тэнгэрээс асуумой.

Бусад горилогчыг хүн тус бүрээр нь танилцуулбал ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригтын хүчтэй түл­хээ­сээр “Эрдэнэс МГЛ” ком­панийн захирал болсон ч сая­хан тэр ажлаа өөрийн саналаар хүлээлгэж өгсөн  Б.Энэбиш уг нь соцдек угшилтай нэгэн. 1996-2000 онд УИХ-ын Тамгын газрын даргын сэнтийд заларч байсан Б.Энэбиш даргыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг зүтгүүлсээр “Эрдэнэт”-ийн захирал болох боломжтой л нөхөр. “Эрдэнэс МГЛ”-ын захирлаар очихоосоо өмнө Оросын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Бату майнинг” компанийн захирлаар ажиллаж байсан. Оросуудтай тун дотно харилцаатай. ГОК-ын удирдлагад байдаг оросуудаас дэмжлэг хүлээх магад­лалтай.

Мөн Д.Дорлигжавыг Эрдэнэтийн босс байхад ГОК-ын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч байсан П.Эр­дэнэцогт гэгч нөхөр Дарханы Хар төмөрлөгийн үйлд­вэрийн захирлын албаа чам­лаж, Эрдэнэт рүү улайран зүтгэж бай­гаа сурагтай.

Экс гишүүн Д.Одхүүг бол эрдэнэтчүүд байтугай мон­голчууд андахгүй. Эрдэнэт үйлд­вэрийн  захирлын өрөө­ний хаалгыг “будаа бол­гож” хэмх цохиж ороод суучихаж байсан зоригтой нөхөр. Харин одоо бол хууль, дүр­мийнх нь дагуу “босс” нь болно доо хэмээн шазуур зууж яваа.

Харин Ц.Сэдванчигийн хувьд “Говь” компанийн боссоор гайгүй хэдэн жил ажиллаж болсон юм чинь Монголын ганц саалийн үнээг дөрвөн жил ч болтугай зайдлаад үзэхэд болохгүй гэх газаргүй хэмээн өөрийгөө зориг­жуулж яваа горилогч нэгэн.

Дөрөвхөн жил “босс”-ынх нь суудалд залраад буусан эрхмүүд 800 саяар нь идэж уусан асуудалд орооцолддог Уулын бая­жуу­лах “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын ол­бог гэдэг аргагүй л энэ цагийн үлгэрийг үнэн болгогч алт, үнэт эрдэнэсийн гайхамшигт суудал ажгуу.

Харин түүний дараагийн эзэн хэн бэ. М.Энхсайхан уу, бусад нь уу.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих