“Улстөрийн цөөвөр” М.Энхсайхан ГОК-ын “босс” болно, болохгүй
Гучин таван жил монголчуудын амьдралыг зэс эрдэнээр тэтгэж яваа уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, ГОК-ын одоогийн босс Ц.Ганзоригийн сонгуульт хугацаа ирэх 12 дугаар сарын сүүлчээр дуусна. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” болохоор Ц.Ганзориг захирал ёстой л “наашаа харж инээж, цаашаа харж уйлсаар” эрдэнийн авдар дээр сандайлсан шидэт олбогоосоо ховхорч л таарна.
Жилдээ 30-аад сая тонн хүдэр боловсруулж, 540 орчим мянган тонн зэсийн, 3.5 мянган тонн молибденийн баяжмал үйлдвэрлэдэг “Эрдэнэт” үйлдвэр 2011 онд 1.2 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж, цэвэр ашиг нь 294.6 тэрбум төгрөгт хүрчээ. 2011 онд улсын болон орон нутгийн төсөвт 555.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн одоохондоо Монгол Улсыг нуруундаа үүрч яваа энэ аварга үйлдвэрийн дараагийн “босс” хүссэн хүсээгүй хоёрхон сарын дараа тодрох болно.
“Зууны луйварчин” хэмээн адлагдаж явсан ч “Эрдэнэт” үйлдвэрийг олон улсын зах зээлийн зэсийн баяжмалын гурван хувь, молибденийн баяжмалын нэг хувийг дангаараа үйлдвэрлэдэг дэлхийн хэмжээний аварга үйлдвэр болох эх суурийг тавьж, технологийн шинэчлэлийг эхлүүлсэн Ш.Отгонбилэг агснаас хойш дэлхийн зэс үйлдвэрлэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн хүчтэй, чадварлаг захирал өнөөдрийг хүртэл үгүйлэгдсээр байгаа нь нууц биш.
Яах аргагүй мэргэжилтэй ажилчдынх нь 30 жилийн туршлага, Эрдэнэтийн овооны дундрашгүй их зэсийн баялагт дулдуйдан урсгалаараа хөвөрч байгаа хэдий ч Монгол Улсын “саалийн ганц үнээ” болсоор ирсэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн удаах эзэн тун удахгүй тодорно. Сүүлийн арван хэдэн жил сонгуульд ялан төр барьж буй намын Ерөнхий сайдын үзэмжээр томилогддог болсон “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын энэ удаагийн сунгаанд тун саяхан “Эрдэнэс МГЛ” компанийн захирлаас өөрийн саналаар татгалзсан Б.Энэбиш, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал болоод удаагүй байгаа П.Эрдэнэцогт, УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, Ц.Сэдванчиг зэрэг эрхмүүдийн нэр хүчтэйхэн яригдаж эхлээд байгаа.
Сүүлийн үед дээрх горилогч нөхдөөс гадна Монголын улстөрд нууцлаг, хүчирхэг орон зай нь өдрөөс өдөрт чангарч эвсэлдэгч нам хүчнүүд, эрх баригчдын зүрхэнд айдас төрүүлсээр байгаа улстөрийн “цөөвөр чоно” М.Энхсайханы нэр хүчтэй яригдах болжээ. Цагтаа Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хамгийн үр бүтээлтэй, амжилттай хашиж явсан түүний хувьд Сангийн сайдад нэг их хүчлээгүйн учир одоо л тайлагдаж байх шиг. Яг өнөөдрийн хувьд Монголын толгой эдийн засагч, хүчтэй лидер улстөрчийн хувьд М.Энхсайханы эрэмбэ, зангарагад нийцэх алба, ажил үнэндээ Эрдэнэтийн “босс”-ын суудлаас өөр Монголд үлдсэнгүй.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сүүлийн үед тун ихээр хайр зарлах болсон “Биокомбинат”, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэр зэрэг улсын үйлдвэрийн газрыг М.Энхсайхан тоож очихгүй нь тодорхой. Иргэний нисэхийн Ерөнхий газрын тухайд дээгүүрээ дархлагдсан алдартай мафийн сүлжээтэй. Тийм газар гаднаас хүчтэй өрсөлдөгч оруулах нь юу л бол.
Монголбанкны дэд ерөнхийлөгчийн суудалд өчигдрийн нөхөр, өнөөдрийн хонзогногч Н.Энхбаярын хүү Э.Батшугар очсоныг дуулаад тун доогтой мушийж суусан М.Энхсайхан өнөөдрийг хүртэл ус балгасан мэт чимээгүй явсны хариулт зах зухаасаа тодрох нь бололтой.
АН, “Шударга ёс” эвслийн хэврэгхэн засаг тэсч үлдэх сүүлчийн тохиролцоо нь магадгүй “Эрдэнэт” үйлдвэрийн толгой дээр М.Энхсайханыг залснаар шийдвэрлэгдэж болох л юм. Түүнчлэн АН-ын олон хүчтэй фракц, хамтран засаг барьж байгаа “Шударга ёс” эвслийн зүгээс ирж байгаа шахалт, тулгалт болгоныг зөөлрүүлж, нэг зүгт зангидаж болох хамгийн оновчтой сонголт нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд тийм ч муугүй харилцаатай М.Энхсайханд Эрдэнэтийг бэлэглэснээр шийдэгдэхийг үгүйсгэхгүй.
Гэвч яаран дүгнэлт хийхэд эрт байна. Хэрхэхийг цаг хугацаа, дээр хөхрөгч тэнгэрээс асуумой.
Бусад горилогчыг хүн тус бүрээр нь танилцуулбал ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригтын хүчтэй түлхээсээр “Эрдэнэс МГЛ” компанийн захирал болсон ч саяхан тэр ажлаа өөрийн саналаар хүлээлгэж өгсөн Б.Энэбиш уг нь соцдек угшилтай нэгэн. 1996-2000 онд УИХ-ын Тамгын газрын даргын сэнтийд заларч байсан Б.Энэбиш даргыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг зүтгүүлсээр “Эрдэнэт”-ийн захирал болох боломжтой л нөхөр. “Эрдэнэс МГЛ”-ын захирлаар очихоосоо өмнө Оросын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Бату майнинг” компанийн захирлаар ажиллаж байсан. Оросуудтай тун дотно харилцаатай. ГОК-ын удирдлагад байдаг оросуудаас дэмжлэг хүлээх магадлалтай.
Мөн Д.Дорлигжавыг Эрдэнэтийн босс байхад ГОК-ын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч байсан П.Эрдэнэцогт гэгч нөхөр Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийн захирлын албаа чамлаж, Эрдэнэт рүү улайран зүтгэж байгаа сурагтай.
Экс гишүүн Д.Одхүүг бол эрдэнэтчүүд байтугай монголчууд андахгүй. Эрдэнэт үйлдвэрийн захирлын өрөөний хаалгыг “будаа болгож” хэмх цохиж ороод суучихаж байсан зоригтой нөхөр. Харин одоо бол хууль, дүрмийнх нь дагуу “босс” нь болно доо хэмээн шазуур зууж яваа.
Харин Ц.Сэдванчигийн хувьд “Говь” компанийн боссоор гайгүй хэдэн жил ажиллаж болсон юм чинь Монголын ганц саалийн үнээг дөрвөн жил ч болтугай зайдлаад үзэхэд болохгүй гэх газаргүй хэмээн өөрийгөө зоригжуулж яваа горилогч нэгэн.
Дөрөвхөн жил “босс”-ынх нь суудалд залраад буусан эрхмүүд 800 саяар нь идэж уусан асуудалд орооцолддог Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын олбог гэдэг аргагүй л энэ цагийн үлгэрийг үнэн болгогч алт, үнэт эрдэнэсийн гайхамшигт суудал ажгуу.
Харин түүний дараагийн эзэн хэн бэ. М.Энхсайхан уу, бусад нь уу.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: