Эхлээд Х.Тэмүүжин сайдыгаа, дараа нь манийгаа төрийн хамгаалалтад авч үз
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд “Тэмүүжин новш оо” гэж эхлээд “Чиний амьдралыг эхлээд там болгоно, ах дүү гэр бүлийн хүмүүсийг чинь толгой дараалан… ээлжлэн ээлжээр хамгийн шилдэг аргаар гүйцэтгэнэ. Эхлээгүй байгаа, цагийн зүү явж байгаа, далдганасан балай амьтан минь… Бид олуулаа чи бол их ядуу, нөхөдгүй… хүний нүүр рүү эгц хардаггүй бэлтрэг шиг амьтан ш дээ…Бидэнд их мэдээлэл байна аа, намнана аа машинтай явж байгаад л аваар, хоол идээд л хордлого яг хажууд чинь цаг хараад алхаж байна” хэмээсэн аюултай сүрхий захидал ирж гэнэ.
Ирж гэнэ гэснээс одоо ч тэгээд улс хөгжиж, шинжлэх ухаан, техникийн дэвшлийн ач буянаар хаа хамаагүй буцах хаяггүй захидал шууд л хуулийн толгой дээр сууж байгаа сайдын гарт цаг минут алдалгүй шуугиад ирдэг болсон нь аштай юу даа.
Саяхан даа. Манай нэгэн нэртэй бөх Дарханд сурч байхдаа нөгөө курсийнхээ оюутан бүсгүйд сэтгэл алдарч байж суух аргагүй болоод буцах хаяггүй захидал бичсэн хөгжилтэй түүхээ ярьж суухыг нь сонссон. Мань эр сэтгэл зүрхээ онгичин нээсэн сүрхий захиагаа холбоонд аваачиж өгтөл буцах хаяггүй захидал хүлээж авахгүй гээд шууданч бусгүй тас намжирдан буцаагаад шидсэн тухай ярихдаа хүд хүд инээж л суусансан.
Харин ардчилсан Монгол Улсын Хууль зүйн сайдын гарт бол буцах хаяггүй аймшгийн захидал дороо л шурхийгээд оччихдог юм байна. “Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Жамцаас” гэсэн тодорхойгүй хаягтай аймаар захидлыг Х.Тэмүүжин сайдын гарт нь хүргэж, ажлын хариуцлага алдсан Баянзүрх дүүргийн холбооны хүүхнүүдийг толгой дараалан ажлаас нь халбал таарна. Буцах хаяг, хариуцах эзэнгүй аймшгийн тэр захиа нь ганц муу хуудас цаас биш, тэсрэх бөмбөг байсан бол хэн хариуцах юм.
Ер нь ямар учраас байсхийгээд л хөөрхий муу Х.Тэмүүжин сайдыг хэн нь мэдэгдэхгүй, хаанаас нь тодорхойгүй задарсан тархинууд оролдоод байгаа юм бол. Гуравхан сарын өмнө орой гэртээ амарч байхад нь цонхыг нь хага цохиод атгасан гар шиг том хар чулуу нисээд орж ирснийг үзүүлж л байсан. Тэр чулууг дурсгалтай юм гээд нандигнаад хадгалчихсанаа үзүүлж өрөвч нэгний нулимсыг унагаж байсан нь саяхан. Харин одоо залуу сайдын цуглуулганд аймшгийн захиа нэгээр нэмэгдлээ. Нэгээр нэмэгдлээ гэсний учир нь сайд өөрөө “За даа иймэрхүү захиа олон ирэх байлгүй дээ. Эхнийх нь энэ байх” гэсэн юм чинь.
Хөөрхий сайн муугаараа дуудуулсан ч манийхаа л төлөө өдөр шөнөгүй шар махтайгаа хатаж явдаг хэдэн муу улстөрчид өө гэж мөн ч их үйлтэй улс юм. Хэдхэн жилийн өмнө дөө. 1996 оны УИХ-ын гишүүн Х.Дашзэвэгийн гай таарч Да.Ганболдын өрөөнд хэсэг нөхөд их мөнгө тоолж байхыг харчихсан чинь ямар сүрхий аюул болох дөхлөө дөө. Хорхойд хоргүй номхон Х.Дашзэвэгийн өрөөний үүдэнд “муу хүмүүс” сум аваачин тавьж монголчуудыг хэдэн өдөр дээлтэй нь дэрчийтэл хатаасан удаатай. Тэгээд яах вэ дээ. Тэр өдрийн тэнгэр ивээж, номхон төлөг шиг муу Х.Дашзэвэг маань “сум Дашзэвэг” нэртэй хоцорч хоёр яс бүтэн салсан түүхтэй. Хэрвээ тэр сум дэвхэрч цовхроод дэлбэрсэн бол яана.
Ингээд бодохоор л мөн ч аюултай санагдаж, амьд явах баталгаагүй болчихоод байгаа юм даа. Хаа очиж манай Хууль зүйн сайд Х.Тэмүүжин залуу хүн болохоороо мөн ч их сэрэмжтэй, учрах аюулыг урьдчилан харж, нотлох баримтуудыг ланжгар сайн цуглуудаг хувилгаан шидтэй хүн юм. Худлаа гэвэл 2008 оны 7 сарын 1-ний жагсаал цуглаан дунд гүйж явсан таван сайхан залууг цагдаа нар халуун тугалгаар шүршиж, нөгөө ертөнцөд илгээсэн халуухан баримт болох “хонгио”-нуудыг нь Х.Тэмүүжин сайд л анх түрүүнд түмэн олонд дэлгэж, мөн ч их буян үйлдэж билээ. Харин хүнд нэр хоч өгөх дуртай манайхан “Хонгио Тэмүүжин” гэж цуураад байсан нь мөн ч хүний мөсгүй хэрэг шүү.
Одоо тэгээд хэрэг бишдэж, хөөрхий муу Х.Тэмүүжин сайдыг гэгээн цагаан өдөр аймаар муухай дарамталж, буцах хаяггүй захиагаар балбаад эхэллээ. Мөн ч жудаггүй хэрэг шүү.
Бодоод байх нь ээ Хууль зүйн сайдыг ингэж дарлаад байгаа юм чинь мань мэтийг гэгээн цагаан өдөр барилга дээрээс төмөр шидээд чадхийлгэчих бол үнэндээ чигчий хуруу хөдлөх төдийд л гүйцэлдэх ажил юм байна л даа. Ашгүй сайдын гэр орныг нь цагдаагийн хамгаалалтанд авсан дуулдсан. Одоо төрийн тусгай хамгаалалтанд авахгүй бол горьгүй нь.
Ер нь тэгээд том хар машинаасаа буудаггүй шахуу Х.Тэмүүжин сайдыг цаг минут тутамд аюул занал дагалдаж байхад өдөржингөө хоёр зээрдээрээ явган таваргаж ажлаа амжуулдаг мань мэт нь хором бүр үхэлтэй өрсөлдөж явдаг болж таараад байгаа юм. Мөн ч аюултай хорвоо юм даа. Одоогоор надад буцах хаяггүй “Ална, хядна” гэсэн үгтэй захиа ирээгүй л байна. Юмыг яаж мэдэх вэ. Эхлээд Х.Тэмүүжин сайдыг хамгаална биз. Дараа нь маний гаа төрийн тусгай хамгаалалтанд авч үз. Яагаад гэвэл би Монгол Улсын иргэн. Үндсэн хуулиараа амьд явах, амь насаа хамгаалуулах эрхтэй хүн шүү.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: