Эхлээд Х.Тэмүүжин сайдыгаа, дараа нь манийгаа төрийн хамгаалалтад авч үз

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд “Тэмүүжин новш оо” гэж эхлээд “Чиний амьдралыг эхлээд  там болгоно, ах дүү гэр бүлийн  хүмүүсийг чинь  толгой дараалан… ээлжлэн ээлжээр хам­гийн шилдэг аргаар гүй­цэтгэнэ. Эхлээгүй байгаа, цагийн зүү явж байгаа, далдганасан балай амьтан минь… Бид олуулаа чи бол  их ядуу, нөхөдгүй… хүний нүүр рүү эгц хар­даг­гүй  бэлтрэг шиг амьтан ш дээ…Бидэнд их мэдээлэл байна аа, намнана аа  машинтай явж байгаад л  аваар, хоол идээд л хордлого яг хажууд чинь цаг хараад алхаж байна” хэмээсэн аюултай сүрхий захидал ирж гэнэ.

Ирж гэнэ гэснээс одоо ч тэгээд улс хөгжиж, шинжлэх ухаан, техникийн дэвшлийн ач буянаар хаа хамаагүй буцах хаяггүй захидал шууд л хуулийн толгой дээр сууж байгаа сайдын гарт цаг минут алдалгүй шуугиад ирдэг болсон нь аштай юу даа.

Саяхан  даа. Манай нэгэн нэртэй бөх Дарханд сурч байхдаа нөгөө курсийнхээ оюутан бүсгүйд сэтгэл алдарч байж суух аргагүй болоод буцах хаяггүй захидал бичсэн хөгжилтэй түүхээ ярьж суухыг  нь сонссон. Мань эр сэтгэл зүрхээ онгичин нээсэн сүрхий захиагаа холбоонд аваачиж өгтөл буцах хаяггүй захидал  хүлээж авахгүй гээд шууданч бусгүй тас намжирдан буцаагаад шидсэн  тухай ярихдаа хүд хүд инээж л суусансан.

Харин  ардчилсан Монгол Улсын Хууль зүйн сайдын гарт бол буцах хаяггүй аймшгийн захидал дороо л шур­хийгээд оччихдог юм байна. “Улаанбаатар хот Баян­зүрх дүүрэг Жамцаас” гэсэн тодор­хойгүй  хаяг­­­тай аймаар захид­лыг Х.Тэмүү­жин сайдын гарт нь хүр­гэж, ажлын хариуц­лага алд­сан  Баянзүрх дүүр­гийн хол­­бооны хүүхнүүдийг толгой дараалан ажлаас нь хал­бал таарна. Буцах хаяг, хариу­цах эзэн­гүй аймшгийн тэр захиа нь ганц муу хуудас цаас  биш, тэсрэх бөмбөг бай­сан бол хэн хариуцах юм.

Ер нь ямар учраас байсхийгээд л хөөрхий муу Х.Тэмүүжин сайдыг хэн нь мэдэгдэхгүй, хаанаас нь тодорхойгүй задарсан тархинууд оролдоод байгаа юм бол. Гуравхан сарын өмнө  орой гэртээ амарч байхад нь цонхыг нь хага цохиод атгасан гар шиг том хар чулуу нисээд орж ирснийг үзүүлж л байсан. Тэр чулууг дурсгалтай юм гээд нандигнаад хадгалчихсанаа үзүүлж өрөвч нэгний нулимсыг унагаж байсан нь саяхан. Харин одоо залуу сайдын цуглуулганд аймшгийн захиа нэгээр нэмэгдлээ. Нэгээр нэмэгдлээ гэсний учир нь сайд өөрөө “За даа иймэрхүү захиа олон ирэх байлгүй дээ. Эхнийх нь энэ байх” гэсэн юм чинь.

Хөөрхий сайн муугаараа дуудуулсан ч  манийхаа л төлөө өдөр шөнөгүй шар махтайгаа хатаж явдаг хэдэн муу улстөрчид өө гэж мөн ч их үйлтэй улс юм. Хэдхэн жилийн өмнө дөө.  1996 оны УИХ-ын гишүүн Х.Дашзэвэгийн гай таарч Да.Ганболдын өрөөнд хэсэг нөхөд их мөнгө тоолж байхыг харчихсан чинь ямар сүрхий аюул болох дөхлөө дөө. Хорхойд хоргүй  ном­хон Х.Дашзэвэгийн өрөөний үүдэнд “муу хүмүүс” сум аваа­чин тавьж мон­голчуудыг хэдэн өдөр дээлтэй нь дэрчийтэл хатаасан удаатай. Тэгээд яах вэ дээ. Тэр өдрийн тэн­гэр ивээж, номхон төлөг шиг муу  Х.Дашзэвэг маань “сум Дашзэвэг” нэртэй хоцорч хоёр яс бүтэн салсан түүх­тэй. Хэрвээ тэр сум дэв­хэрч цовхроод дэлбэрсэн бол яана.

Ингээд бодохоор л мөн ч аюул­тай санагдаж, амьд явах баталгаагүй бол­чихоод байгаа юм даа. Хаа очиж манай Хууль зүйн сайд Х.Тэмүүжин залуу хүн болохоороо мөн ч их сэрэмж­тэй, учрах аюулыг урьд­чилан харж, нотлох ба­рим­туудыг ланжгар сайн цуг­луудаг  хувилгаан шид­тэй хүн юм. Худлаа гэвэл 2008 оны 7 сарын 1-ний жагсаал цуглаан дунд  гүйж явсан  таван сайхан залууг цагдаа нар халуун тугалгаар шүршиж, нөгөө ертөнцөд илгээсэн халуухан баримт  болох “хонгио”-нуудыг  нь Х.Тэмүүжин сайд л анх түрүүнд түмэн олонд дэлгэж, мөн ч их буян үйлдэж билээ. Харин хүнд нэр хоч өгөх дуртай манайхан “Хонгио Тэмүү­жин” гэж цуураад бай­сан нь мөн ч хүний мөс­гүй хэрэг шүү.

Одоо тэгээд хэрэг биш­дэж, хөөрхий муу Х.Тэ­мүүжин сайдыг гэгээн цагаан өдөр аймаар муухай дарам­­талж, буцах хаяггүй захиагаар балбаад эхэллээ. Мөн ч жудаггүй хэрэг шүү.

Бодоод байх нь ээ Хууль зүйн сайдыг ингэж дарлаад байгаа юм чинь мань мэтийг гэгээн цагаан өдөр барилга дээрээс төмөр шидээд чад­хийл­гэчих бол үнэндээ чиг­чий хуруу хөдлөх төдийд л гүй­цэл­дэх ажил юм байна л даа. Ашгүй сайдын гэр орныг нь цаг­даагийн хамгаалалтанд авсан дуулдсан. Одоо төрийн тус­гай хамгаалалтанд авах­гүй бол горьгүй нь.

Ер нь тэгээд том хар машинаасаа буудаггүй шахуу Х.Тэмүүжин сайдыг цаг минут тутамд аюул за­нал дагалдаж байхад өдөр­жингөө хоёр зээрдээрээ явган таваргаж ажлаа ам­жуул­даг  мань мэт нь  хором бүр  үхэлтэй өрсөлдөж явдаг болж таараад байгаа юм. Мөн ч аюултай хорвоо юм даа. Одоогоор надад буцах хаяггүй “Ална, хядна” гэсэн үгтэй захиа ирээгүй л байна. Юмыг яаж мэдэх вэ. Эхлээд Х.Тэмүүжин сайдыг хам­гаална биз. Дараа нь   маний гаа төрийн тусгай хамгаалалтанд авч үз. Яагаад гэвэл би Монгол Улсын ир­гэн. Үндсэн хуулиараа амьд явах, амь насаа хам­гаалуулах эрхтэй хүн шүү.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих