Х.Тэмүүжин сайд заналхийлсэн захидалд дарагдах бололтой
Өнгөрсөн долоо хоногт олны анхаарал татсан үйл явдал болгоны ард Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний нэр “хадаастай” байлаа. Х.Тэмүүжин сайдад заналхийлсэн захидал ирлээ, Х.Тэмүүжин Ц.Нямдорж хоёр төрийн албан хаагчдын эмнэлгийн байрнаас болж маргалдлаа. Х.Тэмүүжин сайд шөнийн цэнгээний газрын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, цагийг нь сунгах асуудлаар ярилцлаа гээд худалч хүнд Тэмүүжингүй зүйл байсангүй. Хууль зүйн шинэхэн сайд Х.Тэмүүжин өөрийг нь заналхийлсэн эзэнгүй захидлыг Шуудангийн 46 дугаар салбарын хаягаар хүлээн авчээ. Компьютерээр шивж, гараар дармалдан хаягласан “Бид чамайг юу хийж, хэнтэй уулзаж, хогийн амьтдаар өөрийгөө тойруулан худлаа мэдээлэл авч далдагнаж байгааг харж байгаа. Хэн мэдээлэл өгч бидний үр хүүхэд, удам судрыг гутааж байгааг мэдэж байгаа. Бидэнд их мэдээлэл байна аа. Намнана аа. Машинтай явж байгаад л аваар, хоол идээд хордлого. Яг хажууд чинь цаг хараад алхаж байна” гэх утгатай захидлыг тэрбээр ажлаасаа халагдсан цагдаагийн хурандаа нар ирүүлсэн болов уу гэж хардаж байгаа сураг дуулдсан. Энэ зөвхөн эхлэл, цаашид заналхийлсэн захидалд дарагдах байх гэдгээ ч хэлж байна. Хуучны гуравдугаар эмнэлгийн буурин дээр босч буй Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг баригдаж дуусахаас нь өмнө эмнэлэг хэвээр байлгах уу, оффис болгох уу гэсэн шуугиан гарч эхэллээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг нэгтгэж, шинэ барилгыг иргэд ороход чөлөөтэй шүүхийн барилга болгож болох юм гэсэн нь хүчнийхний эмчлүүлдэг эмнэлгийн эмч, ажилтнуудын зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ асуудлаасаа болж байнгын хорооны хурал дээр гишүүдэд “боорлуулж”, хуучин Хууль зүйн сайдтай маргалдаад амжсан юм. Эмнэлгийн газар авч үлдсэнд нь талархаж байгаа ч цэргийн төв эмнэлэгтэй нэгтгэж болох биш үү. Энэ барилгыг эгэл иргэдэд үйлчилдэг болгох ёстой гэсэн нь О.Баасанхүү, Ц.Нямдорж болон намын бусад гишүүдийнх нь дургүйг хүргэж маргаан мэтгэлцээнд хүрсэн нь өнгөрсөн өдрүүдийн гол дуулиан байлаа. Сайдын мэдэгдэлд дургүйцсэн нөхдүүд О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ зэрэг хэлтэй, амтай хэдэн гишүүдэд хов хүргэж, өөрсдийнхөө талд орохыг уриалаад амжсан. О.Баасанхүү гишүүн “Энэ асуудлыг Х.Тэмүүжин хэзээ ч ганцаараа дур мэдэн шийдэх эрхгүй. Байршлыг нь өөрчлөхийн тулд Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Хэлэлцүүлгээс л дэмжлэг авч байж нүүлгэх эсэх нь шийдэгдэнэ. Х.Тэмүүжингийн хувьд зүгээр л саналаа хэлсэн болов уу. Гэхдээ Засгийн эрх барьж байгаа олонхи болсон нам юу ч хийж магадгүй. Тиймээс л эмнэлгийнхэн айгаад байгаа хэрэг” хэмээн эмнэлгийнхний талд орсон байгаа юм. Хууль зүйн сайд энэ асуудлаар хэвлэлийн хурал зарлаж, шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийх ажлуудаа танилцуулсан. Тэрбээр, Хууль зүйн яамнаас ирэх жилд багтаан Хууль сахиулах яамдуудын дэд бүтцийг хөгжүүлэх талаар зорилт тавин ажиллаж, төсвөөс гардаг үрэлгэн зардлыг багасгахаар болжээ. Энэ дэд бүтцийг шийдэх талаар УИХ, Засгийн газарт хүсэлт тавьсан ч төсөвт хүндрэл учруулахгүйгээр гүйцэтгэх үүрэг даалгаврыг өгсөн байна. Шинэчлэлийн хүрээнд үрэлгэн төсвийг хумиж, тойргийн зохион байгуулалтад оруулах аж. Өөрөөр хэлбэл, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хоёр том хуулийн үйлчилгээний байгууламж байгуулах бөгөөд тус газарт 20-25 шүүх хуралдааны танхим байгуулах ажээ. Харин эмнэлгийн газрын асуудлаар “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг буй газрын эргэн тойронд бүхэлдээ Хууль зүйн яамны мэдэлд байгаа байгууллагуудын төв газар. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг иргэнд үйлчилдэг эмнэлэг биш. Цэргийн тусгай анги. Гэтэл тус эмнэлгийн удирдлага болон эмч ажиллагсад нийлсэн 30 гаруй хүн манай шийдвэрийг эсэргүүцэж, түр хороо байгуулсан. Офицерийн мөрдөс зүүж, бусад эмнэлгийн ажилтнуудаас 26 хувиар өндөр цалинждаг тус эмнэлгийн эмч ажилтнууд юуны өмнө цэргийн хүмүүс гэдгийг сануулмаар байна.Төрийн бодлого шийдвэрийг эсэргүүцэж байгаа бол цолоо хураалгаад ажлаа өгөх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Хэрвээ асуудал энэ хэвээрээ улс төржөөд явчихвал эмнэлгийн барилга Хууль зүйн яамны мэдлээс гарч, Эрүүл мэндийн яаманд шилжээд зогсохгүй, тэнд ажиллаж байгаа 200 гаруй эмч ажилчид өөрсдөө ажилгүй болох нөхцөл үүсэх юм байна. Энэ маргаантай асуудал цаашид хэрхэн шийдвэрлэгдэхийг харах л үлдлээ. Түүнчлэн, Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа шөнийн цэнгээний газрын эзэдтэй уулзсан асуудалд нийгэм анхаарал хандууллаа. Хууль зүйн яамнаас шөнийн цэнгээний газруудад стандарт тогтооно. Стандартад зааснаар тухайн цэнгээний газар гадна болон дотор талдаа шаардлага хангасан камер суурьлуулах, ойр орчмоо гэрэлтүүлэх, хамгаалалтын албатай, эмчилгээний өрөөтэй байх юм. Тавьж буй стандартыг дагаж мөрдвөл үйлчилгээний цагийг сунгах талаар хуульд тусгана. Хэрэв зөрчил дутагдал гаргаж, 21 насанд хүрээгүй хүнд архи худалдаалах буюу түүгээр үйлчилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна гэдгийг сайд хатуухан сануулаад амжсан. Энэ мэт сайн муу, саар мэдээллийн эзэн болсон сайдыг “долоо хоногийн дуулиант нөхөр”-өөр онцоллоо. Эх сурвалж: www.mminfo.mn
URL: