Би МАХН-ын нэрийн өмнөөс улстөрд орсон
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-“Хүн ам хөгжлийн асуудлаарх Азийн 28 дахь парламентчдын уулзалт”-д оролцох үеэрээ хүний амь аварсанд баяр хүргэе?
-Баярлалаа. Хүн амын насжилт болон байгаль орчинтой зүй бусаар харилцаж байгаа талаар Азийн 17 орны 30 гаруй төлөөлөгч оролцсон уулзалт Япон улсад тав хоног болсон. Мэдээж хуралдаанд оролцогчид өөр өөрийн оронд тулгамдаж байгаа болон болж буй асуудлуудын талаар санал солилцон, харилцан туршлага хуваалцлаа. Хуралдаанд оролцогсод өөр өөрийн орондоо хэрэгжүүлэхээр зөвлөмж бичиг гаргасан.
Хүний амь аварсан тухайд, уулзалтын хоёр дахь өдөр нь гэнэтийн явдал болсон. Японд байнга шахам газар хөдөлж, чичирхийлдэг. Бидний хуралдаж байсан газар ч мөн л газар хөдөлж байгаа нь мэдрэгдсэн. Тэгтэл намайг юм уншаад сууж байтал манай зөвлөх тэр хүний бие тавгүй байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд хартал нэлээд махлаг хүн их л хэцүү харагдсан. Би өөрийн мэдэлгүй л гүйгээд оччихсон. Нөгөө хүн маань бараг 160 орчим килограмм жинтэй байсан байх. Бие томтой, сандал дээрээ ухаангүй болчихсон, таталт өгөөд байсан. Сандлаас буулгах гэсэн чаддаггүй. Тэгтэл Шинэ Зеландын парламентын гишүүн тусалсан.
-Хэцүү гэхээр ямар шинж тэмдэг мэдэгдсэн гэж?
-Тухайн үед амиа алдаж буй хүний бүхий л шинж илэрсэн байсан. Оймсыг нь тайлаад үзэхэд хөл нь хөхрөөд, хөрчихсөн. Амьсгал байхгүй, зүрх зогссон, пульс нь мэдэгдэхгүй, үндсэндээ гадны хариу урвалгүй болчихсон байсан. Мэдээж би энд ирсэн хойноо бусад бүхий л шинж тэмдгийг нь хэлж болохгүй.
Шинэ Зеландын парламентын гишүүн надад туслан зүрхний массаж болон хиймэл амьсгаа ээлжлэн хийсэн. Энэ хугацаанд хоёр ч удаа амьсгаа оруулсны хүчинд хамгийн түрүүнд ирсэн тусламжийн багийнханд хүлээлгэн өгсөн.
-Халуун чихийг нь атгуулна гэдэг л болсон юм биз дээ. Одоо тэр хүний бие гайгүй юу?
-Үгүй ээ. 63 настай хүн юм билээ. Өнөөг хүртэл сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа.
Японд газар хөдлөлт их учраас аливаа дуудлага өгөхөд гал түймэртэй тэмцэх газар, түргэн тусламж, онцгой байдлын алба нь зэрэг ирдэг юм билээ. Тэр үйл явдлын маргааш Энэтхэгийн парламентын гишүүд талархал илэрхийлж, Токиогийн гал түймэртэй тэмцэх газрын дарга нь жуух бичиг гардуулсан.
-Их л сургамжтай зүйл болж дээ?
-Тэгсэн. Гэхдээ ганц надаас шалтгаалсан асуудал биш байх гэж миний хувьд дүгнэж байгаа. Монгол хүн хэн ч байлаа гэсэн тэр үед анхны тусламж үзүүлэх, яаралтай арга хэмжээ авах л байсан байх. Яагаад гэвэл монголчуудын хэнийг ч ялгалгүй тусалдаг мөн чанар гэж байдаг. Тэр л сэтгэлээр хандсан. Тэгэхэд хуралд оролцогч бусад орны төлөөлөгчид хуруугаа ч хөдөлгөхгүй, хараад л суугаад байсан.
Мөн олон улсын чуулга уулзалтад оролцогчид цаг агаар болон ахуйн аливаа өөрчлөлтөөс болоод ямар нэгэн байдлаар бие нь, эрүүл мэндэд нь өөрчлөлт гардаг. Тэр тохиолдолд хэдий өндөр хөгжилтэй орон ч гэлээ анхны тусламж үзүүлж, арга хэмжээ авах нөхцөлөө орхигдуулсан байдаг юм байна гэсэн бодол төрж байсан шүү.
-Эзгүй хойгуур тань эвслийн үйл явц олны анхаарлыг нэлээд татсан. Мэдээж та зах зухаас нь сонсоо байлгүй?
-Ирснээсээ хойш Ц.Цолмон гишүүнтэй уулзаж, ярилцаагүй байна. МАХН-д элссэн нь хувь хүний асуудал, сонголт. Тэгээд ч манай улсад хэн нэгэн аль нэг нам, эвслээс гарч нөгөөд элсдэг нь энгийн үзэгдэл болоод удаж байна шүү дээ.
Арай өөр анцгөөс харж байгаа хүмүүс ч байгаа байх. Харин байнгын хорооны даргын хувьд МҮАН-ын гишүүнчлэлээр сонгогдсон нь үнэн. Яах вэ, МАХН-ын хоёр гишүүн байнгын хороог толгойлж байна хэмээн намын болон бүлгийн нөхөд ямар нэгэн шийдвэр гаргавал дагаж хэрэгжүүлэхэд татгалзах зүйл надад лав байхгүй.
-Таныг байнгын хорооны даргын суудлаа өг гэвэл татгалзахгүй нь гэж ойлгож болох уу?
-УИХ-ын гишүүн байна гэдэг хамгийн эрхэм шүү дээ. Түүнээс би шунасандаа байнгын хороон дарга болоогүй гэдгээ анх томилогдсон цагаасаа хэлж байсан.
-“Шударга ёс” эвслийнхэн албан тушаалтай холбоотойгоор дотоодын асуудал нь хурцдаж эхлээд байна уу?
-Би МАХН-ын гишүүнчлэл, нэрийн өмнөөс улстөрд хөл тавьсан. Тэр ч утгаараа намынхаа үзэл баримтлалаас ухрахгүй. Эвслийн үзэл баримтлал ч намынхад тулгуурласан.
Эвсэл хөлөө жийлцэж байгаа талаар улстөрийн томилгоо хийгдэж эхлэх үеэс л яригдсан. Масс аливаа асуудлыг өнгөц харж, үзэгдэл талаас нь дүгнэлт хийгээд байх шиг санагддаг. Өдгөө УИХ-д сууж буй гишүүд МАХН, МҮАН-ын нэрээр парламентад суугаагүй. “Шударга ёс” эвслийн өмнөөс гишүүн болсон учраас бид энэ нэр хүнд болон сонгогчдын итгэлийг алдахгүйн төлөө чадах чинээгээрээ ажиллана гэсэн байр сууринаасаа ухраагүй.
-Тэгвэл “Шударга ёс” эвслийн 11 дэх гишүүний асуудлыг яагаад хойш тавиад байгаа юм бэ?
-Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүний тангаргаа бидэнтэй хамт өргөвөл өргөх л байсан. Өнөөг хүртэл хүлээж байгаа нь намын даргыг эрүүл мэнддээ хохирол учруулан байж юуны төлөө тэмцэлдэж, хууль шүүхийн байгууллагын алдаа, дутагдлыг биеэр амсан, зовсныг болон намын гишүүдийн дэмжлэг зэргийг ойлгон, хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй хандаж байгаагийн илэрхийлэл.
Дахиад хоёр шатны шүүхийн шийдвэр гарах ёстой. Энэ бүхнийг хүлээж байгаа нь Ц.Оюунбаатарын ёс зүй хэр өндөр вэ гэдгийг харуулж байгаа юм. Ер нь хэн ч байсан ингэж хүлээх нь гарцаагүй үнэн.
-“Шударга ёс” эвсэл орон нутгийн сонгуульд салж оролцох тухай яригдаж байсан. Ямар шийдэлд хүрсэн бэ?
-Ялалт байгуулах бололцоогоо судалсны үндсэн дээр хэрхэн оролцох шийдвэрээ тухайн орон нутгийнхан шийдэхээр болсон. Хамтарч оролцсон ч болно. Магадгүй зарим газар сонгуульд дангаараа өрсөлдөх нь зүйтэй гэдэг шийдвэр гаргаж ч болох юм.
-Тэгвэл эмэгтэйчүүдийн квотыг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Эвсэж байгаа газартаа УИХ-ын сонгуульд оролцохдоо эвслийн зүгээс баримталсан квотоор оролцох байх. Харин дангаараа оролцох нөхцөлд намын дүрмийн дагуу зохицуулалт хийгдэнэ.
Гэхдээ зарим орон нутагт бүр квот тогтоох шаардлага гарахгүй ч байж магадгүй юм билээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: