Би МАХН-ын нэрийн өмнөөс улстөрд орсон

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-“Хүн ам хөгжлийн асуудлаарх Азийн 28 дахь парламентчдын уулзалт”-д оролцох үеэрээ хүний амь аварсанд баяр хүргэе?

-Баярлалаа. Хүн амын насжилт болон байгаль орчинтой зүй бусаар ха­рилцаж байгаа талаар Азийн 17 орны 30 гаруй төлөөлөгч оролцсон уулзалт Япон улсад тав хоног болсон. Мэдээж хуралдаанд оролцогчид өөр өөрийн оронд тулгамдаж байгаа болон болж буй асуудлуудын талаар санал солилцон, харилцан турш­лага хуваалцлаа. Хуралдаанд оролцогсод өөр өөрийн орондоо хэрэгжүүлэхээр зөв­лөмж бичиг гаргасан.

Хүний амь аварсан ту­хайд, уулзалтын хоёр дахь өдөр нь гэнэтийн явдал болсон. Японд байнга шахам газар хөдөлж, чичирхийлдэг. Бидний хуралдаж байсан газар ч мөн л газар хөдөлж байгаа нь мэдрэгдсэн. Тэгтэл намайг юм уншаад сууж байтал манай зөвлөх тэр хүний бие тавгүй байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд хартал нэлээд махлаг хүн их л хэцүү харагдсан. Би өөрийн мэдэлгүй л гүйгээд оччихсон. Нөгөө хүн маань бараг 160 орчим килограмм жинтэй байсан байх. Бие томтой, сандал дээрээ ухаан­гүй болчихсон, таталт өгөөд байсан. Сандлаас буулгах гэсэн чаддаггүй. Тэг­тэл Шинэ Зеландын пар­ламентын гишүүн тусалсан.

-Хэцүү гэхээр ямар шинж тэмдэг мэдэгдсэн гэж?

-Тухайн үед амиа алдаж буй хүний бүхий л шинж илэрсэн байсан. Оймсыг нь тайлаад үзэхэд хөл нь хөх­рөөд, хөрчихсөн. Амьсгал байхгүй, зүрх зогссон, пульс нь мэдэгдэхгүй, үндсэндээ гадны хариу урвалгүй бол­чихсон байсан. Мэдээж би энд ирсэн хойноо бусад бүхий л шинж тэмдгийг нь хэлж болохгүй.

Шинэ Зеландын пар­ла­ментын гишүүн надад туслан зүрхний массаж болон хий­мэл амьсгаа ээлжлэн хийсэн. Энэ хугацаанд хоёр ч удаа амьс­гаа оруулсны хүчинд хам­гийн түрүүнд ирсэн тус­­ламжийн багийнханд хүлээлгэн өгсөн.

-Халуун чихийг нь ат­гуулна гэдэг л болсон юм биз дээ. Одоо тэр хүний бие гайгүй юу?

-Үгүй ээ. 63 настай хүн юм билээ. Өнөөг хүртэл сэ­хээн амьдруулах тасагт эмч­лүүлж байгаа.

Японд газар хөдлөлт их учраас аливаа дуудлага өгөхөд гал түймэртэй тэмцэх газар, түргэн тусламж, онц­гой байдлын алба нь зэрэг ирдэг юм билээ. Тэр үйл явдлын маргааш Энэтхэгийн парламентын гишүүд та­лархал илэрхийлж, То­кио­гийн гал түймэртэй тэмцэх газ­рын дарга нь жуух бичиг гардуулсан.

-Их л сургамжтай зүйл болж дээ?

-Тэгсэн. Гэхдээ ганц на­даас шалтгаалсан асуудал биш байх гэж миний хувьд дүгнэж байгаа. Монгол хүн хэн ч байлаа гэсэн тэр үед анхны тусламж үзүүлэх, яаралтай арга хэмжээ авах л байсан байх. Яагаад гэ­вэл монголчуудын хэнийг ч ялгалгүй тусалдаг мөн чанар гэж байдаг. Тэр л сэтгэлээр хандсан. Тэгэхэд хуралд оролцогч бусад ор­ны төлөөлөгчид хуруугаа ч хөдөлгөхгүй, хараад л суу­гаад байсан.

Мөн олон улсын чуулга уулзалтад оролцогчид цаг агаар болон ахуйн аливаа өөрчлөлтөөс болоод ямар нэгэн байдлаар бие нь, эрүүл мэндэд нь өөрчлөлт гардаг. Тэр тохиолдолд хэдий өндөр хөгжилтэй орон ч гэлээ анхны тусламж үзүүлж, арга хэмжээ авах нөхцөлөө орхигдуулсан байдаг юм байна гэсэн бодол төрж байсан шүү.

-Эзгүй хойгуур тань эвс­лийн үйл явц олны анхаарлыг нэлээд татсан. Мэдээж та зах зухаас нь сонсоо байлгүй?

-Ирснээсээ хойш Ц.Цолмон гишүүнтэй уул­заж, ярилцаагүй байна. МАХН-д элссэн нь хувь хүний асуудал, сонголт. Тэ­­гээд ч манай улсад хэн нэ­гэн аль нэг нам, эвслээс гарч нөгөөд элсдэг нь энгийн үзэг­дэл болоод удаж байна шүү дээ.

Арай өөр анцгөөс харж байгаа хүмүүс ч байгаа байх. Харин байнгын хорооны даргын хувьд МҮАН-ын ги­шүүнчлэлээр сонгогдсон нь үнэн. Яах вэ, МАХН-ын хоёр гишүүн байнгын хороог толгойлж байна хэмээн намын болон бүлгийн нөхөд ямар нэгэн шийдвэр гаргавал дагаж хэрэгжүүлэхэд тат­галзах зүйл надад лав байхгүй.

-Таныг байнгын хорооны даргын суудлаа өг гэвэл татгалзахгүй нь гэж ойлгож болох уу?

-УИХ-ын гишүүн байна гэдэг хамгийн эрхэм шүү дээ. Түүнээс би шунасандаа байнгын хороон дарга бо­лоогүй гэдгээ анх томи­логдсон цагаасаа хэлж байсан.

-“Шударга ёс” эвслийн­хэн  албан тушаалтай хол­боотойгоор дотоодын  асуу­дал нь хурцдаж эхлээд байна уу?     

-Би МАХН-ын гишүүнч­лэл, нэрийн өмнөөс улстөрд хөл тавьсан. Тэр ч утгаараа намынхаа үзэл баримтлалаас ухрахгүй. Эвслийн үзэл ба­римтлал ч намынхад тулгуурласан.

Эвсэл хөлөө жийлцэж байгаа талаар улстөрийн томилгоо хийгдэж эхлэх үеэс л яригдсан. Масс аливаа асуудлыг өнгөц харж, үзэг­дэл талаас нь дүгнэлт хийгээд байх шиг санагддаг. Өдгөө УИХ-д сууж буй ги­шүүд МАХН, МҮАН-ын нэрээр парламентад суу­гаа­гүй. “Шударга ёс” эвслийн өмнөөс гишүүн болсон уч­раас бид энэ нэр хүнд бо­лон сонгогчдын итгэлийг ал­дахгүйн төлөө чадах чинээ­гээ­рээ ажиллана гэсэн байр сууринаасаа ухраагүй.

-Тэгвэл “Шударга ёс” эвслийн 11 дэх гишүүний асуудлыг яагаад хойш тавиад байгаа юм бэ?

-Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүний тангаргаа бидэнтэй хамт өргөвөл өргөх л байсан. Өнөөг хүртэл хүлээж байгаа нь намын даргыг эрүүл мэнд­дээ хохирол учруулан байж юуны төлөө тэмцэлдэж, хууль шүүхийн байгууллагын алдаа, дутагдлыг биеэр ам­сан, зовсныг болон намын гишүүдийн дэмжлэг зэргийг ойлгон, хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй хандаж бай­гаагийн илэрхийлэл.

Дахиад хоёр шатны шүү­хийн шийдвэр гарах ёс­той. Энэ бүхнийг хүлээж бай­гаа нь Ц.Оюунбаатарын ёс зүй хэр өндөр вэ гэдгийг харуулж байгаа юм. Ер нь хэн ч байсан ингэж хүлээх нь гарцаагүй үнэн.

-“Шударга ёс” эвсэл орон нутгийн сонгуульд салж оролцох тухай яригдаж байсан. Ямар шийдэлд хүрсэн бэ?

-Ялалт байгуулах болол­цоогоо судалсны үндсэн дээр хэрхэн оролцох шийдвэрээ тухайн орон нутгийнхан шийдэхээр болсон. Хамтарч оролцсон ч болно. Магадгүй зарим газар сонгуульд дан­гаараа өрсөлдөх нь зүйтэй гэдэг шийдвэр гаргаж ч болох юм.

-Тэгвэл эмэгтэйчүүдийн квотыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Эвсэж байгаа газартаа УИХ-ын сонгуульд орол­цохдоо эвслийн зүгээс барим­талсан квотоор оролцох байх. Харин дангаараа орол­­цох нөхцөлд намын дүр­мийн дагуу зохицуулалт хийгдэнэ.

Гэхдээ зарим орон нутагт бүр квот тогтоох шаардлага гарахгүй ч байж магадгүй юм билээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих